Б.ДАРЬСҮРЭН
Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас хоёр жил тутамд гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2021 оны дүнг дэлхий даяар танилцуулсан.
Энэ судалгааг найм дахь удаа зохион байгуулж дэлхийн 120 орон хамрагдсан байна. Монгол Улс 2006 оноос энэ судалгаанд нэгдэж, улсын төсвийн ил тод байдал, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал, төсвийн хяналтын тогтолцооны түвшнээ дэлхийн 100 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон. Манай улс судалгаанаас ямар үнэлгээ авсаныг “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцууллаа.
Ангилал тус бүрт 100 оноо авах ёстойгоос манай улс төсвийн хяналтаар 76, ил тод байдлаар 60 оноо авсан бол олон нийтийн оролцоогоор хамгийн муу буюу 13 оноо авчээ. Судалгааны дүнгээс харахад төсвийн ил тод байдал дээшилсэн ч төсвийн хяналтад иргэдийн оролцоо хангалтгүй байна.
Монгол Улс өнгөрсөн онд иргэдийн төсвийг цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтэлж, жилийн эцсийн тайлангийн иж бүрэн байдлыг сайжруулснаар илүү нээлттэй болгож чаджээ.
Харин засаглалыг сайжруулахад төсвийн ил тод байдал хангалтгүй, эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн оролцоог хангах шаардлагатай. Гэвч Засгийн газраас энэ боломжийг олгохдоо хангалтгүй байгааг харуулж байна.
Төсөвт тавих хяналтын тогтолцоо сайжирчээ
Хууль тогтоох болон аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар Монгол Улсын эдгээр байгууллагаас төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай байгаа нь харагдлаа. Тухайлбал, УИХ-ын хувьд 72, Төрийн аудитын байгууллага 83 оноо авсан байна.
Судалгааны дүнд тулгуурлан “Нээлттэй нийгэм форум”-аас дараах зөвлөмжийг гаргалаа. Үүнд төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд хагас жилийн тайланг боловсруулж, цахимаар цаг тухайд нь нийтлэх, иргэдийн төсөв болон батлагдсан төсвийн иж бүрэн байдлыг сайжруулах. Баталсан төсөвт тухайн жилийн орлого, зарлагын мэдээллийг эдийн засгийн иж бүрэн чиг үүргийн ангиллаар тооцох шаардлагатай.
Харин төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулахаар төсөв боловсруулах үед олон нийтийн оролцоог хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлэх, эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд болон шууд бус төлөөллөөр дамжуулан төсвийн хэлэлцүүлэгт татан оролцуулах шаардлагатай гэв.
“Нээлттэй нийгэм форум”-аас энэ оны төсвийг судлахад олон хөрөнгө оруулалтыг танасан байна. Гэвч орон сууцны фасад засах гэх мэт СӨХ-ны хийх ёстой ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр байна. Энэ ажлыг татвар төлөгчдийн мөнгөөр хийх ёсгүй. Цаашдаа эдгээр зардалд анхаарах ёстой гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 110 (6842)
Манай улс олон нийтийн оролцоогоор муу дүн авав