Дөрвөн жил ажиллаад энхийг сахиулагч болсон нь
Миний бие 2013 онд БХИС-ийг Сэтгэлзүйч, соёл хүмүүжлийн ажилтан мэргэжлээр төгсөөд гэр бүлийн хүнээ дагаж хилийн 0184 дүгээр ангийн дугаар заставын орлогчоор томилогдон ажиллаж байлаа. Эх орныхоо торгон хилийг хамгаалж, хилийн манаанд үүрэг гүйцэтгэж, холын мөрөөдлөө төсөөлөн аргамаг хүлгийн жолоог атгаж явахдаа эх орноо хамгаалах хилчин эмэгтэй офицер ямар байх ёстойн үлгэр дуурайлал нь байх хүсэл эрмэлзлэлээ л бодож явдаг байв. Цэргийн мөрдэс зүүж, тэр тусмаа цэргийн мэргэжлээр суралцаж төгссөн болохоор мөр зэрэгцэн суралцаж байсан он жавууд дамжааныхан минь Олон улсын цэрэг, цэнхэр дуулгатан болж, даян дэлхийд энхийг сахиулж эх орныхоо нэрийг дуурсгаж хүлээсэн үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо ирэхэд нь угтан зогсож байхдаа “Би ч гэсэн нэг өдөр явна даа” гэж боддог байлаа. Ингээд би хилийн заставт отрядын төвөөс отрядын улирлын шалгалтаар ирэх бүлэгт энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлтэй тухай өргөдлөө олон удаа өгч явуулсан юм. Жил бүр оны эхэнд нэг, сүүлд нэг бичдэг байв.Харин 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцоод отряд руугаа буцахдаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа холбогдох хүмүүст хэлэхэд надаас хэдэн жил ажиллаж байгааг минь асуусан юм. Би ч хоёр жил гаруй ажиллаж буйгаа хэлбэл арай болоогүй байна гэж билээ. Тэр үед надад явж болох өдөр ирэх юм байна гэсэн итгэл төрж, үргэлж хичээж зүтгэсээр ажиллаж байлаа. Намайг энхийг сахиулах ажиллагаанд явна гэхээр хүмүүс их л хэцүү, бараг бүтэхгүй гэж ярина. Ингээд 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцоод буцахдаа мөн л өмнөх хүсэлтээ хэлэхэд дахин хэдэн жил ажиллаж байгааг минь асуусан. Дөрвөн жил гаруй болж байна гэхэд ном журмынх нь дагуу өргөдлөө өгөөрэй гэж билээ. Тэр үед би бараг л явчихсан хүн шиг хөөрч догдолсон. Өргөдлөө бичиж үлдээгээд хилийн застав руугаа очтол шифр мэдээ ирлээ. Тэр өдөр мэдээгээ тайлж суугаад өөрийгөө Улаанбаатар хот руу явж сонгон шалгаруулалтад орох болсныг мэдэж айх, баярлах хоёр зэрэгцэж байлаа. Долдугаар сард ХХЕГ дээр 100 гаруй алба хаагч цугларч, ЗХЖШ-аас эрүүл мэнд, биеийн тамирын шалгалт авах тул хээрийн бэлтгэлд гарах болов.
Гал тогоонд бэлтгэгчээр ажиллав
Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цааш биеийн тамирын шалгалтад хурд, хүч, тэсвэр зэргээр шалгалт өгч дуусаад бүгдийг нь жагсаагаад хамгийн түрүүнд миний нэрийг дуудав. “Тэнцээгүй хүмүүсээ жагсаалаас гаргаж байгаа юм байх даа. Би гайгүй л өгсөн дөө” гэсэн бөөн бодол болж жагсаалаас гараад зогссон юм. Миний араас 30 гаруй залуучуудын нэрийг дуудлаа. “Энэ хүмүүс тэнцсэн. Бусад нь явж болно” гэхэд л нэг амьсгаа авч билээ. Маргааш өглөө нь Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр цугларч хээр гарах бэлтгэлээ хангаад Тавантолгойн нэгдсэн сургалтын төв рүү явган марш үйлдэж 30 км замыг хувийн аранзтай (15 кг орчим жинтэй) туулж очиход “одоо л эхэллээ дээ” гэж бодогдож билээ. Хүн нэг бүрт бэлтгэл, тасгийн, салаа, рот, батальоны бэлтгэл өгч байв. Хээрийн бэлтгэлд анх очоод гал тогоонд буюу БХР-ын ХҮС-ны бэлтгэгч, тогоочийн албан тушаалд томилогдлоо. Ажлын минь онцлог болоод тэр үү хэдэн цэрэгтээ олон удаа хоолыг нь хийж өгч байсан болохоор түүртэх зүйлгүй ажиллаж байлаа. 1000 гаруй цэргийн албан хаагчийн хоолыг үүрийн 04:00 цагаас эхлээд бэлтгэж, шөнө 24:00 цагт л амарна. Хажуугаар нь тусгай бэлтгэл 10, 20, 30 км-ийн марш, буудлага, очих газар орны танилцуулга гээд олон бэлтгэлд хамрагдана.Хээрийн бэлтгэлийн хугацаанд "Хааны эрэлд" Олон улсын цэргийн хээрийн сургалт болж түүнд хамрагдсан юм. Англи хэлний мэдлэг муу байсан тул хэл нэвтрэлцэх хэцүү юм билээ. Япон, Солонгос, Хятад, Америк гээд бүгд л англи хэлээр ярьж байлаа. Цэргийн хүнд хаана ч явсан гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэйг тэгэхэд сайн ойлгосон. Зорьсон зорилго байгаа болохоор тэсвэр тэвчээр зааж байлаа. Хээрийн бэлтгэлээс олон хүн буцсан. Эрүүл мэнд болон сэтгэл зүйн бэлтгэл дутмагаас болно. Ахлах дэслэгч цолтой заставын орлогч хийж байсан хүн дэд ахлагч цолтой, гал тогоонд бэлтгэгчийн албан тушаалд ажиллана. Тэр үед их олон зүйл бодогдож байлаа. Бэлтгэгч, угаагч, тогооч гэхээр хүн биш гэсэн ойлголт байхгүй. Гадуур ажлаа амжуулаад ирэхэд бэлэн хоол, дулаан байр бэлдэх хүн нь болж ажиллах нь юу нь муу гэж. Тэр том батальоны нэг эс нь болж үүрэг гүйцэтгэнэ л гэсэн үг. Хээрийн бэлтгэлд хамрагдаад хоёр сар болох гэж байтал Батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатар бүх эмэгтэй цэргийн албан хаагчийг жагсааж бидэнд хандан, "Мотобуудлагын ротод өмнө нь эмэгтэй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаагүй. Хүнд хүчир алба. Чадна гэж бодож байгаа нь жагсаалаас гар" гэж хэлэхэд надаас гадна (Хилийн 0101 дүгээр ангийн шалгагч, ахлах ахлагч А.Одончимэг нарын) 10 эмэгтэй жагсаалаас гарав.
Тасгийн дарга
Тэр өдөр намайг Мотобуудлагын III ротын II салааны II тасгийн даргаар томилсон юм. Ингээд ганцхан өөрийгөө бодож, урдах ажлаа хийж байсан би өөрөөсөө гадна 10 эмэгтэй, салааныхаа 80 гаран залуучуудад санаа зовох болсон. Бид МБР-ын анхны эмэгтэй цэргийн албан хаагчид тул сайн, бүр илүү сайн байх ёстой, хамт мөр зэрэгцэн явж байгаа залуучуудаас алхам ч хоцорч, эсвэл тээр болж болохгүй шүү гээд л үглэдэг байлаа.Зорьсон газартаа очиход аагим халуун, шавар шавхайтай, энд тэнд нисдэг тэрэг хөөрч, орон орны цэргүүд яваад л. Аранзаа байрлах өрөөндөө оруулж орхиод сум үл нэвтрэх хантааз, каск, дөрвөн магазин сум, хүн нэг бүрийн зэвсгийг хүлээж аваад харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Өглөө 07:00 цагт манаандаа гарч, маргааш өглөө нь 07.00 цагт манаанаас бууна. Өдөр бүрийн үүргээ манай тасгийнхан амжилттай сайн биелүүлсэн. Эхний хэд хоногт шөнө буун дуу их сонсогдож гэрэлт сум харагдана. Байсхийгээд л хоргодох байр луу гүйнэ. Их айж байсан ч гаднаа зүв зүгээр царай гаргаж тасгийнхныгаа хурцалж, “Бид чадна, болно” гэж зоригжуулдаг байлаа. БНӨСУ-ын дотоодын зөрчлөөс болж энгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд нь хүчирхийлэлд өртөж, үймээн самуун тасрахгүй байдгаас болж НҮБ 2010 онд энгийн иргэдийг хамгаалах хуаран бий болгож энхийг сахиулагч цэргүүдээр дотоодын үймээн самууны хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийг хамгаалуулж байгаа билээ. Энэ үед бид ямар сайхан эх оронтойгоо улам их мэдэрч, шүтэж байлаа. Мөн нэг санаа, зорилготой байвал ямар ч саад бэрхшээлийг даван туулах чадвар чадамж хэн бүрт байдаг гэдгийг сайн ойлгосон. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа Дани улсын нэрэмжит 10 кг ачаатай 25 км замыг туулах маршийн тэмцээнд 36 орны 300 гаруй энхийг сахиулагч оролцож эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрт, нийт тамирчдаас 40 дүгээр байрт шалгарсан. Гүйж байхдаа өлсөөд замдаа гадил идээд л явж өгсөн. Эмэгтэйчүүд нэг ч харагдахгүй байсан учир санаа амар явж байтал хоёр хятад цэрэг гүйцээд ирэхээр нь гэнэт ухаан орсон хүн шиг хурдалж билээ. Цаанаа айхтар үндсэрхэг үзэлтэй байгаа биз. Миний дээр бичсэн тэмдэглэл танд энхийг сахиулах ажиллагааны талаар бага ч гэсэн ойлголт өгнө гэж найдаж байна. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд миний ар талыг авч явж байсан хайрт хань болон хилийн 0132 дугаар ангийн хамт олон, хилчин офицерийн эгнээнд багтааж өгсөн хурандаа Ц.Батбаярт маш их талархаж явдагаа энэ дашрамд илэрхийлмээр байна.
Хилийн 0101 дүгээр ангийн Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны ахлах офицер, ахмад Очирбат овогтой Нинжбадгар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (6772)