Т.САЙХАН

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас УИХ-ын сонгуулийн тогтолцоонд пропорциональ систем ашиглах боломжийг нээсэн шийдвэрийг гаргасан. Тус шийдвэртэй  холбоотойгоор өчигдөр үдээс өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийсэн бол үдээс хойш УИХ-ын гишүүн Т.Доржханд хариу мэдэгдэл хийсэн юм.  Тэдний байр суурийг хүргэж байна. 

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц хууль зөрчлөө

-Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх байна гэж заасан. Гэвч Цэц өмнө гаргасан шийдвэрүүдээсээ буцаж, Үндсэн хуулиа зөрчлөө. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл. Үндсэн хуульд зааснаар ард түмэн төрийн эрхийг УИХ-аар дамжуулан барина гэж заасан. Тэгээд УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэж заасан. Харин цэцийн дүгнэлтээр иргэд хүн биш нам дугуйлдаг болно. Ингэснээр намын төлөөлөл, нам нь төрийн эрх барина гэсэн үг. Төрийн эрх ард түмний гарт байсан бол намын гарт шилжлээ. Тиймээс Цэцийн гишүүдийг огцруулах шаардлагаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Цэцийн гишүүдийг томилуулах саналыг УИХ-д гурван субъект оруулдаг. Гурван гишүүнийг Ерөнхийлөгч, гурван гишүүнийг УИХ, гурван гишүүнийг Дээд шүүх. Энэ эрх бүхий гурван субъектэд цэцийн гишүүдийг эгүүлэн татах шаардлага хүргүүлнэ. Мөн Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний хууль бус үйлдлийг цэц өөрөө дүгнэсэн байх ёстой. Үүнд үндэслэн УИХ-ын гишүүний хувьд УИХ-аар дамжуулан "Үндсэн хуулийн цэц"-д өөрт нь хууль зөрчсөн асуудлаар хүсэлт гаргаж байна. Тодруулбал, миний хүсэлтийг хуулийн дагуу 14 хоногийн дотор Хууль зүйн байнгын хороо нэг бүрчлэн хэлэлцэх ёстой. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулганаар хүсэлтийг шийдвэрлэх ёстой.

 

Т.Доржханд: гишүүн ээ, хуулиа сайн судла

-Ц.Даваасүрэн гишүүн Үндсэн хуулийн цэцээ сайн судлаж байгаад мэдэгдэл хийхгүй дээ гэж харамсаж байна.  Цэцийн шийдвэр нь Монгол Улс цаашдаа олонхийн тогтолцоогоор явдаг шийдвэр нь буруу байна. Харин хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглах хууль эрх зүйн орчин нь одоо хүртэл байгаа. Үүнийгээ тодорхой болгож эцсийн шийдвэр гарсан юм. Гаргахдаа есөн гишүүн хуралдаж, Их суудлын хурлаараа гаргасан шүү. Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ 2015 оны цэцийн шийдвэр их суудлаараа гарсан гэдэг худал мэдээлэл өгч байна.

Тэр бол дунд суудлаар гарсан юм аа. 2016 онд сонгууль эхлэхээс сарын өмнө ҮХЦ дээр шийдвэр гарсан байдаг. Тухайн үеийн эрх барьж байгаа нам болоод зарим нэг улстөрчдийн захиалгын дагуу сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Сонгууль болохын өмнө эрх баригч нам нь өөрсдөдөө зориулж хууль хийдэг. Ингэснээр иргэд ямар сонгуульд орох гэж байгаагаа мэддэггүй.Яг ийм байдлаар 2016 онд дунд суудлын хурлаар шийдвэр гарсан. Үүнийг нь УИХ хүлээж аваад тогтоол гаргаад 2016 оны сонгууль ердөө сарын дараа мажератор тогтолцоогоор явсан байдаг. Өнөөдөр Монголын улс төрд цаашдаа энэ улс маань Ардчилсан улс байх юм уу, эсвэл тойргоо угсарчихсан, намынхаа системд найдчихсан ийм хөгшин улстөрчдийн парламент байх юм уу гэдэг дээр шийдвэр гарсан шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 128 (6860)