Д.ЧИМЭГ

 

Галын машины дохио хангинан хажуугаар давхина. Хаана гал гарсан юм бол. Фэйсбүүкт бичлэг харагдана уу гээд хэрэгт дурлах. Үнэн хэрэгтээ энэ нөхцөл байдал хүсэх зүйл огт биш. Санамсаргүй гарсан гал түймэрт хэчнээн хүн өртөж, хэдэн хүн бэртэж гэмтэх вэ. Цаашилбал хэдэн төгрөгийн хохирол амсах вэ гээд хэрэгт дурлагч “таны” ч хэтэвч дэх мөнгөтэй шууд холбогдоно. Тиймээс урьдчилан сэргийлэх, аюул тохиолдвол хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ гээд суралцах, мэдэх зайлшгүй шаардлага бий. Ер нь гал түймэрт өртсөн газарт Гал сөнөөгчид, Нийслэлийн онцгой байдлын албаныхан, түргэн тусламжийнхан, Улаан загалмайн ажилтан гээд хэд хэдэн байгууллагаас яаралтай тусламж үзүүлэхээр ирдэг аж. Учир нь өчигдөр “Тавантолгой түлш” компанийн баруун бүсийн IV үйлдвэрийн байранд “Гал түймэр унтраах тактикийн сургууль”-ийг зохион байгуулав. Энэ үеэр НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ц.Идэрмөрөн “Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш”  компанийн Баруун бүсийн IV үйлдвэрийн барилгад “Гал түймэр унтраах тактикийн сургууль”-ийг зохион байгууллаа.

Тус компанийн үйлдвэр улсын онц чухал объектод бүртгэгдсэн. Барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн зэргээр Гал  түймрийн Онц аюултай ангилалд багтдаг. Өнөөдрийн сургалт нь болзошгүй гал түймрийн үед унтраах, арга зүй, байгууллагуудын хоорондын харилцан ажиллагааг бэхжүүлж, объектын онцлогтой танилцуулах, гал унтраах, гамшгийн үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, болзошгүй гамшиг ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургах дадлага сургуулилт юм” гэв. Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд үйлдвэрийн барилга ихээр нэмэгдэж буй тул томоохон хэмжээний үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах нь байгууллагад нэн тэргүүнд хэрэгтэй байдаг аж. Цаашилбал, байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг хоёроос доошгүй удаа явуулж дадалжуулах хэрэгтэйг сургалтын үеэр мэргэжилтнүүд онцолж байв.

“Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт болсон сургалтад нийслэлийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, Аврах ангийн 2 тасаг, нийслэлийн Аврах анги, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын салбар, дүүргийн Улаан загалмайн хороо, “Таван толгой түлш” компанийн мэргэжлийн анги, нийт есөн техник хэрэгсэл, 51 алба хаагч, 45 ажилтан оролцжээ.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 56 (6788)