Ц.БАЯР
Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч жуулчны үйлчилгээний байгууллага, тур операторуудын B2B уулзалт, "Аялал жуулчлал-Бизнес хэлцэл" 2022 амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. Оролцогчид сэтгэл ханамж өндөр үр дүнтэй уулзалт, хэлцэл боллоо гэв. Энэ үеэр МАЖХ-ны УЗ-ийн гишүүн, Бодлого зохицуулалтын зөвлөлийн дарга, ”Монголия Вояж” ХХК-ийн ерөнхий захирал С.Алтантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын аялал жуулчлалын холбоо маш сайн ажилласан гэж байна. Хүлээсэн үр дүнгээ хуваалцана уу?
-Монголын аялал жуулчлалын салбар 2.5 жил хил хаалттай, жуулчингүй ялангуяа тур компаниудын аялал зогсонги байдалд байлаа. Хүндрэлийг давж гарах энэ цаг үед Засгийн газраас хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монголын аялал жуулчлалын холбоо/ МАЖХ/, Засгийн газар, БОАЖЯ-тай нягт холбоотой ажилласны үр дүнд аялал жуулчлалын баазуудын өмнө тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлээд байна. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудын газрын сунгалтыг шууд хийх шийдвэр гарч одоогоор 100 гаруй аж ахуйн нэгж сунгалтаа хийлгээд байна. Түүнчлэн тусгай хамгаалалтай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазууд эргэн тойрон дахь байгаль орчинг сүйтгэж буй асуудалд ямар ч оролцоо байдаггүй байсан. Тэгвэл энэ оролцоог хангаж тухайн баазыг түшиглэн нэг идэвхтэн байгаль хамгаалагч томилж эрх бүхий үнэмлэх олгохоор боллоо. Үүнийг Аймаг орон нутгийн Аялал жуулчлалын газраар дамжуулан олгож эхэлсэн. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл болон , жуулчны баазуудын газрын төлбөрийг нэг жилийн хугацаагаар хойшлуулах тухай шийдвэр гаргуулахаар холбогдох газруудтай ажиллаж үр дүн гарч байна.
-Аялал жуулчлалын улирал эхлэхтэй холбоотой гарааны санхүүжилтийн асуудал тулгардаг. Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохоор болж байгаа тухай ярьж байна?
-Тусгай хамгаалалтай газар нутагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын баазууд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд санхүү, мөнгөний асуудалтай тулгарч Засгийн газар, Сангийн яамд энэ асуудлаа тавьснаар 10 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох асуудлыг ярилцаж шийдвэрлэхээр болж байна. Мөн цар тахлаас үүдэн уналтад орсон энэ салбарыг Мэргэжлийн холбоодоор дамжуулан сэргээх, босгох гүйцэтгэл хийх эрхийг олгохоор болж байна. Саяхан Монголын үндэсний аялал жуулчлалын чуулган болж 21 аймагтай МАЖХ хамтын ажиллагааны хэлцэл байгуулсан. Ингэснээр нэгдсэн бодлогоор зангидаж ажиллах үр дүн гарч эхэллээ. Цаашид гадаад зах зээлээс жуулчнаа оруулж ирэх бодлогын хүрээнд БОАЖЯ-наас Солонгос, Японы 200 гаруй компанитай холбоо тогтоох уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Намраас Канад, Франц зэрэг орнууд руу чиглсэн бодлогыг түлхүү явуулах шийдвэр гаргасан. Түүнчлэн 21 аймгаа түшиглэж дотоодын аялал жуулчлалыг бусад идэвхитэй байгаа салбаруудтай уялдуулах зэргээр ажлын байрыг нэмэгдүүлэх жуулчны баазуудаа сэргээх, хөгжүүлэх чиглэлд салбарын сайд бодлогоо тодрхойлж байгаад бид сэтгэл өндөр байна. Түүнчлэн дотоодын аялагчдын боловсролын асуудалд анхаарал хандуулахаар болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 76 (6808)