Монголын эдийн засгийн форум саяхан болж, Шинэ сэргэлтийн бодлогын чухал сэдвүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр бид “Рио Тинто Монгол” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргалтай ярилцсан юм.

 

-Оюу толгой гүний уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн. Гүний уурхайн ажлын явц ямар байна вэ?

-Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд албан ёсоор эхлүүлсэн. Үүнээс хойш үйл ажиллагаа хуваарийн дагуу сайн явж байна. Бид гүний уурхайн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаандаа буюу 2023 оны эхний хагас жилд дуусгахаар чармайн ажиллаж байна.

-“Рио Тинто” групп “Туркойз хилл Ресурс” компанийн хувьцааны 49 хувийг авах санал гаргасан нь нэлээд шуугиан тарилаа. Энэ талаар та тодруулж өгнө үү?

-Рио Тинто” групп нь “Туркойз Хилл”-ийн 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувь нь жижиг хувьцаа эзэмшигчид байдаг. Группийн зүгээс 49 хувийг худалдаж авах санал тавьсан нь “Рио Тинто” Монгол Улсад, Оюу толгой төсөлд бүрэн итгэж буйн баталгаа гэж бид ойлгож байна. Гэхдээ энэ нь өнөөдрийн хувьд санал төдий байгаа зүйл. Жижиг хувьцаа эзэмшигчид энэ саналыг хүлээж авбал  цааш ажлаа хэлэлцээд явна. Хүлээж авахгүй тохиолдолд бүх зүйл хуучин хэвээр явна. Хэрэв 49 хувь “Рио Тинто”-д шилжвэл Оюу толгой төслийн хувьд олон ач холбогдолтой гэж харж байгаа. Ялангуяа засаглал илүү хялбар, энгийн болно. Үүнийг дагаад шийдвэр гаргалт хурдан, хоорондын уялдаа холбоо илүү сайжрах болов уу гэж бодож байна.

Харин нэг зүйлийг онцлон хэлэхэд, “Рио Тинто” тус компанийн 49 хувийг худалдаж авснаар Монгол Улсын эзэмшиж буй 34 хувьд ямар нэг өөрчлөлт, нөлөө байхгүй.

-Оюу толгой эдийн засгийн хувьд Монгол Улсад өндөр ач холбогдолтой төсөл. Мөн “Рио Тинто”-гийн хувьд ч үнэ цэнтэй төсөл болов уу?

-Группийн бүтээгдэхүүний борлуулалтыг авч үзвэл 2021 оны нийт орлогын 60 орчим хувь нь төмрийн хүдэр, зэс 12, хөнгөн цагаан 19 хувийг тус тус эзэлж байна.

Оюу толгой бол хамгийн их хөрөнгө оруулсан төслүүдийн нэг төдийгүй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт мөнөөс мөн. Учир нь Оюу толгой гүний уурхай нь үйл ажиллагаандаа блокчлон олборлох аргыг ашиглаж байгаа. Энэхүү технологийн арга нь эхний хөрөнгө оруулалт маш өндөр байдаг ч үйл ажиллагаа нь эхлээд бүтээгдэхүүнээ гаргаад ирэхээр үйл ажиллагааны зардал нь бага байдаг онцлогтой. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа зэсийн уурхайнуудтай харьцуулсан судалгаагаар Оюу толгой нь хамгийн бага зардалтай уурхайн нэг болох юм.

-Монголын эдийн засгийн форум гурван жил өнжсөний дараа болох гэж байна. Тус форумын урьдчилсан хэлэлцүүлгүүдийн нэг нь Уул уурхайн салбарын сэргэлт сэдвээр явсан. Энэхүү хэлэлцүүлэгт та панелистаар оролцож, уул уурхайн салбарын цаашдын хөгжлийг ногоон хөгжилтэй уялдуулан, зэрэгцээ түвшинд ярьж байх талаар хэлсэн. Ногоон хөгжлийг уул уурхайтай хэрхэн зэрэгцээ түвшинд ярих вэ?

-Өнгөцхөн харвал, ногоон хөгжил, уул уурхайн салбарууд эсрэг тэсрэг ойлгогддог. Гэвч уул уурхайгаас гарч буй бүтээгдэхүүнүүд шинэ техник технологийн үндсэн орц, найрлага болж байдаг. Тиймээс ногоон хөгжлийг уул уурхайн салбаргүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй болж байна. Монголчууд бидний сайн мэдэх зэсээр жишээ аваад үзье.

Зэс яагаад ногоон хөгжилд хэрэгтэй вэ. Зэс нь шинэ технологийн салбарын хамгийн чухал бүтээгдэхүүн. Тухайлбал, сүүлийн үед гарч буй салхин сэнс, дэд бүтцийн салбарт зэс их хэмжээгээр хэрэглэгддэг. Энэ утгаараа зэсийн салбарыг ногоон хөгжил, ногоон бодлоготой уялдуулж хөгжүүлэх нь чухал юм.

Оюу толгой төсөл гэхэд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, хүчин чадлаараа ажиллаад эхлэх үед дэлхийд эхний тавд орох том уурхайнуудын нэг болно. Оюу толгойгоос гадна зэсийн томоохон төслүүд манай улсад хэрэгжиж байна. Тиймээс зэс нь ногоон хөгжлийг өнгөлөх гол бүтээгдэхүүн гэдэг утгаар Монгол Улс ногоон хөгжил болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэхүйц тоглогч байх боломжийг бүрдүүлж байна.

Гол нь уул уурхайн салбарыг ногоон хөгжилтэй уялдуулж хөгжүүлэх бодлогоо сайн тодотгох хэрэгтэй. Зэс, газрын ховор элементийн хайгуулыг эхэлж сэргээж, эрчимжүүлж байж дараагийн олборлолт, боловсруулалт, хөгжлийн асуудлыг ярих ёстой гэж хардаг. Тэгэхээр энэ салбарыг зөв бодлогоор хөгжүүлэх бүрэн боломж харагдаж байгаа юм.

Цаашлаад уул уурхайгаар дамжуулан нүүрсхүчлийн хийг бууруулах том боломжууд бий.

-Бид уул уурхайн салбарт ногоон өнгөний тухай ярихаар ухсан нүхээ нөхөн сэргээх тухай л эхэлж төсөөлдөг. Таны ярьсан өнцгөөс харвал манай улсын уул уурхайн салбар хэр харагдаж байна вэ?

-Миний бодлоор, хамгийн чухал нь бодлогоо эхлээд зөв тодорхойлох нь зүйтэй. Ер нь бид хаашаа явж буй юм бэ гэдгээ зөв тодорхойлоод дараа нь түүнд тохирсон хууль эрх зүйн актууд дээр ажиллах нь үр дүнтэй юм. Тухайлбал, Монгол Улсад боловсруулах үйлдвэр хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдэгт хариулт өгөх хэрэгтэй.

Төрөөс геологи уул уурхайн салбарт томоохон шинэчлэл хийж, тус салбарыг эрчимтэй хөгжүүлэх цаг нь болсон. Гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь энэ салбарт ногддог. Энэ нь манай улсад боломж их байгааг илтгэж байна. Гэвч сүүлийн жилүүдэд, ялангуяа хайгуулын салбар уналтад орлоо. Тиймээс Засгийн газрын Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хайгуулын салбарыг хөгжүүлэх бодлогуудын талаар Эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгээр ярьсан.

Олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох байгууллагаас ажиллаж байна. Тухайлбал, нэг томоохон хууль нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл байна.

-Сүүлийн 10 гаруй жилд гадаадын хөрөнгө оруулагчид Оюу толгой төслөөр Монголын  гадаадын хөрөнгө оруулагчдыг төсөөлж, харж ирлээ. Оюу толгой ГХО-ын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж та хэлэх вэ?

-Оюу толгой бол Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн анхны том, мега төсөл юм. Тийм ч учраас энэ төсөл дээр аль аль талд нь алдаа оноо багагүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бид тэрхүү алдаа оноо, тулгарсан асуудлуудыг харилцан ярилцаж, ойлголцсоны үр дүнд гүний уурхайн тэсэлгээний ажлыг эхлүүлж чадсан. Оюу толгой төслийг цаашид 50, 60 улмаар 100 жил ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Энэ нь нэг талаар “Монгол Улс ийм хэмжээний мега төслийг хэрэгжүүлэх чадвартай улс юм” гэсэн мэссэжийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн. Цаашлаад “Гадны том хөрөнгө оруулалтыг авах боломжтой улс юм байна” гэсэн эерэг мэссэж болж чадсан болов уу гэж  гэж бодож байна.

“Рио Тинто” групп өнөөдрийн байдлаар 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюу толгой төсөлд оруулчихсан байна. Үүнээс гадна монголчуудын хувьд хамгийн ач холбогдолтой, бидний хүсээд байдаг эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулахад Оюу толгой төсөл томоохон үүрэг гүйцэтгэж байна. Энэ том төслөөр дамжуулаад эдийн засгийн олон кластерыг үүсгэж байна. Тухайлбал, том төслийг дагаад боловсрол, эрүүл мэнд, сургалт, судалгааны хүрээлэнгүүд, хүнс үйлдвэрлэл зэрэг олон салбарыг Оюу толгой төсөл шинээр бий болгосныг судалгаанууд өгүүлж байна. Энэ бол МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс хийсэн судалгааны ажил юм. Хоёр жил тутамд хийдэг энэ судалгаанд Оюу толгойг дагаж орж ирж байгаа нэг төгрөг, дам нөлөөгөөрөө бусад салбарт 1.5 төгрөг болж эдийн засагт олон кластер, төрөлжилтийг бий болгодог гэсэн дүгнэлт бий. Бас зах зээл дээр эргэлдэж буй 10 төгрөг тутмын нэг, Монгол Улсад орж ирж буй хоёр доллар тутмын нэг нь Оюу толгой төслөөс хамааралтай гэх судалгаа ч байдаг.

Жил тутмын судалгааны үзүүлэлтээс харахад эдийн засгийн олон кластер, солонгоролтыг бий болгосон өндөр ач холбогдолтой төсөл гэсэн дүгнэлт хийсэн байгаа.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хамгийн тохиромжтой торгон агшиндаа тулж  ирээд байна  гэж харж байна. Оюу толгойн гүний уурхайн ажил эхэлчихсэн явж байна. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогоо гаргаж, энэ хүрээндээ холбогдох хууль журмуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Бизнест ээлтэй, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэмжээний хууль эрх зүйн орчныг бий болгосноор манай улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл боломжууд бүрдэнэ гэж үзэж байна.

-“Рио Тинто” групп үндэстэн дамнасан корпорацийнхаа хувьд ногоон хөгжлийн салбарт томоохон хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг. Тус группийн ногоон үзэл баримтлал, бодлого нь юу вэ?

-“Рио Тинто” групп нь дэлхийд хоёрт ордог уул уурхайн групп. Одоогоор дэлхийн 35 улсад 70 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ жил үүсэн байгуулагдсаны 149 жилийн ой тохиож байгаа. Парисын конвенцтой холбоотойгоор уул уурхайн компаниуд  хүлэмжийн хийг хэрхэн багасгах талд олон зорилго, зорилт хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

“Рио Тинто” групп хүлэмжийн хийг 2050 он гэхэд 0 хувьд хүргэнэ гэсэн маш том амбиц бүхий зорилго дэвшүүлсэн.

Энэхүү төлөвлөгөөнийхөө хүрээнд олон ажил хийж байна. 2021 онд л гэхэд Рио Тинтогийн Зэсийн группийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс ялгарах хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2018 оны түвшнээс 35 хувиар буюу 2.2 сая метрик тонн /CO2/ болгож бууруулсан. Группийн зүгээс хүлэмжийн хийг хэрхэн бууруулж буйгаа нарийвчлан хэмжиж, түүнийгээ  жил бүр ил тод тайлагнадаг.

Ер нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн аюул нь хүн төрөлхтний өмнө тулаад ирсэн асуудал болоод байгаа шүү дээ. Үүнд зөвхөн нэг улс биш, бүх улс орон, дэлхийгээрээ хамтдаа хүчээ нэгтгэн тэмцэх ёстой. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн төлөө улс орнууд бодлого чиглэлээ гаргаад үүрэг амлалт аваад ажиллаж байгаа. Компани, аж ахуйн нэгжүүд ч бас дотроо зорилго чиглэлээ гаргаад, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байгаа.

-Цаашид Монгол Улсын ногоон хөгжилд Оюу толгой төсөл ч томоохон хувь нэмэр оруулна гэж ойлгож байна?

-Оюу толгой төсөл цаашид ногоон хөгжил, хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжтой. Гол нь Оюу толгойгоос гарч байгаа зэс тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах юм.

-Бид ихэндээ уул уурхайн салбарыг эрчүүдээр төсөөлдөг. Ялангуяа удирдлагын түвшинд эмэгтэй хүн маш цөөн байдаг шүү дээ. Харин сүүлийн үед удирдлагын түвшинд эмэгтэй захирлууд томилогдох болсон. Тухайлбал,  саяхан Оюу толгой компанийн захирлаар эмэгтэй хүн томилогдлоо. “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагааг монгол эмэгтэй удирдаж байна. Саяхан Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн захирлаар эмэгтэй хүн очлоо. Нийгэмд, эмэгтэйчүүдэд урам хүч өгсөн, сайхан томилгоонууд болж байна?

-Ер нь уул уурхайн салбарт эрчүүд голлон ажилладаг. Олон улсын судалгааг харахад уул уурхайн салбарын нийт ажилтны дөнгөж 20 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг юм билээ. Харин манай Оюу толгой төсөл дээр харьцангуй өндөр, 25 хувь гэсэн тоо бий. Удирдах түвшинд эзлэх хувь бас бага байна. Энэ нь уул уурхайн салбарын өөрийнх нь онцлог юм. Манайд  боловсролтой, мэдлэг, чадвартай олон эмэгтэй бий ч уул уурхайн салбарын удирдах түвшинд цөөн байдаг.

Группийн хувьд урт хугацааны бодлого барьж ирсний үр дүнд шийдвэр гаргах түвшинд “Рио Тинто”-гийн ТУЗ дээр 36.4 хувь, Гүйцэтгэх удирдлагын багт 25 хувь байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсээр байгааг хэлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд ажиллаж чадахгүй салбар байхгүй. Манай Оюу толгойн гүний уурхайд эмэгтэйчүүд ажиллаж байна. Том даацын машинуудын жолоочоос эхлээд гүний уурхайн инженерээр ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн оролцоо уул уурхайн салбарт түлхүү нэмэгдэж байна гэж харж байна. Эх сурвалж: mongolianeconomy.mn

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 77 (6809)