Т.САЙХАН

Мөнгөний бодлогын хорооны хоёрдугаар улирлын ээлжит хурал болж гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувь  болгох шийдвэр гарчээ.  Энэ талаар  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.  Тэрбээр "Жилийн инфляц 2022 оны тавдугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, ложистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн хоёр сард хурдтай өсөхөд нөлөөллөө. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдахаар байгаа тул инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд тогтворжих хугацаа хойшиллоо. Хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй ч худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Сүүлийн таван улирал дараалан агшаад байсан өрхийн хэрэглээ энэ оны нэгдүгээр улиралд сэргэж, дотоод эрэлт нэмэгдэв. Түүнчлэн гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтын асуудлаас шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт энэ онд удаашрахаар байгаа бол цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт сайжирснаар уул уурхайн бус салбарын сэргэлт үргэлжлэхээр байна. Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна.

Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргасан.

Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй доголдол, олон улсын харилцааны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч мөнгөний бодлогын дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn