Б.СОЛОНГО
Сүүлийн үед тогтворжуулалт гэх үгийг яагаад ч юм их хэрэглэдэг болчихож. Шатахууны үнийг тогтворжуулна, мах, гурилын үнийг тогтворжуулна гэнэ. Хамгийн сүүлд орон сууцны үнийг тогтворжуулах шийдвэр гарсан байна. Засгийн газраас инфляц, үнэ бууруулах чиглэлд хийх дуртай болчихоод байгаа “тогтворжуулалт” гээч хөтөлбөрөөс болж энэ үг яах аргагүй тэдний үгийн санд байнга хэрэглэгддэг болчихож. Тогтворжуулна гэдэг нь ер нь юу гэсэн үг вэ. Лав л буулгана, багасгана биш. Одоо байгаа үнийг нь илүү, дутуу гаргалгүй тогтвортой барих юм болов уу. Ямар боловч Засгийн газар иргэдийнхээ төлөө гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах олон дэд хөтөлбөр баталж, энэ ажлаа ч багагүй сурталчилж байна. Гэвч тэдний арга барил тун ядмаг юм. Логик нь тун энгийн. Ард иргэдийн нуруунд хүндээс хүнд ачаа үүрүүлээд байгаа шатахуун, хүнс, орон сууц зэрэг бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, импортлогч компани, аж ахуйн нэгжүүдэд хүүгүй шахам зээл олгож, хариуд нь үнээ нэмэхгүй гэсэн амлалтыг нь авах. Өндөр үнэ, том инфляцийн суурь шалтгааныг эмчлэлгүйгээр “худалдагч”-ийг хахуульдаж, лангуун дээрх барааныхаа үнийг нэмчихэлгүй байгаач гэж гуйхтай ижил. Үнэ тогтворжуулах хөтөлбөр ирэх жилүүдэд манай улсын төсөвт том дарамт учруулна гэдгийг Дэлхийн банкнаас анхааруулсан байна билээ. Тодруулбал, ирэх гурван жилд төсөвт 718 тэрбум төгрөгийн дарамт учруулж, энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэх аж. Шинэчлэлийн Засгийн газар бодож олсон энэ шинэ санаагаа их л магтах юм билээ. Өөрсдөө түүндээ эрэмшээд, барилгын материал үйлдвэрлэгчдэд дахин хөнгөлөлттэй зээл олгож, орон сууцны үнийг тогтворжуулах болсноо уржигдархан зарлав. Үйлдвэрлэгч, импортлогчидтой ийм гэрээ байгуулснаар компаниуд дур мэдэн үнээ нэмэхээ болино. Өөрөөр хэлбэл, төр үнийн өөрчлөлтөд зохицуулалт хийнэ гэж хөөрцөглөж байв. Гэвч дэмжээд байгаа компаниуд нь “Гар барихаар бугуй барина” гэгчийн жишээг эхнээсээ харуулаад эхэлсэн. Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Шатахууны үнийг тогтворжуулах” хөтөлбөрт одоогийн байдлаар 97 тэрбум төгрөгийг зарцуулчихаад байна. Хөтөлбөрийг эхлүүлснээс хойш нийт 11 компани есөн удаа арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээл авсан байх юм. ОХУ шатахууны хилийн үнээ нэмж байгаа энэ үед жижиглэнгийн үнийн өсөлтөөс сэргийлж, валютын ханшийн хэлбэлзлээс хамгаалах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Тиймдээ ч 210 төгрөгөөр нэмэгдэх байсан шатахууны үнэ 50-хан төгрөгөөр нэмэгдлээ гэж дээр, дооргүй магтаж байв. Гэвч нефть импортлогч компаниуд даварсан. Тус хөтөлбөрөөс хамгийн их буюу 28.5 тэрбум төгрөгийн зээлийг хоёр хувааж авсан “Магнай трейд” компани, мөн 16.6 тэрбум төгрөгийг хоёр хувааж авсан “Содмонгол” компани үнээ 50 биш 100 төгрөгөөр нэмсэн. Энэ явдалд хэлэх үг нь олдохгүй суугаа ШӨХТГ, Уул уурхайн яам одоог хүртэл албан байр суурь илэрхийлсэнгүй. Нийслэлчүүд уламжлалт цагаан сарын баярынхаа гол хэрэглээ болсон махны үнийг хэрхэн дийлж, худалдаж авахаа мэдэхгүй сууна. Засгийн газраас мөн л энэ чиглэлд 46.1 тэрбум төгрөгийн зээлийг гаргаад дуусчихсан. Нийслэлийн нөөцийн менежер “Жаст Агро” болон бусад компаниудад нэг жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосон. Компаниуд энэ мөнгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа гэх боловч “Хүчит шонхор” захын ханшаас хямдхан мах одоогоор сураггүй л байна. Гурил үйлдвэрлэгчдийг дэмжиж, эхний зээл болох 24 тэрбум төгрөгийг “Улаанбаатар гурил” компанид жилийн хугацаатай олгосон аж. Ингэснээр гурил үйлдвэрлэгчид дээд гурилын бөөний үнийг 550, жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх үүргийг хүлээж байгаа. Хамгийн сүүлд буюу уржигдар Монголбанк, Барилга, хот байгуулалтын яам орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Хөтөлбөрийн зорилгоо орон сууцны үнийг тогтворжуулах, дундаж давхаргынхны орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх гэж тодорхойлжээ. Барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч нарт нийт 379 тэрбум төгрөгийн зээлийг мөн л хөнгөлөлттэй олгосноор байрны үнийг тогтворжуулах гэнэ. Гэвч орон сууцны одоогийн өндөр ханшийг тогтворжуулах биш буулгахгүй л бол дундаж давхаргынхан байранд орно гэдэг нь үлгэр. Ямар боловч Засгийн газраас инфляцийн гол буруутан гэгддэг мах, шатахуун, орон сууцны нийлүүлэгчдийг аргадсаар байна. Үр дүн нь хэр найдвартай, бас тогтвортой байх бол.