Б.ОД

Тува үндэстний хэл, соёлын асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг өнөөдөр Холидэй Инн зочид буудалд боллоо. Тус хэлэлцүүлгийг Хүний эрхийн үндэсний комисс, Боловсрол эвсэл, "Тува ээж" ТББ, Чинагийн Галсан сан хамтран зохион байгуулав. 

Энэ үеэр "Тува ээж" ТББ-ын тэргүүн А.Ариунаа тува хэл, соёлын асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

 Тэрбээр “Хүн амын 2020 оны тооллогоос харахад Тува үндэстний тоо 2300 болжээ. Гэхдээ зарим мэдээлэлд дурдсанаар 5000 орчим Тува үндэстэн байгаа гэсэн тооцоолол бий. Аливаа үндэстний хэлээр 100 мянга орчим хүн ярьж байж тухайн хэл оршин тогтнодог. Тиймээс тува хэлийг устаж үгүй болох мөхөл дээр ирсэн гэж хэл шинжлэлийн эрдэмтэд үзэж байна. Хэл соёлоо хадгалах, соёл зан заншилтайгаа холбож үр хүүхдүүддээ дамжуулж үлдээх нь бидний зорилго. Одоогоор ганцхан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хоёрдугаар сургууль монгол,тува хос хэл үздэг. Тус сумын цорын ганц Тува сургуулийн бага ангийн сурах бичгийг тува хэлээр хэвлэсэн байдаг. Гэхдээ энэ ном нь сурах бичгийн статусаар бус гарын авлага хэлбэрээр хэвлэгдэн гарсан. Гарын авлагыг сурах бичиг шиг жил болгон сайжруулж боловсруулдаггүй.Ийм дутагдалтай. Тиймээс БШУЯ-нд сурах бичгийн статуст оруулж өгөх саналыг дэвшүүлж байгаа" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn