Ц.БАЯР

 

Бизнесийг ёс зүйтэй хийснээр  байгууллагын ашиг орлого нэмэгдээд  зогсохгүй, хэрэглэгчид тэр хэрээр ёс зүйтэй компанийг сонгодог гэдгийг “Бизнесийн ёс  зүйн төв”-өөс зохион байгуулсан  уулзалт, хэлэлцүүлгийн үеэр “Скайтел” группийн Хууль эрх зүйн албаны дарга Ө.Жамбалсүрэн байгууллагынхаа туршлагыг хуваалцах үеэрээ онцолсон юм. “Скайтел” групп нь байгууллагынхаа ёс зүйн хороог 500 гаруй ажилчдынхаа нууц санал асуулгаар  сонгож улмаар шударга бус байдлыг ил болгох шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авдаг хөндлөнгийн компаниар хөгжүүлсэн тусгай дугаарыг ажиллуулдаг аж.

Энэ нь шүгэл үлээгчийг хамгаалах хүрээнд хийгддэг аж. Мөн өөрийн салбарын 20 гаруй хуульд судалгаа хийж нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах ажилд манлайлан оролцдог аж. Одоогоор тус группийн захиралууд хуулиа бүрэн судалж ажилснаар буруу шийдвэр гаргахаас сэргийлж улмаар байгууллагынхаа ёс зүйн кодыг мөрдөж ажилладаг байна. Ингэснээр иргэдээс ирэх гомдол арилж улмаар байгууллагын ашиг орлолго, бүтээмжид ахиц гарсан юм байна. “Рио Тинто Монгол”  ХХК, “МҮХАҮТ”, “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ нь Монгол Улс дахь бизнесийн ёс зүй, шударга байдлыг  бэхжүүлэх, бизнесийн таатай орчинг дэмжих нэгдмэл зориолготой байгууллагууд юм. Эдгээр байгууллагуудын санаачилгаар “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх" төслийн хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн явцад томоохон компаниуд бизнесийн ёс зүйн код болон хэрэгжүүлж буй ажлаа бусаддаа хуваалцдаг. Энэ удаад “Рио Тинто Монгол”, “Скайтел” болон  “МАК” групп, Бизнес академи, Транспэрэнси интернэшнл Монгол ТББ-ын зөвлөх нар оролцож “Скайтел” группийн туршлагыг сонсож  хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ оны эхний нэтворкинг уулзалтад Харвард менежментор хөтөлбөрийн төгсөгчид болох 30 гаруй компанийн захирал, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын сэтгүүлчид оролцсон юм. “Рио Тинто Монгол” компани нь бизнесийн орчинд шударга, ил тод, нээлттэй үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, зорилгоор энэ төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцож буйг  тус компанийн хамтын ажиллагаа, гадаад харилцаа хариуцсан захирал Б.Даваасүрэн тодотгож байв. “Транспэрэнси интернэшнл Монгол”ТББ-ын хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр олон улсын туршлага “Мэхлэлтийн гурвалжин” гэсэн сонирхолтой илтгэл тавьсан юм. Түүнчлэн  Харвард менежментор хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны тэргүүн Л.Загдаа “ Бизнесийн ёс зүй ба удирдлагын манлайлал санаачилга, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын зохицуулагч Б.Баяртогтох “Бизнесийн ёс зүйг нийтлэхүй” сэдвээр илтгэл тавьж “Ёс зүйтэй манлайлалд нэгдэхээ илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)