Т.САЙХАН

 

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат  төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. Тэрбээр “Тус байнгын хороонд харьяалах газруудын санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, дөрвөн байгууллагад “зөрчилгүй”, хоёр байгууллагад “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн” гэлээ. 


Аудитын дүгнэлтэд Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 333.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 324.6 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.7 тэрбум төгрөгийн 28 зөрчилд төлбөрийн акт, 3.5 тэрбум төгрөгийн 63 зөрчилд албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн зургаан зөрчилд хариуцлага тооцуулах санал, 2.4 тэрбум төгрөгийн 92 зөрчилд зөвлөмж өгсөн байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 121.4 тэрбум төгрөгөөр буурчээ.


Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 100 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж, аудитын явцад залруулсан байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 60 сая төгрөгөөр өссөн байна.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын  эрхлэх ажлын хүрээнд 1.392.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 106.3 тэрбум төгрөгийн 41 алдааг залруулж, 4.8 тэрбум төгрөгийн зөрчилд 17 төлбөрийн акт, 304.8 тэрбум төгрөгийн 60 зөрчилд албан шаардлага, 976.5 тэрбум төгрөгийн зөрчилд 61 зөвлөмж өгчээ. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 983.5 тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг тус тус дурьдлаа.


 Улмаар цаашид төсвийн ерөнхийлөн захирагч нарыг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байгаа албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг асуудлаар зөвлөмж хүргүүлжээ.  Байнгын хорооны гишүүдийн зүгээс ч цаашид Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 5. Мягмар гараг. № 131 (6863)