Ц.БАЯР

 

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аянтай холбогдуулан Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.

 

- “Дэлхийн мөнгөний долоо хоног” 10 дахь жилдээ болж байна. Энэ удаагийн арга хэмжээ ямар онцлогтой зохион байгуулагдаж байна вэ?

- Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага /OECD/ -аас хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн "Дэлхийн мөнгөний долоо хоног" олон улсын арга хэмжээг санаачлан зохион байгуулж ирсэн. Манай улсын хувьд энэхүү аянд нэгдээд ес дэх жилдээ оролцож байна. Жил бүрийн аян чиглэсэн уриан дор зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд "Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээ" гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Бид энэхүү аяны хүрээнд хамтрагч байгууллагуудтайгаа олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай улсын хувьд энэхүү үйл ажиллагаанд хамтран зохион байгуулагчаар ихэнхдээ санхүүгийн салбарын байгууллагууд нэгддэг байсан бол сүүлийн хоёр жилээс  хувийн хэвшлийнхэн болон өөр бусад төрийн байгууллагууд оролцох болсон нь их сайн хэрэг. Жил ирэх тусам уг аянд хамтран нэгдэх  байгууллагуудын тоо нэмэгдэж, санхүүгийн мэдлэг боловсролыг илүү олон хүнд олгох боломжийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Энэ өдрүүдэд нөлөөллийн арга хэмжээнүүд, сургалт уулзалтууд зохиохоос гадна олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. Монголбанк олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь бидний анхаарч ирсэн чухал зорилтуудын нэг юм.

-Судалгаагаар Монгол хүүхдүүдийн санхүүгийн мэдлэг тааруу байгаа нь эцэг эхчүүд нь санхүүгийн мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байсан. Энэ чиглэлийн судалгааг дахин хийсэн үү ?

-2012 онд Дэлхийн банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудаас манай улсын иргэдийн санхүүгийн боловсролын түвшинг дүгнэсэн судалгаа хийхэд  доогуур үнэлэгдсэн үр дүн гарч байсан юм. Нэг л үр дүнг хуваалцахад, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх асуулгад ердөө гуравхан бүтээгдэхүүн үйлчилгээг л нэрлэсэн байсан нь мэдээлэл ямар хүртээмжгүй хүрч байдгийн тод илэрхийлэл юм.  Үүний дараа бид 2016 оноос хойш олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БШУЯ-тай хамтран хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү чиглэн ажиллаж байна. Яахын аргагүй бид зорилтот бүлгүүдэд чиглэсэн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж үүнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ хүрээндээ зорилтот бүлгүүдийнхээ тоог нэмэгдүүлж ажиллана. Тухайлбал төрийн байгууллагуудтай илүү ажиллаж эхэлсэн. Дээр хэлсэнчлэн эцэг эх өөрөө санхүүгийн боловсрол муутай бол хүүхдүүд нь ч орлого, зарлага, хуримтлалын талаар тааруухан ойлголттой байдаг. Хөтөлбөрийнхөө хүрээнд хэд хэдэн судалгаа хийснээс үзэхэд монголчууд нийтээрээ л санхүүгийн мэдлэг хангалтгүй гэж гарсан. Энэ чиглэлээр төрийн бодлогын хэмжээнд зайлшгүй авч хэрэгжүүлж хүүхдийг багаас нь санхүүгийн мэдлэгтэй болгох шаардлага тулгараад байна.

-Санхүүгийн боловсрол гэхээр хүмүүс нэлээн том хүрээнд ойлгоод байдаг. Тэгвэл бусад улс орнуудад санхүүгийн боловсролыг хэрхэн олгодог бол?

-Санхүүгийн боловсрол гэдгийг хүмүүс өөрөөсөө маш хол ойлгоод байдаг. Гэтэл энэ нь бид бүхний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байдаг зүйл. Хүн болгон эдийн засагч ч юм уу санхүүч байх албагүй. Гэхдээ хүн болгон санхүүгийн мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Нийгмийн харилцаанд орж байгаа хүн болгон санхүүгийн харилцаанд орж яваа гэсэн үг. Дэлхийн санхүүгийн хямрал, Азийн санхүүгийн хямралын дараа улс орон болгон өөрсдийн бодлогын баримт бичгүүдэд санхүүгийн боловсролыг анхаарах чиглэлээр тусгасан байдаг. 2013 он гэхэд 45 орон улс орныхоо бодлогын баримт бичигт санхүүгийн хөтөлбөрийг стратеги болгон оруулж байсан бол 2021 он гэхэд 125 орон санхүүгийн боловсролыг хэрэгжүүлэх стратеги бий болгосон байдаг. Монгол Улсын хувьд 2016 оноос энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

-Таны хувьд санхүүгийн боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Санхүүгийн боловсролтой байна гэдэг нь санхүү төлөвлөлтөө зөв хийж чаддаг, хувийн санхүүгээ зөв удирддаг, хүүхдэдээ мөнгийг зөв ашиглах дадлыг л анхнаас нь суулгахыг хэлээд байгаа юм.

-Цалин буунгуут ийм зүйл авна гээд мөнгөө үрчихдэг хүмүүс байдаг шүү дээ. Ийм хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ер нь хүсэл хэрэгцээ хоёрыг ялгаж ойлгодог хүн мөнгөө зөв зарцуулж эхэлдэг. Энэ бол санхүүгийн хамгийн эхний суурь тавигдаж байна аа гэсэн үг юм. Тухайн эд зүйл таалагдаад сонгож байна уу эсвэл хэрэгцээтэй учраас худалдан авч байна уу, энэ асуултыг бодож худалдан авах шийдвэр гаргавал зарим зүйлсэд мөнгөө дэмий зарцуулдаг болохоо ойлгоно. Ихэнх хүн хүслээ дагаж худалдан авалт хийсэн байдаг. Энэ нь багаасаа мөнгөө зөв зарцуулж сураагүйн илрэл.

-Мөнгөний талаар ойлголтыг хүүхдүүдэд хэрхэн тайлбарлах ёстой вэ?

-Мөнгөний тухай ойлголтыг хүүхдүүдэд эхнээс нь зөв өгөх хэрэгтэй. Мэдээж мөнгө чухал гэдгийг ойлгуулах ёстой. Гаднын улс орнуудад хүүхдэд бүр бага байхаас нь энэ талын ойлголтыг өгдөг.. Жишээлбэл, гэр бүлийнхээ худалдан авалтад хүүхдийг  оролцуулах, хамтдаа дэлгүүр явахдаа өмнө нь авах зүйлсээ бичих зэрэг аргаар мөнгөө зөв зарцуулах арга зааж байдаг.Гэхдээ мөнгөнөөс чухал зүйл олон байдгийг хүүхдэд сайн ойлгуулаасай гэж хүсдэг. Жишээ нь аав, ээж, гэр бүл, найз нөхөд, хайр сэтгэл гэх мэтээр мөнгө хөрөнгөөр үнэлэгдэшгүй зүйл хүний амьдралд зөндөө шүү дээ.

-Монголчуудын санхүүгийн мэдлэг тааруу гэсэн дүгнэлтийг дээрх судалгаанд дурдсан. Аймаг орон нутгийн хувьд энэ үзүүлэлт хэр гардаг вэ?

-Монгол Улсын хэмжээнд бүс нутгаар нь авч үзвэл ялангуяа алслагдсан аймгуудын хувьд санхүүгийн мэдлэг тааруу байна. Харин уул уурхай хөгжсөн Өмнөговь, Дорноговь аймгуудын иргэдийн санхүүгийн мэдлэг хот суурингийнхантай ойролцоо түвшинд байна гэсэн судалгааны дүн гарч байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)