Ц.МЯГМАРБАЯР

 

“Монголын эдийн засгийн чуулган-2022” өчигдөр төрийн ордонд эхэллээ. Цар тахлаас үүдэж  сүүлийн гурван жил завсарласан форумаас ойрын нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр  тулгамдаж буй 10 ажлын төлөвлөгөөг гаргаж чуулганы төгсгөлд батлах юм. Өмнөх  чуулганаас зөвлөмж, уриалга гаргадаг байсан бол энэ удаа төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх учиртай хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Эдийн засагт үүсэж байгаа сорилтуудыг даван туулахдаа аль болох богино хугацаанд үр дүнгээ өгөх боломжтой үйлдэл хийх хэрэгтэй. Ингэхдээ ойрын 6-9 сардаа юу хийж чадах вэ гэдгээ бид ярих ёстой. Цаашид зөвхөн яриад байх биш хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Бодитоор хэрэгжих ажлуудаа эрэмбэлэх хэрэгтэй хэмээн  үзэж чуулганаас гарах үр дүн тэдний дунд хүлээлт үүсгэсэн нь ажиглагдаж байлаа.  Эдийн засгийн сэргэлтийн бодлогыг хувийн секторыг эрчимжүүлэхэд түлхүү чиглэвэл үр дүнтэй болох тухай ч хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн  онцолж байна. Түүнчлэн энэ хүрээнд шинэ сэргэлтийн бодлогын дэс дарааллыг “Төрийн бүтээмжийн” сэргэлтийн бодлогоос эхэлж, илүү анхаарал тавивал бусад бодлогын хэрэгжилт аяндаа цэгцэрнэ хэмээн үзэж буй  оролцогч цөөнгүй байлаа. Төрийн алба хурдан шуурхай ажилладаг, саад тотгорыг арилгадаг, ил, тод үйл ажиллагаа явуулах юм бол хувийн секторынхон төсөл хөтөлбөрүүдээ хурдан хэрэгжүүлж гэмээн эдийн засгаа тэлж өсөн дэвжих боломжтой. Тиймээс ойрын хугацаандаа төрийн бүтээмж, мөн боомтын сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал хувийн хэвшилд эерэг нөлөө авчирна.  Харин дунд хугацаандаа аж үйлдвэржилтийн сэргэлт тэр дундаа эрчим хүч, хот хөдөө, ногоон хөгжлийн сэргэлтийг авч үзвэл жинтэй нөлөө авчрах тухай ч ярьж, хэлэлцэж байна. "Шинэ сэргэлтийн бодлого эдийн засагт үүсэж буй сорилт боломж" сэдэвт нэгдсэн хуралдаанаар чуулган үргэлжилсэн юм.

 

Энэ зун төмөр замын гурван гарц шинээр  бий болох  боломж бүрдэнэ

 

Боомтын сэргэлт, тээвэр логистикийн хямрал салбар хуралдаан Их Жанжины танхимд үргэлжилсэн юм. Энэ хуралдаанаар агаар, төмөр зам, автозамын тээвэр логистикийн өнөөгийн нөхцөл байдлын талаар талууд байр суриа илэрхийлсэн юм.  Хэрэв бид Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа 10 жилийн өмнө ашиглалтад оруулсан бол өнөөдөр жил бүр 30 хүрэхгүй сая биш 300 сая тонн нүүрс тээвэрлэж 4.5 тэрбум, 10 жилд 45 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж төсвийн орлого хоёр дахин нэмэгдэж  эдийн засаг энэ хэрээр тэлэх байв.  Энэ бол алдагдсан боломжийн өртөг. Өнөөдөр хүнд байдалд орохгүй байлаа. Тиймээс Боомтын сэргэлтийн хүрээнд ойрын хугацаанд төмөр замын гурван гарц шинээр  бий болгох  боломж бүрдэнэ  гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт салбар хуралдааны эхэнд хэлсэн юм. Түүнчлэн агаарын боомтуудыг либериалчлах төслийг эхлүүлж олон улсын нислэгийн стандартад нийцүүлж үнэ тариф болон өрсөлдөөнийг бий болгох нөхцөл үүссэнийг ярьж байв. Энэ хүрээнд долоон нисэх буудлыг олон улсын зэрэглэлд шилжүүлэх аж. Түүнчлэн богино зайн нислэг бий болгохыг зорьж Чойбалсан-Зүүн хойд Ази чиглэлд  нислэг үйлдэх. Мөн чингэлэг тээврийн шинэ зохион байгуулалт тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх арга зам гэж байсан юм. Тяньжин боомтод 600 орчим контейнер ачаа гацсан байгаа ч өдөрт 2.5 галт тэрэг буюу 180 воган ачаа авч бусад боомтуудтай харьцуулахад илүү байгааг ЗТЯ-ны дэд сайд мэдээлж байлаа.

Уг  хэлэлцүүлэгт  оролцогчдын  үгийг хүргэе.

 

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг: Энэ дөрөвдүгээр сард Бургастай, Шивээхүрэнгийн боомтыг нээхээр  тохирсон

-БНХАУ-ын боомтын бодлого нь нэг ч ковид гаднаас авахгүй гэж дэвшүүлсэн. Энэ бодлого нь зөвхөн Монгол Улсад биш хил залгаа хуурай замын боомттой 12 улсад яг ижил мөрдөж байна. Тухайлбал, авто замын 82, төмөр замын 22 нийт 100 гаруй боомтын тал нь яг манайхтай ижил экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээ оруулж, гаргаж байна.  Харин манай улсад нэлээд давуу байдлыг олгосон. Хил дээр халдвартай жолооч байсан хэдий ч хаагаагүй. Тиймээс хил хаасан гэж ярьж болохгүй. Манай хил нээлттэй байгаа. Экспортын бүтээгдэхүүний гаргаж буй хэмжээ бага байгаа . Зэсийн баяжмал хэвээрээ гарч байна. Харин манай ГХЯ-наас  хил, боомтын нөхцөл байдлыг хэвийн болгох хүсэлтийг тавьсаар байна. Үүний үр дүнд хоёр сарын өмнө 200 тээврийн хэрэгсэл гарч байсан бол одоо 550 орчим гарч байна. Шатлалтайгаар нэмэгдүүлж байна. Иргэдийн урсгал бүх улсад хаалттай байгаа. БНХАУ-ын Ардын их хурал болох гэж байгаатай холбоотой дотооддоо халдвар хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ дөрөвдүгээр сард Бургастай, Шивээхүрэнгийн боомтыг нээхээр  тохирсон.

 

МҮХАҮ-ийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин:Төр бизнес дэх оролцоогоо эрх зүйн орчинд хумих хэрэгтэй

-Эдийн засгийн форум  нь энд  ярьсан асуудлыг бодит ажил болгох ёстой тогтсон платформ. Вьетнам  яг энэ зарчмаар хөгжиж буй. Тэд эхлээд хөгжлийг сааруулагч хүчин зүйлсээ хэмжээд түүнийгээ төр, хувийн хэвшилтэй хамтарч хэрхэн сайжруулсан тухайд жишиг  болсон улс. Бид эндээс туршлага судлах ёстой. Эдийн засгийг тэлэх  суурь нь  хөрөнгө оруулалтыг татах, экспортыг нэмэгдүүлэх. Үүнийг бий болгох үндэс нь дэд бутэц эрчим хүч. Тэгэхээр төр  хамгийн түрүүнд хүнд суртлаасаа яаралтай салчихмаар байна. Төр бизнес хийхээ  болчих. Төрийн өмчит компаниудын хувьчлалыг яаралтай хийх.

Ашигтай ажиллаж байгаа том компаниудаа /ТОП/ олон нийтийн болгох хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Хувийн хэвшил улс орныг авч явж байна гэх боловч ажлын байрны тухайд санал нэг ч эдийн засгийн оролцооны тухайд  төр 90 орчим хувийн хамааралтай байна. Хэт төрийн давамгай ихтэй бизнест барууны хөрөнгө оруулагчид орж ирдэггүй. Тиймээс аль болох бизнесийг хувийн хэвшил рүү төвлөрүүлэх ёстой. Харин төр зохицуулагчийн үүргээ гүйцэтгэе гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байгаа нь зөв юм. Манай хөрөнгө оруулалтын бүтэц  уул уурхайгаас хамааралтай. Тэгэхээр уул уурхайг дагасан баяжуулах үйлдвэрээ хөгжүүлэх, дэмжих хэрэгтэй. Харин үүнийг хууль эрх зүйн орчин бүрэн боомилсон. Хайгуулын лиценз зогссон. АМНАТ-ын давхардал зэргийг цэгцлэхгүйгээр цааш явахгүй.

 

М-Си-Эс группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал:Төр ашигтай төслүүдээ хувийн хэвшлээр хийлгэдэг зарчмаа хуулиар албажуул

-Шинэ сэргэлтийн бодлогын зорилт хөтөлбөрийг харахад хөгжлийг хязгаарлаж байгаа гол асуудлуудыг зөв оношилжээ гэж харж байгаа. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийх ёстой зүйлсээ нэн даруй хийхгүй бол эрчим хүчний эх үүсвэр удахгүй дутагдалд орох нь. Хэрэгцээ жил болгон 60-80 мегаватт өсөж байна. Эрэлтээ хангахын тулд импорт хийнэ гэхээр импортын эрчим хүчний шугамын ачаалал тулчихсан. Мөн эрчим хүчний одоогийн байгууламжуудын 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан гэдгийг түрүүн Ерөнхий сайд хэлсэн. Гаднын хөрөнгө оруулагчид орох сонирхол байгаа юу гэх зэрэг бэрхшээл их байна. Төрийн зүгээс эхлээд хувийн хэвшил хийж болох ашигтай төслүүдээ хийлгэчхээд, хийж чадахгүйг нь өөрсдөө хийдэг зарчмаа хуульчилж, албажуулах нь зөв гэж бодож байна.

 

“Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал:Том төслүүдээ дагасан эдийн засгийн кластер үүсгэх бодлогыг баримтлах хэрэгтэй байна

-2009 оноос хойш Монголд орсон нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хоёр ам.доллар тутмын нэг нь Рио Тинто, Оюу толгойтой холбоотой байна. Энэ бол хангалтгүй тоо.  Дор хаяж таван ам.доллар тутмын нэг, арван доллар тутмын нэг байвал нэг төслөөс гадаадын хөрөнгө оруулалт хэт хамааралтай байдлыг давна.  Монгол Улс илүү их хөрөнгө оруулалтыг татах, шингээх бүрэн боломжтой. Оюу толгой шиг өөр бусад гадаадын хөрөнгө оруулалт татах төслууд байх ёстой. Том хөрөнгө оруулалтыг дагаад бусад эдийн засгийн сектор, бизнес хөгждөг. ЖДҮ бас дагаад хөгждөг. Тиймээс том төслүүдээ дагасан эдийн засгийн кластер үүсгэх бодлогыг баримтлах хэрэгтэй байна. Тухайлбал,  Оюу толгой, Таван толгойн нөлөөгөөр Өмнөговь аймагт барилга, тээвэр холбоо, худалдаа, зочид буудал, зоогийн газар болон боловсруулах салбарын шинэ бизнесүүд ихээр төрөн бие биеэ дэмжих үйл ажиллагааг явуулж эдийн засгийн кластер болж хөгжиж байгаа дүр зургийг МУИС-ын Эдийн засгийн хүрээлэн судалж гаргасан байна лээ. Тийм ч учраас өдгөө хамгийн их хуримтлалтай аймаг болж, өрсөлдөх чадвараараа бусад аймгуудыг тэргүүлж байна.  Бид нийтээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалт нь Монгол Улсад хэрэгтэй, эдийн засгийн хөгжлийг хурдасгуур мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Ийм учраас төрийн албан хаагчид, шийдвэр гаргагчид, ТӨХК, хувийн хэвшлийнхэн энэ тал дээр нэг ойлголттой болъё. Мөн монголчууд бид өрсөлдөх давуу талаа мэддэг, тэрийгээ тууштай хөгжүүлдэг болмоор байна. Ингэснээр гадаад зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох, боломжийг ашиглах давуу талуудыг бид бий болгоно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 71 (6803)