Т.БАТСАЙХАН

Парламент завсарлахын өмнө хэд хэдэн хуулийг эцэслэн баталсан. Тухайлбал,  Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай тогтоол, Донорын тухай хууль, Зөвшөөрлийн хуулийг батлав. Шинээр батлагдсан хуулиудын талаар мэдээллийг хүргэе.

 

Зөгийн аж ахуйг хоршоолсон хэлбэрээр хөгжүүлнэ

 

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай тогтоолын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан өргөн барьсан.   Тус тогтоолд хүнсний аюулгүй байдлыг хангаж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэж үзжээ. Тогтоолын төслөөс онцлоход,

 

-Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хоруу чанар өндөртэй нян, хүнд металлын үлдэгдлийг хянах, хяналтын төлөвлөгөө батлах.

-Улс орон даяар “Эх орны эрүүл хүнс” уриан дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг “Атрын  IV аян” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх.

-Мал аж ахуй, газар тариа­лангийн салбарт аж ахуй эрхлэ­хээр нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжид тат­варын болон бусад дэмжлэг үзүүлэх.

-Шинээр 200.0 мянган га хүртэл атар газар олгох, эргэлтийн талбайг 1.1 сая га-д хүргэх

-Үйлдвэр, фермер, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн үйл ажиллагааг дэмжсэн кластерийг бий болгоход чиглэгдсэн хөдөө аж ахуйн агро парк байгуулах;

-Зөгийн аж ахуйг хоршоолсон хэлбэрээр хөгжүүлэх, түүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортод гарах боломжийг бүрдүүлэх зэргийг тусгаад байна.

-Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах;

 

Ерөнхий сайдын дэргэд зөвшөөрлийн зөвлөл байгуулна

Зөвшөөрлийн тухай хуулийг баталснаар төрөөс одоо олгож буй зөвшөөрлийн тоо тав дахин буурна гэж хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мэдээлэв. Мөн төрийн байгууллагууд иргэд, ААН-үүдээс шинээр зөвшөөрөл нэхэх эрхгүй болжээ. Өөрөөр хэлбэл зөвшөөрлийн тоог дахин нэмэхгүй.  Гэхдээ хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдээс зөвшөөрөл авах тогтолцоо хэвээр байна гэв.      Мөн Ерөнхий сайдын дэргэд зөвлөл бий болох бөгөөд энэ зөвлөл нь гурван жил тутам бүх зөвшөөрлүүд дээр аудитын шинжилгээг хийж зайлшгүй шаардлагатайг нь авч үлдэж, хэрэггүйг нь тухайн жил бүр хасаад явах юм байна. Хугацааны хувьд энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй, тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй хугацаатай олгохоор хуульд тусгаад байна.

 

235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болжээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өргөн мэдүүлснийг парламент эцэслэн баталлаа. Уг хуулийн төсөлд донорын нас 25 байсныг 21 болгон өөрчлөлтийг тусгажээ. Ингэснээр 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болно гэж хууль санаачлагчид үзсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн талаар "Парламентын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 нас хүрсэн хүн сайн дурын үндсэн дээр өөрийн гэр бүлийн гишүүнд донор болохыг зөвшөөрдөг байна. Манай улсын хувьд донор болох насны доод хязгаар бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байсныг өөрчиллөө.  Хоёрдугаарт, Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулахаар зааж, зохицуулах албыг байгуулах тухай заасан” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 121 (6853)