Б.ДАРЬСҮРЭН

 

Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн ихэнх хэсгийг нуруун дээрээ үүрч явдаг нь Өмнөговь аймаг. Өөрөөр хэлбэл хамгийн баян аймаг гэгддэг. Хэдийгээр аймаг нь “баян” боловч иргэдийнх нь эрх зөрчигдөж байгаа нь чуулганы үеэр харагдаж байлаа.

УУХҮЯ, Өмнөговь аймгийн ЗДТГ, “Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” хамтран энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Даланзадгад хотноо зохион байгуулав. Чуулганд салбар яамдын удирдлага, ажлын хэсэг мөн говийн аймгуудын удирдлага тэргүүтэй 300 гаруй төлөөлөгчид оролцлоо. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УУХҮЯ-ны сайд Г.Ёндон нарын мэндчилгээгээр эхэлсэн энэ үйл ажиллагаа уул уурхайн компаниудын танилцуулгаар үргэлжилж, салбарын хүрээнд хэрэгжүүлэх ажлууд, гүйцэтгэлийн явцын талаар танилцуулсан юм. Танилцуулгаас онцлоход,

-Монгол Улсын хилийн бүсийн газар нутгийг судлаж, геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтыг тогтоож, үүсч болзошгүй маргааныг шийдвэрлэх баримт болгох

-Геологийн төрөл бүрийн судалгааны ажлыг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэх газруудад түлхүү хэрэгжүүлснээр авто зам, төмөр замын барилгын ажилд шаардлагатай ашигт малтмалын нөөцийг тогтоох

-Хүн амын суурьшил ихтэй, үйлдвэрлэл хөгжиж буй газруудын хөрс, ургамал, агаар, усны бохирдол ихэсч байгаатай холбогдуулан геоэкологи, гидрогеологийн судалгааны ажил нь хөрс, усыг бохирдуулагч элментүүдийн тархалтыг судлах,

-Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр эрэлт ихтэй, энергийн түүхий эдийг судлан экспортын чиг хандлагыг тодорхойлох

-Төрөл бүрийн судалгааны ажлын мэдээллийг бүхий л салбарт зэрэг ашиглах нөхцлийг бүрдүүлж, ашигт малтмалын газрын тархалтын зүй тогтол, хэтийн төлвийг тодорхойлох гэсэн зорилгуудыг геологийн судалгааны ажилд баримтлах аж. Геологийн судалгааны ажилд шаардагдах төсвийг жил бүр нэмэгдүүлсээр ирсэн байна. Задалж үзвэл, 2017 онд 12.2 тэрбум төгрөг байсан бол өссөөр энэ онд 27.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн УУХҮЯ-наас хэлсэн юм.

Чуулганы үеэр “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уул уурхайн 232 тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс 2017 онд 33, 2018 онд 19, 2019 онд 71, 2020 онд 109 байна. Тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй. Энэ онд 400 болгож, 2024 он гэхэд 500-д хүргэх төлөвлөгөөтэй байна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Монгол Улс 1.1 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн авч байна. Нүүрсний экспортыг  2024 он гэхэд 50 саяд хүргэх зэрэг зорилтуудыг тавьсан гэв.

БОАЖЯ-наас уул уурхайн ажлын дараах нөхөн сэргээлтэд баримтлах бодлогуудын талаар танилцууллаа. Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон газруудын нөхөн сэргээлтэд 27.5 тэрбум төгрөг зарцуулсан гэлээ. “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд 2021-2030 онд уул уурхайн үйл ажиллагаанаас болж, бохирдож эвдэрсэн газрын хэвлийг нөхөн сэргээх ажлын үр дүнг дээшлүүлэх ажиллагааг хэвшүүлнэ. Хүчтэй болон нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон газрыг 22.9 хувиас хэтрүүлэхгүй барьж, уул уурхайн ажиллагааны улмаас эвдэрсэн 8000 га талбайд нөхөн сэргээлт хийнэ” гэв. Эвдэрсэн газрын тооллогыг өнгөрсөн онд хийхэд нийт 24347 га талбай байснаас нөхөн сэргээгдэх шаардлагатай талбайн хэмжээ 9381 га талбай байгааг мэдэгдэв. Чуулганд оролцогчдын төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ.

УУХҮЯ-ны Судалгаа хөрөнгө оруулалтын газрын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал: ОЛБОРЛОЛТОД ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

 

-Олон улсад эрдэс баялгийн салбарт 2050 он гэхэд өнгөт болон хар металлын хэрэгцээ 6.7 дахин нэмэгдэх тооцоолол байна. Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг 2020 онд баталсан. Улсын хэмжээнд 50 мянган геологийн зураглал 40 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 60 хувьд нь ямар баялаг байгааг тогтоогоогүй гэсэн үг. Олборлолтод технологийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Үүнийг Ашигт малтмалын хуулинд тусгах шаардлагатай. Энэ хууль нь өнөөдрийн байдлаар 260 гаруй давхардал, 150 гаруй зөрчилтэй байна. Анх батлагдсанаас хойш 290 гаруй нэмэлт өөрчлөлт орсон. Нэг хуулийн заалт гарах гэж 4-5 шат дамжиж байна. Шинэчилсэн найруулгаар уурхай нээснээс хойш хааж, нөхөн сэргээлт хийх явцыг тусгасан. Мөн “Эрдэс баялгийн тухай хууль” өргөн барьсан. Энэ хуулинд зах зээлийн үнээр борлуулах буюу гуравдагч хөршид шударга, тэгш оролцооны зарчмаар борлуулахыг тусгасан. Үндэсний баялагийн сан нь тодорхой өгөөжтэй төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, хуримтлал үүсгэнэ. Дотоодын бусад салбаруудаа дэмжиж, хөрөнгө оруулалт хийнэ Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогын хүрээнд 2022-2030 онд 13 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Ийнхүү чуулганд оролцсон яамд, байгууллагын төлөөлөл өөрсдийн хийсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан бол хэлэлцүүлгийн явцад иргэд албаныхнаас асуулт асууж, зарим шаардлагуудыг хүргүүлж байлаа. 

 

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх: ЧУУЛГАНД ҮНДСЭН ХОЁР ЗОРИЛТ ТАВИН ОРОЛЦСОН

 

-Бид чуулганд үндсэн хоёр зорилт тавин оролцсон. Нэгдүгээрт, Говийн бүсийн дөрвөн аймагт уул уурхай, тээврийн үйл ажиллагаа, байгаль орчинд нөлөөлөхүйц төслүүд яригдаж байгаа. Эдгээр төслийн талаар орон нутгийн болон төрийн захиргааны байгууллага, яамд, компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын ямар асуудал шийдэлтэй байгаа талаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж, олон нийтэд хандсан зөвлөмж хүргүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаарт, Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд, төсөл хэрэгжүүлж буй байгууллагууд бий. Эдгээрийн хэрэгцээтэй байгаа хүний нөөц, орон нутгаас ирэх бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн зохион байгууллаа. Үүнд нийт 32 үйлдвэрийн 1080 ажлын байр зарлагдаж, олон иргэд бүртгүүлж байгаад баяртай байна.

 

ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон: Ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад өндөр шаардлага тавих хэрэгтэй

 

-Өмнө нь бид дангаараа ил тод байдлын бүсийн чуулган зохион байгуулсан. Энэ жил анх удаа харьяа яамд, тамгын газруудтай хамтарч зохион байгууллаа. Чуулган бол зүгээр “ил тод” гэдэг нэрийн дор биш, үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байж чаддаг эсэхэд хяналт тавьж, цаашид юунд анхаарах вэ? гэх дүгнэлтийг хийхэд дөхөм болсон. Ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад тавих шаардлага нь өндөр байх ёстой. Манайд энэ тал дээр дутагдалтай байна. “Ашит малтмалын тухай хууль”-ийн 48.10-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тайланг ил тод гаргах ёстой. Гаргаагүй тохиолдолд МХЕГ хянаж шаардлага тавих үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч МХЕГ энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа. Бид гурван ч удаа хандсан. Эргээд ямар нэг хариу ирүүлээгүй.

 

Дорноговь аймгийн Мандах сумын иргэн н.Олдохбаяр: Мал, иргэд уух усгүй болж байна

 

-Говийн бүсийн уулзалт гэчихээд Дорноговь аймгийг ерөөсөө ярихгүй байна. Манай аймгийн Даланжаргалан, Мандах сум хамгийн их лицензтэй. Хоёр багийн хоорондох газрыг “Түмэн-Айл” гэдэг компани ухах гэж байна. Бид энэ газраа отрын бүс нутаг гэж бууц хураадаг. Мөн Хатанбулаг, Хөвсгөл, Мандах сумдын зааг дээр “Говь энержи” компани уурхай ухаж эхэлсэн. Тэндээс нааш мал усладаг 6-7 урсгал ус ширгэсэн. Уурхай ашиглалтад орвол сумын иргэд байтугай мал ч уух усгүй болно.

 

Өмнөговь аймгийн иргэн н.Ундармаа: ХҮНИЙ ЭРХ ОРХИГДОЖ БАЙНА

 

-Яагаад хүний эрх яригдахгүй байна вэ? Уул уурхайгаас болж мал амьтан, хүний эрх зөрчигдөж байна. Говийн гурван аймгийн хэлэлцүүлэг болно гэж дарга нар л ирсэн байна. Иргэд алга байна. Иргэн байж улс оршин тогтнодог. Тавдугаар сарын 27-нд Ерөнхий сайд ирэхдээ боомтыг түдгэлзүүлнэ гэж хэлсэн. Албан хариугаа одоо болтол өгөөгүй. Мал, ан амьтан бэлчдэг газраас торон хашаагаа авч хаяаач ээ. Амьтад хашаа мөргөж үхэж байна. Янзага төллөдөг үеэр олон тооны Зээр үхдэг. Мөн аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны газарт удаа дараа хэлсэн. Тэгэхээр баримт авчир гэдэг. Зураг харж итгэдэг болсон юмуу? Яагаад иргэддээ итгэхээ больсон юм? Харин иргэд чинь та нарт итгэхээ болилоо. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд юу хийв? Манай аймгийн хувьд хамгийн их ган гачигтай. Амьтан битгий хэл, хүн амьдрах нөхцөлгүй болж байна.

 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын иргэн н.Цэрэндулам: УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА. ЭНЭ 100 ЖИЛД ЯМАР Ч УЯЛДАА ХОЛБООГҮЙ АЖИЛЛАЖЭЭ

 

Уул уурхайн салбарын 100 жилийн ой тохиож байна. Энэ 100 жилд ямар ч уялдаа холбоогүй ажиллажээ. Нэг байгууллагаас мэдээлэл авч нөгөө байгууллага дээр очихоор юу ч мэддэггүй. Бэлчээрийн талбайг унаган байдалд нь эргэж оруулах юм гэнэ. Тэрэнд чинь та бидний үе, дараагийн үе хүрэхгүй. Хөрсийг нь нэг л хуулсан бол тийм хурдан хэвийн байдалдаа ордоггүй юм. Тусгай зөвшөөрлийг 4955 байснаас 861 болгосон. Хайгуулын талбай гурван хувь, тусгай зөвшөөрөл нэг хувь, шинээр хөндөгдөж буй талбай 0.1 хувийг эзэлж байна гэлээ. Энд хүн амьтан амьдарч буй суурин газруудыг хассан юмуу? Монголын нийт газар нутгийг авч үзэж байгаад харьцуулаад гаргачих юм. Бодит тоо баримт гаргах шаардлагатай.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд олон нийтийн саналыг тусгах ажлыг зохион байгуулах

-Өлзийт-Цагаандэл уул чиглэлд байнгын ажиллагаатай авто замын боомт байгуулах, 2014 оны 46 дугаар тогтоолын нэг дэх хэсгийг хүчингүй болгох

-Орон нутагт олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн системтэй байх

-Хуулийн дагуу орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын АМГТГ-ын кадастрын бүртгэлийн системд саадгүйгээр бүртгэх зэрэг бусад зөвлөмжүүдийг чуулганы үр дүнд гаргаж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 125 (6857)