П.АМГАЛАНБАЯР
Ер бусын содон чимээ, үзэгдэх орчин, өнгө бүхий орчин биднийг угтав. Сэтгэлийн гүн дэх амар амгалан, тайвшрал, сандрал, догдлолыг уудлан гаргасан мэт санагдана. Тэрхэн хугацаанд өвөрмөц сэтгэгдлийг төрүүлсэн зүйл бол “байгалийн чимээ” байлаа. Энэ бол уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн “Савдаг” үзэсгэлэнгийн танхим юм.
Зураач Бат-Эрдэнэ нь сүүлийн жилүүдэд өөрийгөө сорьж, уран бүтээлээ туурвиж буй нэгэн. Энэ нь түүний бие даан гаргаж буй хоёр дахь удаагийн үзэсгэлэн юм. “Савдаг” үзэсгэлэнд нийт зургаан бүтээл дэлгэсэн бөгөөд энэ сарын 27-нд буух аж. Үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн бүтээлүүд орон зайн төсөөлөл, өнгө аясын өвөрмөц илэрхийлэмжтэй. Мөн монтаж, гэрэл, эффект гэсэн мэргэжлийн хольцоос бүрдсэн. Энэ бүх нийлэмж агшин болсон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэхийг зорьжээ. Тэрбээр үүнд суралцаж, бүтээлүүдээ төрөх агшин хүртэл их цаг хугацаа, зам туулсан аж. Мөн тэрбээр хүүхэд байхын аялах дуртай байсан нь энэ мэдрэмжүүдийг түүнд өгсөн мэт санагдана. Танхимд буй ус, газар доорх ертөнц гээд өвөрмөц бүтээлүүд нь бидний харж байгаагүй ч ахуй амьдралд “Савдаг” гэх төсөөллийн орон зай оршсоор ирснийг илтгэх аж. Тэрбээр уран бүтээлээрээ хүний дотор оршин буй нандин зан чанар, байгаль дээрх догшин хийгээд ариун чанарыг илэрхийлэхийг хүссэн байна. Мөн ямар нэгэн өнцөгт баригдаж, уран бүтээлийнхээ санааг хайрцаглахыг хүсдэггүй гэдгээ илэрхийлсэн юм. Мөн нийгмийг шүүмжлэхийг хүсдэггүй, уран бүтээлээрээ гэгээлэг зүйлийг харуулахыг зорьдог аж. Цаг хугацааны явцад бүх зүйл хөгжинө, бас устаж үгүй болно. Тиймээс аливаа зүйлийн алдааг тодотгох бус, сайхан болгохын төлөө эрмэлзэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм.
Тэрбээр “Урлаг маш хурдацтай хөгжиж байна. Бас хурдацтайгаар буцаж ч мэдэх юм. Бид түүнд дүн шинжилгээ хийж чадахгүй шүү дээ. Миний бүтээлүүдийн хувьд үзэсгэлэн буухад бүгд устаж, хоосон орон зай үлдэнэ. Гагцхүү миний илэрхийлэмж, үзэгчдийн сэтгэлд үлдсэн мэдрэмж төсөөлөл үлдэх юм. Магадгүй уран зураг, музейн үзвэр хадгалагдаад үлдэж болно. Орчин үеийн урлагийн нэг онцлог бол хүнд мэдрэмж өгөөд хоосон орон зай болж үлддэг. Мөн үзэгчдийн үзэсгэлэн үзэх соёл өөрчлөгдсөн. Олон улсын артистууд орчин үеийн чиглэлээр өөр өөрийн мэдрэмжээр уран бүтээлээ туурвиж байна. Тиймээс тухайн цаг хугацаанд өнгөрч буй бүхнээс хүмүүс сайхан мэдрэмж авч үлддэг байгаасай. Цаг хугацаа гэх орон зайн хэмжүүрт анзаарахгүй өнгөрсөн бүхнээ олж хардаг, ажигладаг байгаасай. Тэр бүхэн хүнд өвөрмөц, давтагдашгүй мэдрэмжийг өгдөг” гэлээ.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 59 (6791)