Ц.МЯГМАРБАЯР
2022 онд эдийн засгийг 5.5 хувиар өснө гэж төсөөлсөн. Гэвч Орос, Украины улс төрийн байдал энэ төсөөллийг шинэчлэх нөхцөлд хүргэлээ гэж эдийн засагчид хэлж эхэллээ. 2021 онд манай эдийн засаг 4.4 хувиар өснө гэж таамаглаж байсан ч цар тахлын нөлөө, хил, гаалийн гацалтаас шалтгаалж гүйцэтгэл 1.4 хувь болж эдийн засаг унасан байдаг. Харин 2022 он гараад аажмаар эдийн засаг сэргэж энэ оны сүүлч гэхэд 5.5 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн Төвбанк төсөөлсөн. Энэ нь дээрх хоёр оронд дайны асуудал үүсэхээс өмнөх төсөөлөл. Гэвч одоо дайн болон гадаад хүчин зүйлээс шалтгаалж энэ төсөөлөл өөрчлөгдөх нөхцөл үүсэх нь. Учир нь манай улс энэ оны эхний хоёр сард нийт импортын 35 орчим хувийг ОХУ-аас хийсэн байна. Үүний 60 орчим хувь нь нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлжээ. Шатахууны импортын 95 хувийг ОХУ, таван хувийг Хятад болон бусад улсаас хийдэг. Тэгвэл дайнаас шалтгаалж нефтийн импортод эрсдэл үүсэх нь гэсэн болгоомжлол төрж байна. Хэдийгээр 36-70 хоногийн нөөц бүрдүүлсэн. Энэ нь ирэх зургаан сар хүртэл хэрэглээ болохоор байгаа нь хүндрэл үүсэхгүй гэж Сангийн сайд мэдэгдсэн. Гэхдээ алсдаа байдал хэрхэх тухай одоо хэлэхэд эрт байгаа ч анхаарах асуудал болж байна. 2022 он гараад гадаад байдал ийнхүү өөрчлөгдөж буй тохиолдолд эдийн засаг 5.5 хувиар өснө гэсэн төсөөлөл биелэгдэнэ гэхэд хэцүү. Нефть, түлшний импортын бараа бүтэгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж макро төвшинд бүх салбаруудад нөлөөлж инфляц өсдөг. Түүнчлэн түлш,шатахууны үнэ 15 хувиар өсөхөд ДНБ-ний өсөлт 2.4-2.6 хувиар буурдаг гэсэн тооцоог судлаачид хийсэн байдаг.
Нийлүүлэлт тасрахгүй ч төлбөр тооцоо саатах эрсдэлтэй
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд газрын тосны /brent oil/үнэ 90 ам.доллар даваад байсан бол өчигдрийн байдлаар 110 ам.долларт хүрч нэмэгдээд байна. Энэ өсөлтөөр тооцвол импортоор авах шатахууны төсөвлөсөн үнэд өөрчлөлт орох болоод байна. Гэхдээ бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх үед “хэджинг” гэрээ хийсэн үү гэдэг нь чухал юм. Энэ гэрээ нь газрын тосны үнэ нэмэгдэх үед тогтвортой байсан үеийн үнийг хадгалж тооцох ач холбогдолтой гэрээ. 2020 онд нэг жилийн хугацаатай үнэ тогтвортой хямд байх үеийн гэрээг хийж байсан боловч дуусгавар болсон. АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас энэ тухай тодруулахад "2020 оны гэрээ дуусгавар болсон. Өнгөрсөн онд ийм гэрээ хийгээгүй.Энэ талаар УУХҮЯ бодлогоо гаргах байх. Бид гаргасан бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Одоогоор нөөц хангалттай. Мэдээж өсөлттэй үед ийм гэрээ хийх нь тохиромж гүй” гэсэн юм. ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй хийнэ гэдгээ сүүлийн байдлаар манай талд мэдэгдэж “Рос нефть” компани дараагийн гурван сарын нийлүүлэлтийн гэрээгээ хийхэд бэлэн гэсэн аж. Харин төлбөр тооцооны асуудал хүндрэл үүсэх эрсдэл байгааг Монгол банкны зүгээс өнгөрсөн долоо хоногт анхааруулаад байгаа. Тодруулбал, ОХУ, Украины дайнаас үүдэж олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээ хоригт орж төлбөр тооцоонд хүндрэл үүсч эхэлсэн. Зарим арилжааны банкууд ОХУ-руу хийх гүйлгээгээ зогсоогоод байгаа тухай нийгмийн сүлжээгээр албан бус мэдээлэл гарсаар. Тухайлбал, Хас болон Тээвэр хөгжлийн банкны гуйвуулга нь Оросоор дамждаг учраас гадаад руу мөнгө шилжүүлэх боломжгүй болсон. USD, CNY-с бусад тогтмол хэрэглэгддэггүй валют корреспондент банкнаас хамаарч сааталд орж болзошгүй. Уг нь “Сбербанк” хараахан хоригт ороогүй гэх мэт мэдээлэл хөвөрч иргэд, болон компаниудыг төрөгдөлд оруулж байна. Энэ тухай ирэх долоо хоногоос албан ёсны мэдээлэл гарч тодорхой болох байх гэсэн хүлээлт байна. SWIFT- ээс мэдээлж байгаагаар ОХУ-ын төв банк болон нэр бүхий таван банкны төлбөр тооцоог энэ сүлжээгээр явуулахгүй зогсоож хаалт хийж байгаа гэдгээ дурдсан. Тэгэхээр манай банкуудын төлбөр тооцоо хэрэв эдгээр банкаар дамжиж байгаа бол зогсох эрсдэлтэй байдалд орно хэмээн албаны эх сурвалж хэлсэн. Дотоодод бензиний үнэ 10 төгрөгөөр өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ нэг төгрөгөөр өсдөг шууд хамааралтай. Сангийн сайдын хэлснээр богино хугацаандаа буюу 6-9 сар хүртэлх хугацаанд нефтийн бүтээгдэхүүний импортод нийлүүлэлтийн шок үүсэхгүй гэж байгаа ч сарын өмнөх өсөлт нэг сарын дараа манай шатахууны үнэд нөлөөлж ДНБ-ний үнэ буурахад шууд хамаардаг гэж судлаачид хэлсээр.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ Гуравдугаар САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 48 (6780)