Ц.МЯГМАРБАЯР

 

Дэлхийн банкны санхүүгийн буцалтгүй тусламжийн Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн бизнес хөгжлийн зөвлөх П.Мөнхбатыг "Бизнес хөгжил” буланд урьж ярилцлаа.

 

- Экспортыг дэмжих уул уурхайн бус салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх төсөлд хэчнээн аж ахуйн нэгж материал, хүсэлтээ ирүүлээд байна. Эхнээсээ дэмжлэгээ авч эхэлсэн үү?

-Өнгөрсөн жил материал бүрдүүлэх гурван удаагийн өргөдөл хүлээн авах цонх нээлтээр 68 аж ахуйн нэгж гэрээ байгуулж санхүүгийн буцалтгүй дэмжлэг авсан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш есөн сарын дотор үрэгт ажлаа хийх ёстой. Тэгэхээр эдгээр 68 аж ахуйн нэгж гэрээний үүргийн дагуу хийгдэх ажлаа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлээд явж байгаа. Энэ жилийн тухайд өргөдөл хүлээн авах цонх өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд нээгдсэн.  Үүнээс хойш дөрвөн удаа материал хүлээн авсан. Тавдугаар сарын 31-ний байдлаар нийт 1000 орчим дуудлага хүлээн авч 250-300 орчим аж ахуйн нэгжтэй биечлэн уулзсан байна. Одоогоор 130 аж ахуйн нэгж  материалаа ирүүлээд байгаа. Эдгээр нь нийт 28 тэрбум төгрөгийн буцалтгүй санхүүжилт авахаа илэрхийлсэн. Түншлэлийн хөтөлбөр нь  уул уурхайн бус салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспортыг дэмжихэд буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүжилт олгох гол зорилготой. Түншлэлийн хөтөлбөрөөс  хамгийн гол нь арилжааны банкуудын тэр бүр өгөөд байдаггүй тэгсэн хэрнээ аж ахуйн нэгжүүдэд нэн хэрэгцээтэй бараа, үйлчилгээг орлох бүтээгдэхүүнд санхүүжилт өгөхийг зорьж буй. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулах сургалт болон зөвлөх үйлчилгээ авах зэргээр цогцоор  нь дэмжлэг үзүүлж буй юм. Арилжааны банкууд тэдгээрт зээл өгөх сонирхолгүй байдаг. Харин манай хөтөлбөр банкны сул талыг орлож буцалтгүй санхүүгийн тусламж олгож буй давуу талтай.  Бүр тодруулбал, экспортлогч болон экспортлогч болохоор зорьж байгаа  аж ахуйн нэгжүүдийг тодорхой шалгуураар сонгож тэдгээрийн үйл ажиллагааны зардлын 50 хувийг санхүүжүүлэх юм.  Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжид 300 сая, кластер компаниудад 500 сая төгрөг хүртэл олгоно.

-Төслийн сонгон шал­гаруулалтын цонх нээгдэх явцын талаар тодруулна уу. Өөрчлөлт орсон уу ?

- 2021 оны тухайд гурван удаагийн цонх нээсэн. Цонх нээснээс хойш 45 хоногийн турш материал хүлээн авдаг байсан. Харин 2022 онд цонхоо бүтэн жилийн турш нээлттэй болгож  материалаа авахаар өөрчилсөн. Ингэснээр эхэнд өгсөн материалууд дарааллынхаа дагуу үнэлэгээнд ороод явах зарчимтай. Тэгэхээр цонх хаагдахгүй. Аж ахуйн нэгжүүд материлаа бэлэн болмогц өгөөд явах боломжтой гэсэн үг. Сонгон шалгаруулалтын явцын тухайд эхлээд анхан шатны өргөдөл хүлээн авна. Дараа нь анхны үнэлгээ хийнэ. Улмаар үндсэн өргөдөл буюу экспорт хөгжлийн төлөвлөгөөг хүлээн авна. Ингэснээр экспортын чадавх, үйл ажиллагааны үнэлгээ хийнэ. Ингээд сонгон шалгаруулаад  дараа нь газар дээрх хяналт хийсний дараа гэрээ байгуулах зэрэг зарчимтай. Аж ахуйн нэгж 12 ба түүнээс дээш сар үйл ажиллагаа явуулсан байх. Сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлогын дундаж нь 50 сая төгрөг буюу түүнээс дээш байх. Муу зээлийн түүхгүй байх. Борлуулалтын орлого их  байх тусам  санхүүжилт өндөр байх юм. Жишээлбэл, 60 сая төгрөгийн санхүүжилт хүсье  гэж үзвэл 120 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байх.

-Татварын ямар нэгэн асуудалтай бол санхүүжилт авах боломжтой юу?

-Татвар дээр тайлангаа өгсөн байлаа ч  өглөгтэй  байхыг хүлээн зөвшөөрч байгаа. Ер нь дээрх суурь шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг шалгаж үзнэ. Үүнийг анхан шатны өргөдөл гэж нэрлэж байгаа. Тэгэхээр дээрх 130 компанид одоогоор анхан шатны шаардлага хангасан эсэхэд үнэлгээ хийж байна. Үүнээс  55 нь анхан шатны үнэлгээгээ даваад  үндсэн өргөдөл хангах өөрөөр хэлбэл хөгжлийн төлөвлөгөөгөө ирүүлэх шатандаа явж байгаа гэсэн үг. Эдгээрээс тавдугаар сарын 31-ны байдлаар 40-45 нь үндсэн шалгуур болох экспортын бизнес төлөвлөгөөгөө ирүүлсэн. Үүнээс  зургаан компанийн материалыг дараагийн шат болох ЖДҮ-ийн газарт хүргүүлсэн. Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн өндөр технологийн инновацийн  хоёр,  ноос, ноолуур, мэдээлэл технологийн төслүүд бий. Энэ долоо хоногт дараагийн найман төслийг мөн ЖДҮ-ийн газар руу шилжүүлэхээр төлөвлөж байна. Ийм төлөвлөгөөгөөр 55 компаниа шилжүүлээд явна. Үлдсэн 75 компани материалаа дутуу эсвэл буруу  ирүүлснээс болж шалгахад хангалттай биш байсан учраас буцаагдсан. Энэ нь материалаа сайжруулаад ирээ гэсэн үг. Магадгүй гурван сарын өмнө борлуулалтын орлого нь 50 саяас дээш гарахгүй байж байгаад 60 сая төгрөг түүнээс дээш  болж нэмэгдэж болно. Ингэсэн тохиолдолд дахин шалгуурт орох нь нээлттэй. Харин 50 сая төгрөгт  хүрэхгүй 8-9 сар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бол хасагдана.

-Эдгээр төслүүд  нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт хүсэж байна. Энэ нь нийт санхүүжүүлэх дүнгийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

- 130 компани 28 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн гэдэг нь нийт 56 сая төгрөгийн ажил хийнэ гэсэн үг. Эхний зургаан компанийн хүссэн санхүүжилт 11 тэрбум төгрөг. Энэ мөнгөн дүнгээр 100 хувь гэрээ байгуулна гэж үзвэл хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн энэ жилийн санхүүжилтэд тулж очихоор байгаа. Энэ жилийн нийт санхүүжилт урьдчилсан байдлаар 3.5 тэрбум төгрөг.  Гэхдээ эдгээр 55 компанийн хэд нь гэрээ байгуулах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй. Магадгүй нэмэлт санхүүжилт татах хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй. Төслийн үргэлжлэх хугацаа 2024 он хүртэл үргэлжилнэ.

-Санхүүжилтийг  ямар хэлбэрээр олгож байгаа бол?

- ЖДҮ-ийн газар энэ гаргасан бизнес төлөвлөгөөгөө энэ аж ахуйн нэгж хэрэгжүүлж чадах эсэхэд үнэлгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, бичиг баримтад үнэлгээ хийхийн зэрэгцээ үйлдвэрийн газар дээр нь очиж үнэлнэ. Магадгүй цаасан дээр бичсэн төлөвлөгөө  амьдралд биелэх чадамж хэр гэдгийг үнэлнэ. Харин манайх төлөвлөгөөнд нь илүү төвлөрч үнэлгээ хийх юм. Манай талаас 70 дээш үнэлгээ авсныг ЖДҮ-ийн газарт шилжүүлж байна. ЖДҮ-ийн газар 100-60 оноо авсныг дараагийн шат руу шилжүүлнэ. Шилжүүлэхдээ өөрийнхөө тавьсан оноо, манай талын тавьсан онооны дунджаар нэг оноо гаргана. Тэр оноо нь 70-аас дээш байх ёстой. Ингэснээр Түншлэлийн хөтөлбөрийн эцсийн хуралд орох босгыг давах юм. Үндсэндээ сүүлийн шатны хурлыг оролцуулаад гурван шатны байгууллагын үнэлгээгээр гэрээ байгуулах төслийн шалгуурыг давах юм. Гурав дахь эцсийн шатны  хурлын багийн гишүүд нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Дөрвөн хүн нь мэргэжлийн холбоод төлөөлнө. Гурав нь манай төслийн нэгжээс нэг, ЖДҮ-ийн газраас хоёр нь байна. Энэ комисс энэ сарын 15 гэхэд байгуулагдчих байх. Сонгон шалгаруулалт тодорхой шалгуурын хүрээнд  явагдана. Хөндлөнгийн хүмүүсээр багийг бүрдүүлэх нь мэдээж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 112 (6844)