С.УЯНГА
Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож, бусад хотын хөгжлийг дэмжих, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянадаг болох, төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх агуулгын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихээр тунхаг бичигт намуудын төлөөлөл гарын үсэг зурж байна. Энэ өөрчлөлтийн үр дүнд өмнөх он жилүүдийн алдааг засаж, ололтоо бэхжүүлэн тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал улам бүр баталгаажиж, ардчилсан төрийн дархлаа сайжирч, хүний эрх хамгаалагдсан, ард түмний засаглалд суурилсан хөгжлийн шинэ боломжийг бий болгосон, хөгжил дэвшил хүн бүрт хүрэлцээтэй, сонгодог парламентын тогтолцоотой улс болох зорилтыг тавьж байна.
Энэ хүрээнд улс төрийн намууд уулзалт хийж, нэмэлт саналуудыг бичгээр ирүүлж байгаа. Энэ агуулгыг хамруулсан тунхаг бичигт гарын үсэг зурснаар УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ, иргэдийн дунд тандан судлах ажиллагааг явуулсны үндсэн дээр цаашид УИХ-ын хариуцах ажил болох юм" гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Улс төрийн 20 орчим намаас дангаараа болон хамтран Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой саналыг ирүүлсэн. Цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 21 аймаг, бүх хороо, сумын иргэдээс санал асуух боломж бүрдэнэ" гэв.
Уг тунхаг бичигт МАН, АН, ХҮН гэсэн парламентад суудалтай гурван намаас гадна 21 улс төрийн намын төлөөлөл гарын үсгээ зурлаа.
Намуудын төлөөлөл ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх ёстой
-Өнөөдөр улс төрийн намууд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар санаачилга гаргаж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Парламентад суудалтай улс төрийн гурван намаас гадна одоогийн байдлаар 21 улс төрийн нам тунхаг бичигт нэгдэж, гарын үсэг зурсан байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүрэлцэн ирж амжаагүй зарим намын төлөөлөл ойрын үед нэгдээд гарын үсэг зурах байх гэж бодож байна. Улс төрийн намуудын үйл ажиллагаа үндсэндээ хагас жил орчим үргэлжилж байна. 2022 оны нэгдүгээр сарын 13-наас хойш улс төрийн намууд хэд хэдэн удаа уулзаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ярилцаж, тодорхой саналуудыг нэгтгэсэн. Зарим улс төрийн нам жагсаал, цуглаан зохион байгуулж, тодорхой саналууд гаргаж хандсан. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлуудыг хэлэлцсэн. Үүний дараа УИХ-ын захирамж гарч, тодорхой хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Ингэснээр өнөөдөр улс төрийн намууд тунхаг бичигт гарын үсэг зурж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль нь зөвшилцлийн баримт бичиг байх ёстой. Тиймээс улс төрийн тодорхой хэмжээнд зөвшилцөж, саналаа нэгтгэлээ гэж үзэж болохоор байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард иргэдийн дэмжлэгийн үндсэн дээр хийх ёстой юм. Энэ үүднээс өнөөдрөөс эхлээд нийтээрээ Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх саналыг хэлэлцүүлэх боломж ирлээ гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөж, хэрэгжүүлж ажиллах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа юм. Түүн дотроо парламентад суудалтай улс төрийн намууд ҮХНӨ-д нэгдэж, ажиллана гэж байгаа. Эцсийн дүндээ энэ асуудал нь парламентын дөрөвний гурвын дэмжлэгийг авах асуудал чухал. Энэ асуудалд парламентад суудалтай улс төрийн намууд хамтарч ажиллана гэдэгт санал нэгдэж байгаа” гэв.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд идэвхтэй оролцох болно
-Улс төрийн намууд чухал үйл явдалд оролцсон өдөр боллоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тоон судалгаанд үндэслэсэн мэдээлэл хийлээ. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг батлаад 30-аад жил болж байна. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бол 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл юм. АН бол парламентыг төгөлдөржүүлэх чиглэлд ямагт хамт байдаг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажилд ард түмний төлөөллийн хувьд идэвхтэй оролцох болно. МАН бол Ази дахь улс төрийн ууган хүчин. Үндсэн хуулийн босгыг давах боломж бүхий 62 гишүүнтэй учраас бид дэмжиж байгаа.
Хүн намын дарга Д.Доржханд: Өөрчлөхийн тулд дэмжсэн 57 кноп шаардлагатай
-Парламентад суудалтай болон суудалгүй намын төлөөлөл 2022 он гараад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Өөрчлөхийн тулд дэмжсэн 57 кноп шаардлагатай. Үүнийг төрийн эрх барьж байгаа олонхийн бүлэг шийдэх боломжтой. Иймээс ард иргэдтэй жагсаал хийж, тодорхой шаардлага тавьсан. Нийт 200 мянган иргэнтэй нүүр тулж уулзсан. Иргэд дэмжиж байна. Иргэдээс санал авах ажлыг 21 аймаг, дүүрэгт үргэлжлүүлээд хийж байна. Залуучууд нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Парламент мөн хэлэлцэхээр болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийснээр сонгуулийн тогтолцоог өөрчилж, залуус эх орондоо ажилтай, орлоготой амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн МАН хүний эрхийг дээдлэх заалтууд тусгах санал оруулж байна. Үүнийг дэмжиж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 115 (6847)