Ц.МЯГМАРБАЯР

 

"Янзтай ясны кальцтай шөл" үйлдвэрлэгч “Эс Ти Эс Фүүдс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бат-Очирыг “Бизнес хөгжил” буландаа урьж  ярилцлаа.

 

- Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдал ямар байна вэ. Ажлын байраа хэрхэн хадгалж үлдэв?

- Цар тахлын үед олон бизнесийн салбар хүнд байдалд орсон гэвч тухайн үед хүнсний салбар хүндрэл багатайгаар туулсан гэж ойлгож байна. Олон бизнес эрхлэгч нар ойлгож бас ярилцаж байсан нь хүнсний салбар хэзээд тогтвортой байдаг юм байна гэж олон удаа сонссон. Манай компани коронавирусийн үеэр бизнес маань хүндрэлд орох бус харин ч эсрэгээрээ өргөжиж тэлсэн гэж хэлж болно. Дархлаа дэмжих, хоргүйжүүлэх, эрдэс, уураг нөхөх гээд хүний эрүүл мэндэд чухал ач тустай ямар нэг хүнсний нэмэлт, нөөшлөгчгүй органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь энэ үед хэрэглэгчдэд маань үнэ цэнийг өгөөд зогсохгүй хоол хүнснийх нь нэгэн хэсэг болсонд тун таатай байгаа. Мөн тухайн үед улсаас мөнгө тараах, олон төрлийн зээл, байр, цахилгааны  мөнгө хөнгөлөх зэрэг нь иргэдэд санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлсэн нь ч нөлөө болсон байх. Манай компани коронавирусийн цаг хугацаанд хүнээ цомхотгох бус харин ч нэмэгдүүлж, илүү цаг бодож өндөр ачаалалтай ажилласан шүү . Харин одоо цар тахлын  дараах гэж хэлж байгаа цаг хугацаанд  инфляц өссөн, хил гааль асуудалтай байгаа энэ цаг хугацаанд бид хэрхэн бүтээгдэхүүний үнээ өсгөхгүйгээр хэрэглэгчийн худалдан авалтад дарамт болохгүй ажиллахыг зорьж ажиллаж байна.

- Танайх Засгийн газраас  хэрэгжүүлсэн  гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадсан уу?

-2021 оны  тавдугаар сард Засгийн газраас хэрэгжүүлсэн гурван хувийн хүүтэй 100 сая төгрөгийн зээлийг авсан. Цаг үеэ олсон чухал тусламж болсон тус санхүүжилтийн тусламжтайгаар есдүгээр сарын 1-нд шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Өмнөх бүтээгдэхүүнүүд  овор хэмжээ ихтэй жаахан үнэтэй байсан бол шинэхэн бүтээгдэхүүн маань авч явахад авсаархан, хэрэглэхэд амар яг л кофе шиг халуун усанд найруулаад уучихдаг өтгөрүүлсэн шөл байгаа юм.

-Танайх өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болох төлөвлөгөө биелэх эхлэл нь тавигдсан уу?

-Өмнөх цаг хугацаанд хийж бүтээсэн ажлуудын маань үр дүн нь мэдэгдэж хэрэглэгч, харилцагч, ажилтан, хувьцаа эзэмшигчдэд маань бүгдэд хүртээмжтэй үнэ цэнийг бий болгож байгаа. Компанийн маань баг хамт олныг хувьцаа эзэмшигчид маань өндрөөр үнэлж үйлдвэр барих ажилд  анхаарал хандуулж эхэлсэн. Бид түүний ч дагуу үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийн ажлыг эхэлчихсэн явж байна даа.

- Одоогоор хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Шинээр өөр бүтээгдэхүүн гаргах уу?

- Бид таван нэр төрлийн амттай,  гурван төрлийн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн  байнгын хэрэглэгчид болон  шинэ байгууллага хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг. Талх нарийн боовны үйлдвэрүүд, хэрчсэн гурил гоймонгийн үйлдвэрүүд, эмнэлэг сувилал, асрамжийн газар гээд олон түншүүдтэй хамтран ажиллаж байна. Бид олон төрлийн бүтээгдэхүүн туршиж, олон судалгаа хийсэн. Энэ жил бэлэн болгосон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхээ хойш тавьж одоогийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа болон шинэ үйлдвэрийн ажилдаа илүү төвлөрөн ажиллахаар шийдвэрлэсэн.

- Танайх экспортод  бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөө бий юу?

- Саяхан оны эхэнд  манайх руу  Солонгос, Хонгконг, ОХУ улсаас холбогдож бүтээгдэхүүнийг маань сонирхон судалж  хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн.  Бид ч бүтээгдэхүүний дээжээ явуулж бусад ажлыг хэлэлцэж явна.

-Компаниа хэзээ байгуулсан юм бэ?

-2017 онд компаниа анх байгуулсан. Харин бүтээгдэхүүний туршилтыг ШУТИС-ийн докторуудтай хамтарч хийж, хөгжүүлж явсаар 2018 онд зах зээлд нийлүүлж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл өдөр тутамдаа үйлдвэрлэлээ хөгжүүлээд ажиллаж байна.

-Ясны шөлний үйлдвэрлэлийг дотоодод хийх хэрэгцээ шаардлага их байсан гэж хардаг. Түүнийг нөхөх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна гэж хардаг. Санаагаа анх яаж гаргасан бэ?

-Манай үүсгэн байгуулагч Шархүүгийн Сүнжидмаа гэдэг хүн байдаг. Тэр хүн найзуудтайгаа хамтраад анх энэ компанийг үүсгэн байгуулсан. Би анх технологичоор ажиллаж байгаад саяхнаас гүйцэтгэх захирал болсон юм. Манай захирал өөрөө эрүүл мэндийг эрхэмлэдэг. Тиймдээ ч хүнд хэрэгтэй юу хийх вэ гэж найзуудтайгаа зөвлөж байгаад ясны шөлний үйлдвэр байгуулахаар болсон юм билээ. Ясны шөл гэдэг эрүүл мэндэд хэрэгтэй. Нөгөө талаар Монгол Улсад хамгийн гол түүхий эд нь бэлэн байна. Монголчууд хамгийн хэрэгтэй зүйл болох үхрийн булууны ясаа хэрэглэхгүй хаядаг. Гадаадынхан хэрэгтэйг нь мэдрээд, хэрэглээд явдаг юм байна гэдгийг харж, эх орондоо булууны ясны шөл үйлдвэрлэхээр шийдэж, энэ компанийг байгуулсан юм билээ.

-Өдөртөө хэчнээн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Манай компани өдөртөө 300-500 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголчууд ясны шөлний ашиг тусыг маш сайн мэддэг. Гэвч нөгөө талдаа үйлдвэрлэгчдээ сайн мэдэхгүй байна. Үйлдвэрийн бүтээгдэхүүн сайн юм уу, гэртээ чанаж байгаа нь илүү юу гэдгээ сайн ялгахгүй байх шиг. Сэтгэлд сэвгүй гэдгээр нь гэртээ яс чанаад байдаг. Гэвч гэртээ хангалттай удаан чанадаггүй, ном журмаар шөлөө гаргадаггүй, шим тэжээл нь дутмаг шөл гаргаад байдаг. Тиймээс үйлдвэрийн, ном журмаар нь чанаж гаргасан шөлийг хэрэглэж байвал сайн. Манай үйлдвэр олон үнэнч хэрэглэгчтэй болсон байгаа.

-Монголд олон жижиг, дунд үйлдвэр бий ч том болж хөгжихгүй байх шиг. Үйлдвэрээ томруулахын тулд ямар тулгамдсан асуудал байна вэ?

-Бидэнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал дэд бүтэц. III, IV цахилгаан станц үйлдвэрүүдэд хямд зардлаар уур өгдөг. Гэтэл цахилгаан станцуудын ойр орчимд газар байхгүй, маш олон үйлдвэр барьчихсан. Дахиж өөр үйлдвэр тэнд барих, байгуулах боломж бага. Хоёрдугаарт, зээл хамгийн тулгамдсан асуудал. Бид байнга л өргөжин дэвжиж, бүтээгдэхүүнээ сурталчилж, олонд таниулахын төлөө хичээж ажилладаг. Тэр болгонд л хөрөнгө мөнгө шаардлагатай. Банкнаас зээл хүсэхээр барьцаа хөрөнгө шаардана, тэгээд гацна. Улсаас тусалж, дэмжих гэж хичээж байгааг сайшаадаг. Гэхдээ бодлогоо илүү зөв болгож, аж ахуйн нэгжүүдээ мэдэрч, дэмжиж чадвал улсаараа хөгжихөд нөлөөлнө гэж боддог. Нөгөө талаар хэрэглэгчдийн боловсрол, хоол хүнсний талаарх мэдлэг илүү нэмэгдээсэй гэж боддог. Хоол гэдэг тэр чигээрээ эрүүл мэнд. Хүмүүс чанартай бүтээгдэхүүнийг илүүтэй хэрэглэж, олон төрлийн өвчлөлөөс сэргийлэх хэрэгтэй байна. 

-Танай үнэт зүйл алсын хараа юу вэ?

-Монгол бэлчээрийн малын үнэт чанараар хүртээмжтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортоор тэргүүлэгч болох эрхэм зорилготой. Манай алсын хараа оролцогч талууд үнэ цэн бүтээж үр шим хүртэнэ гэсэн алсын харааг эрхэмлэдэг. Үнэт зүйлсээ  цэгцтэй сэтгэлгээ, бэлчээрийн мал, гүн боловсруулах технологи,эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн, сахилга бат гэж эрэмбэлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 44 (6776)