С.УЯНГА

 

Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадаадаас авдаг. Өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортолсон байна. Тиймээс ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах ёстой гэдгийг зөвлөгөөний үеэр онцлов. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох эшлэлийг хүргэе.

-Дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжих, баялаг бүтээгчдээ хамгаалах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх, шинэчлэх.
-Төрийн байгууллагуудын бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, хүнсний хяналт, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох.
-Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр ложистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх.
-Хүнс үйлдвэрлэлийн үндэсний стандартаа шинэчлэн тогтоох, олон улсын стандартад нийцүүлэх, хүнсний сүлжээний үе шат болгонд стандартыг чанд мөрдүүлэх.
-Хүнсний аюулгүй байдлын хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгон итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох.
-Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоог бий болгох.
-Эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшууллыг олгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах.
-Шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэхэд төрөөс дэмжих.
-Хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр тоноглогдсон хүнсний тээврийн паркийг шинээр бий болгож.
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, зооринд хадгалах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох.

 

Дээрх зорилтуудыг төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлээр хэрэгжүүлснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар дээшилж, улмаар манай улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 113 (6845)