С.УЯНГА

 

УИХ-ын эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Гэр бүлийн  хууль анх 1973 онд батлагдаж, 1999 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш дорвитой өөрчлөлт ороогүй. Тэгвэл энэ удаагийн хуулийн төслийн гол өөрчлөлт нь хүүхэд хамгааллын асуудал. Жилд 3391 гэр бүл салдаг гэсэн судалгаа бий. Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэг хувиар нэмэгдэж байгаа. Иймээс хуулийн төсөлд гэр бүл салалтын дараах хүүхдийн тэтгэмжийн асуудлыг тусгаж өгсөн. Тодруулбал, тэтгэмжийн хэмжээ болон төлөлтийн асуудалд онцгойлон анхаарал хандуулсан.

Тэтгэмжийн хувьд 11 хүртэлх насны хүүхдийг амьдралын баталгаажих түвшний 51 хувиар тооцож олгодог. Ингэхээр өнөөдөр 11 нас хүрээгүй хүүхдийн тэтгэмж сард 115000 төгрөг. Энэ бол маш бага, хангалтгүй. Тиймээс тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо орлоготой нь уялдуулах, ХАОАТ-ын хуульд заасны дагуу орлогын 50-аас доошгүй хувь гэдэг байдлаар тогтооё гэсэн заалтыг оруулж өгсөн. Мөн хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахин шинжээчдийн баг томилж, тэтгэмж төлөгчтэй хамтран төлөх зохицуулалтыг оруулсан” гэлээ.

Өнөөдрийн байдлаар тэтгэмж төлөлт маш бага байгаа. Тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн зөвхөн 20 хувь төлж байна. Үлдсэн 80 хувь нь шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байгаагаас 34 тэрбум төгрөг хуримтлагдсан байна. Тиймээс тогтоосон тэтгэмжийг данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгснийг гишүүд хэллээ. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаг алдалгүй батлах ёстой. Хэрвээ цаг хугацаа болохгүй бол уг хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлнэ" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (6841)