Т.САЙХАН

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өчигдөр манай улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой  албан ёсны хэлэлцээ хийв. Сайд нар Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэж, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв.


Мөн өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр талын тохирсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд, томоохон арга хэмжээ, төслүүдийн  талаар  санал солилцов. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг сайд нар тэмдэглэв. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Б.Батцэцэг сайд онцолж, энэ хүрээнд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолой төслийн хэрэгжилт хуваарийн дагуу хэвийн явж байгааг тэмдэглэж, зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр зам барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй ажлыг танилцуулав. Мөн “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг урагшлуулах, сүүлийн үед хоёр улсын худалдааны салбарт гарч буй бэрхшээлүүдийг даван туулах арга замыг тодорхойлох талаар хоёр улсын сайд нар дэлгэрэнгүй ярилцлаа.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Оросын бүс нутгийн харилцаа сүүлийн үед эрчимжиж байгааг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааны шинэ боломжууд бий болж буй нь хоёр талын худалдааг дэмжих нөхцөлийг бүрдүүлж байгааг дурджээ. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд соёл, урлагийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, иргэд хоорондын шууд харилцааг хөхиүлэн дэмжих, олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцож, тус тусын байр сууриа илэрхийлж хамтарсан мэдэгдэл хийлээ. 

 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Энэ жил хоёр орны харилцааны нэгэн шинэ зууныг эхлүүлээд байна

-Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Улаанбаатар болон Москва хотод тэмдэглэн өнгөрүүлж, энэ жил бид харилцааны хувьд нэгэн шинэ зууныг эхлүүлээд байна. Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад баяртай байна. Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалдаа эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна.  Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсан. Үүнийг улам сайжруулах бүрэн боломжтой гэж үзлээ. 

 

 

Гадаад хэргийн сайд С.В.Лавров: Худалдааны эргэлт 45 хувиар нэмэгдээд байна

-Өнөөдрийн яриа хэлэлцээр амжилттай болж өнгөрлөө. Манай хоёр улсын хооронд сайн хөршийн харилцаа олон чиглэлээр хөгжиж байна. Хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар бид санал солилцсон. Мөн 2019 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан.  Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй гэдэгт хоёр тал санал нэгдсэн. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал, хориг арга хэмжээг бүрэн авсаны дараа манай хоёр талын хамтын ажиллагаа сэргэж эхэлснийг онцлон тэмдэглэж, өнгөрсөн онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн  ОХУ-д хийсэн айлчлалын ач холбогдлыг өндрөөр үнэлж, бусад хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж байна. Манай хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд худалдаа 30 хувиар өссөн бол энэ оны эхний хагас жилд 45 хувиар нэмэгдээд байна. 
Тэгвэл өчигдөр үдээс хойш ОХУ-ын сайд С.В.Лавров Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар,Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхав.
Энэ үеэр Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны арван хоёрдугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.
Цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад талууд анхаарах шаардлагатайг дурдав.
Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжлав.
Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)