Хүмүүсийн амьдрах орон сууц нь овог үндэстнүүдийн оршин байх үеэс хойших түүхэн хөгжлийг харуулахаас гадна тэдгээр үндэстнүүдийн эдийн засаг соёлын өвөрмөц шинж чанарыг тодорхойлдог. Сонирхолтой нь Монголын газар нутагт байсан эртний хүмүүс хад хавцал, агуйг орон сууцаа болгон ашиглаж байсан ул мөр байдаг ажээ.

Энэ дурсгалын нэг бол баруун Монголын нутагт байдаг Гурван цэнхэрийн агуй юм. Энэ агуйд заан, үхэр болон тэмээн хяруултай төстэй зэрлэг амьтны олон дүрс бий нь хэзээ нэг цагт тэнд хүн амьдарч байжээ гэдгийн гэрч гэдэг. Цаашлаад монголчууд гэр маягийн сууц хэрэглэж байсныг Говь-Алтай аймгийн Цагаанголын хаднаас олдсон гэрийн зураг харуулдаг.

Нэг түүхч Хүннү нарын тухай бичихдээ:

-Эсгий гэр бол Хүннү нарын гол орон сууц байсан. Гэрийнхээ эд хогшлыг ердийн хөсөг тэргээр зөөдөг байв гэжээ. Бас Түрэгийн хаадууд гэрээ торгоор бүрдэг байсан гэж зарим эрдэмтдийн бүтээлд бий. Энэ бүхнээс үзэхэд монголчуудын уламжлалт эсгий гэр барагцаалбал 2500-3000 жилийн өмнөх бүтээл гэдэг нь илт юм. Гэр цаашдаа хүний оюун ухааны хүчээр янз бүрийн хэлбэртэй сууц, асар, майхны төрөлд шилжсэн байна.

Монголчууд гэрийг дөрвөн дугуйтай тэргэн дээр байрлуулдаг байж. Энэ нь дайн байлдаан, алс холын нүүдэл суудлын үед хөнгөвчилсөн хэлбэр байлаа. Түүх сөхвөл ийм.

Тэгвэл Монголын төр, засгаас ард түмнийхээ орон сууцны хангамж хүрэлцээг өнгөрсөн 100 жилд хэрхэн хэрэгжүүлж ирсэн тухайд анхаарал хандуулъя. Ардын хувьсгалын дараахан 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж Монгол Улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж нэрлэж, нийслэлээ Улаанбаатар гэх болсон бөгөөд эдэлбэр газрыг нь 104 га байхаар тогтоосон байдаг. Мөн Хиагт, Ховд, Улиастайг хот хэмээн нэрийдсэн. Аймаг, сумын засаг захиргаа, соёлын асуудлыг төвлөрүүлэх тогтоолыг энэ үед баталсан нь суурьшмал хот суурин байгуулах хууль эрх зүйн анхны бичиг баримт болж түүхэнд үлдсэн юм билээ. Ардын засгийн газраас 1926 онд Барилгын хоршоо гэдгийг байгуулснаар гар бааюу бүхий тоосгоны заводууд, шохой шатаах газар басхүү альбастрын үйлдвэртэй болсон байдаг.

Энэ үеэс Монголын орчин үеийн архтектур хот байгуулалтын түүх эхэлж Төв банк, дотоод яам, кино үйлдвэр, Аж үйлдвэрийн комбинат, Төв цахилгаан станц, ноосны үйлдвэр, ХАА-н яамны барилга зэрэг байгууламжууд баригдсан. Үүнийг дагаад хот сууринд оршин суугчдын тоо өсч ажилчин анги бий болов. Ингэснээр тэдний амьдрах орчинг сайжруулах талаар нам, засгаас үе шаттай арга хэмжээ төлөвлөлт хийгджээ. Энд хамгийн гол юм хүн амыг орон сууцжуулах үйл явц хүчтэй өрнөсөн юм. 1950-иад он хүртэл Улаанбаатарын иргэд хотоор нэг тархсан хашаа гэр хороололд амьдарч байв. 1934 онд Аж үйлдвэрийн комбинатын ажилчдын анхны орон сууц ашиглалтад орсон. Энэ үед нэг айлын орон сууцны сарын хөлс 75 төгрөг байхаар улсаас тогтоосон байжээ. Үүнээс өмнө Орос болон гадаадын зарим худалдаачдын жижиг байр байшин, нийслэлд байсан хятадуудын шавар тагз гэх байрууд л байлаа. Тэгвэл 1946 оноос нийтийн орон сууцыг улсын төлөвлөгөөгөөр барьж эхэлжээ. Түүний анхдагч нь дөч, тавин мянгатын сууцнууд юм. 1958 оноос барьж эхэлсэн тэдгээр хорооллыг эдэлбэр газрынх нь хэмжээгээр 40, 50-н мянгат гэж нэрлэжээ. Эдгээр сууцууд одоо ч тэргүүн зэргийн үл хөдлөх хөрөнгө хэвээр байна. Түүнээс хойш хот байгуулалтын хөгжлийг дагаад хүн амыг орон сууцжуулах явц 1960-аад оноос их эрчимжсэн байдаг.

1962 оноос хот суурин газар, улмаар нийслэлийг хөгжүүлэх зураг төсөл хийсэн юм. Уг төсөлд хотын суурьшлын бүсийн нутаг дэвсгэрийг сургууль, цэцэрлэг, соёл ахуйн үйлчилгээний газруудын хамт цогцоор барьж байгуулахаар заасан байв. Энэ дагуу 120, 220-н мянгатаас эхлээд 1987 он гэхэд нийслэлд 10-аад төвлөрсөн хороололтой болсон байлаа.

Эдгээр хорооллууд хүн ардыг өөрийгөө мэдрэх хэмжүүрт оруулж тэднийг улс төр, эдийн засаг, солёлын орон зайд хамруулж хотын хуучин өнгө төрхийг эрс өөрчилсөн гэж үздэг ажээ. Тухайлбал, орон сууцны V, VI, X, XI, XIX хорооллын 5-12 давхар орон сууцнуудыг орон зайн сонирхолтой орчин үүсгэн барьжээ. Мөн III, IV хорооллын барилгуудыг хана маягаар зээглэн байршуулж нэгдүгээр давхартаа дэлгүүр, үйлчилгээний цэг салбартай болгох эхлэл тавигдсан байна.

Ийнхүү иргэдээ орон сууцжуулах ажил өнөөдрийн түвшинд хамгийн өндөр хөгжлийг олж зөвхөн нийслэл болон төвлөрсөн хот төдийгүй аймаг, сумын төвд суугчид тохилог орон сууцанд амьдрах болсон нь өнгөрсөн 100 жилийн хөгжлийн нэгэн тод нүүр царай болжээ. Харин нэгийг хэлэхэд хэрэглээнээс давсан орон сууцтай болсон гэж хэлж болох. Энэ нь үнийн өсөлтөөс шалтгаалж орон сууцны борлуулалт багассантай холбоотой юм. Нийслэлд гэхэд жилд 20-30 мянган айлын орон сууц ашиглалтад өгч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 108 (6840)