С.УЯНГА
Монголчууд хор, хоол хоёрын алиныг нь идэж буйгаа мэдэхээ болиод удаж байна. Хянаж шалгах үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд нь мэлзэж суухад арга ч үгүй юм. Тэр дундаа үндэсний аюулгүй байдлын хамгийн эмзэг сэдэв болсон хүнсний аюулгүй байдлаа хяналтаас алдчихаад байгааг өнгөрсөн жилүүдэд хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй сануулж, шаардаж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд “Зууны мэдээ” сонин “Монгол Улс “хүнсний бие даасан байдал алдагдсан” ангиллаасаа гарч чадсангүй”, “Аудит: Боомтын лабораториуд импортлогчдын худалдааны гэрээг цуцлах эрсдэлтэй” цуврал нийтлэл бичиж байв.
Төрийн аудитын байгууллага нь ч хяналт шалгалт, тооцоо судалгаа хийж хүнсний аюулгүй байдал аюултай түвшинд хүрчээ хэмээн дүгнэлээ. Ингээд орхисонгүй гарц гаргалгааг нь хэлж өгсөөр байтал хэрэгжүүлэх байгууллага, анхаардаг сайд дарга нар даанч байсангүй. Нэг ёсондоо үе үеийн Засгийн газар, төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байгааг харуулсан хэрэг.
Өдгөө монголчуудыг нийтээр нь түгшүүрт автуулаад байгаа махны чанарын асуудлыг зөвхөн өнөөдөр яриагүй юм. Хөөж үзвэл 5-10 жилийн “архив” гарч ирнэ. Тухайлбал, гурван жилийн өмнө яг өдийд Тагнуулын ерөнхий газар Эмээлтэд байрлах махны үйлдвэрүүдэд шалгалт хийж үхсэн малын махыг өнгө, үнэр оруулах химийн бодис ашиглан сэргээх, зумлах, таргалуулан худалдан борлуулж, махан таташ болгон хиамны үйлдвэрүүдэд нийлүүлж байсан ноцтой үйлдлийг илрүүлж байв. Агуулах савны асуудлыг ч хөндсөн. Тухайн үед МХЕГ болон холбогдох байгууллагууд хамтран шалгаж сүр дуулиан болж байсан. Гэтэл үр дүн нь хаачив. Өнөөдөр тэр үеэ таг мартчихсан бахь байдгаараа бодистой махны хэрүүлээ хийсээр л байна. Тагнуул, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт гээд олуулаа хамтарч шалгалт хийчихээд яагаад нэг нь ч гэсэн үр дүнг нь үздэггүй юм гэж асуумаар.
Хоёрдугаарт, Хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарах төрийн бодлого туйлын хангалтгүй, хэрэгжилт “тэг” зааж байгааг Үндэсний аудитын байгууллага шалгаж тогтоосон. Хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн шалгалтаар салбарын баримт бичгийн хэрэгжилт хангалтгүй. Залгамж чанар, уялдаа байхгүй. Өөрөөр хэлбэл, хүнсний хараат бус байдал алдагджээ. Цаашлаад импортын хүнсийг аюулгүй байдлын лабораториуд нь бүрэн гүйцэд шинжилж чадахгүй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулсаар ирэв. Лабораториуд зориулалтын байргүй, тоног төхөөрөмж хуучирсан учраас ихэнх аймаг, дүүрэгт үйл ажиллагаа доголдсон. Дотоодын махны асуудлаас гадна импортын ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдлийг бүрэн тодорхойлох, пестицидийн тоо хэмжээ, нэр төрөл, хэрэглээнд хяналт тавих, гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоо хангалтгүй гэсэн дүн гараад байна. Манай улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин 42.1 хувь буюу “хүнсний бие даасан байдал” алдагдсан ангилалд байгаа. Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувьд нь хүнсний баталгаат байдал алдагдсан гэж дүгнэжээ. Хүнсний хуульд зааснаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах орон тооны нарийн бичгийн даргатай байхаар тусгасан ч хийсэн ажил маруухан. Ийм дүнтэй олон жил явж ирлээ.
Зөвхөн энэ хоёр жишээг харахад л төрийн хяналтын байгууллагуудын сүржин эхэлсэн шалгалтууд хаана хүрээд зогсдог. Үүнээс илүү чухал асуудал бол төрийн аудитын байгууллагын тооцоо судалгаа, заавар журмыг тухай бүрт нь хэрэгжүүлээд сайжруулаад явсан бол одоогийнх шиг нөхцөл байдалд хүрэхгүй нь тодорхой байв. Өмнөх шиг аудитын байгууллагын дүгнэлтийг хоосон цаас болгож хог руу шидээд байх юм бол цаашид энэ хэвээр хэдэн арван жил үргэлжилнэ. Тиймээс яг одоо нэг талдаа гарч төрийн байгууллагууд нь уялдаа холбоогоо сайжруулж, хариуцлагатай сэтгэлтэй байя. Үгүй бол өчигдөр Шадар сайд С.Амарсайханы ярьсанчлан мах бэлтгэх үйлдвэрүүдийн хяналт, шалгалтын ажлын хэсгийг холбогдох яамд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газар томилсон гэсэн тайлбараа давтсаар л сууна. Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 110 (6842)