Ц.МЯГМАРБАЯР

 

Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр биржийн үйл ажиллагаа идэвхжиж шинээр олон  байгуулагдаж байна. Бирж дотроо төвлөрсөн болон төвлөрсөн бус гэсэн  төрөлтэй. Монголын хөрөнгийн бирж  1991 онд байгуулагдсан бол 1997 онд Монголын анхны 100 хувь төрийн өмчит Үнэт цаасны бирж байгуулагдсан түүхтэй. Энэ хоёр биржээс өөр хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг нь манайд байгаагүй. Харамсалтай “ҮЦБ” хүссэн хэмжээнд хүрч ажиллаагүй. Харин Ард санхүүгийн нэгдэл тус биржид хөрөнгө оруулалт хийж шинэ менежментээр хөгжүүлж зах зээлд шинээр үйл ажиллагааг нь явуулахаар болсон. Ингэснээр "унтаа" зах зээлд өрсөлдөөн бий болж байна. Орчин үед биржийн үйл ажиллагаа ямар менежментээр  хөгжиж байгаа талаар "Таванбогд капитал"  ҮЦК -ийн гүйцэтгэх  захирал Г.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Биржийн бизнес гэдэг технологийн бизнес болсон.  Тэгэхээр технологийн шийдэл хурдтай, алдаагүй байх гэсэн хэд хэдэн шалгуурыг хангаж чадах юм бол хөрөнгийн зах томрох хүч бололцоо нь бүрдэнэ. Ер нь дэлхийн олон оронд тус тусдаа олон бирж байхаа больсон. Ялангуяа санхүүгийн зах зээлтэй холбоотой биржүүд нэг групп болж хөгжиж байна. Групп бирж нь нэг толгой компанитай. Толгой компани дэргэдээ Үнэт цаасны болон, түүхий эдийн, феччюрсын  гэх мэт  чиглэл, чиглэлд мэргэшсэн өөрсдийн охин компаниудтай. Эдгээр нь хоорондоо нягт уялдаа, холбоотой нэг компани шиг  ажилладгаараа онцлогтой.  Энэ менежментээр Америк, Англи,  Япон  зэрэг орнууд хөгжүүлээд явж байна. Ингэж нэгдэж ажилласнаар хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг. Тэгэхээр Монголд яваандаа ийм групп биржийн менежмент рүү шилжих байх” гэв.  Одоогоор манайд  ХАА, Эрдэс баялаг, Уул уурхайн бирж байгуулагдах гэж байна. Хувьцаа, бонд, арилжаалдаг Монголын хөрөнгийн бирж гэх зэрэг. Эдгээр нь нийлж групп бирж болох нь тодорхой. Ингэснээр бусад бүс нутгуудтай өрсөлдөх давуу тал болох сууриа тавих юм байна.

 

Улаанбаатар үнэт цаасны бирж байгуулагдав

 Шанхай, Лондон, Торонто, Хонконг, Нью-Йорк гэсэн дэлхийн томоохон хотууд өөрсдийн нэрээр алдаршсан олон улсын хөрөнгийн биржтэй. Үүний нэгэн адил манай улсын нийслэл өөрийн гэсэн үнэт цаасны биржтэй болж, хөрөнгийн зах зээлд шинэ тоглогч, платформтой болох зорилго тээн, үнэт цаасны зах зээлд шинэ менежмент хэрэгжүүлэн гарч ирж байгааг “Улаанбаатар Үнэт цаасны бирж”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золзаяа тодотгож байна. Манай улсад ААН, компаниуд хувьцаа, бонд гаргах, үнэт цаасны шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтрэх зэргээр хөрөнгийн зах зээл өргөжин хөгжиж идэвхжиж байна. Үүнтэй зэрэгцэн хувийн бирж байгуулагдан ажиллаж байна. Энэ нь анх “Монголын Үнэт цаасны бирж” нэрээр гарч ирсэн “Улаанбаатар үнэт цаасны бирж” бөгөөд хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх, тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 онд анхны компани IPO хийж биржид бүртгүүлж байсан бол 2018-2021 онд компанийн бондын арилжаа явуулжээ. Өнгөрсөн оны байдлаар тус бирж нийт үнэт цаасны 19 гишүүн компани, таван тооцооны гишүүн, хоёр зах зээл үүсгэгчтэй болж, улмаар арилжаа, тооцооны нэгдсэн, мэргэжлийн оролцогч нарт нээлттэй UBX платформыг ажиллуулж буйг танилцууллаа. “Улаанбаатар үнэт цаасны бирж”-ийн Монголын Хөрөнгийн биржээс ялгарах онцлог, давуу тал нь шинэлэг бүтээгдэхүүн, үнэт цаас гаргагч нараар ялгарч бирж нь арилжаагаа урт цагаар хийх, шалгуур хангасан үнэт цаас гаргах зэргээр компаниудад хөгжих боломжийг нээж өгөхөөрөө онцлог юм.  UBX платформ нь дэд бүтцийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын системтэй шууд холбогдох боломжтой, үнэт цаасны уян хатан, цогц систем гэдгээрээ хөрөнгийн зах зээлд шинэ боломжийг нээж байна гэв.

 

Биржийг нэгдсэн стандартай болгосноор эрсдэл багасна

Санхүүгийн зохицуулах хороонд төвлөрсөн бус биржийн зөвшөөрөл хүссэн 20 гаруй компанийн хүсэлт байгаа ч одоогоор зөвшөөрөлтэй идэвхтэй үйл ажиллагаатай нь 4-5 байна. Койны биржийг төвлөрсөн бус бирж гэж нэрлэж байна. Одоогоор  биржүүд хоорондоо холбогдож дэлхий нийтэд  интеграц хийн  ажиллаж байгаа зүйл  хараахан байхгүй. Монголд ч ялгаагүй. Ер нь койны биржид тавигдах шалгуур тодорхой байх ёстой аж. Ингэснээр олон хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангах нь тодорхой гэж шинжээч хэлж байна. Эдгээр бирж нь  гаднаас технологийн шийдлээ авахын зэрэгцээ дотоод нөөц бололцоогоо ашиглаж байгаа ч нэгдсэн стандартай болгох нь зайлшгүй юм.

Нэгдсэн стандартгүйгээс иргэд хохирох магадлалтай. Тиймээс стандартыг өндөр болгосноор түүгээр үйлчлүүлэх иргэдийг эрсдэлээс хамгаалах учиртай.  Койн, бирж, төлбөр тооцоо, брокер гэсэн бүх институцыг нэгтгэж  нэг л байгууллага  нэг  аппликейшнээр хийж байна. Энэ нь эрсдэлтэй гээд байгаа юм. Хэдийгээр нэг цонхоор хурдан шуурхай амар, хялбар үйлчилгээ үзүүлж буй ч нөгөө талдаа тэр их цар хүрээг хамарсан үйл ажиллагаа нь маш сайн зохицуулалт хяналт,эрсдэлийн удирдлагын дор явах ёстой аж. Тэгвэл уламжлалт биржүүдийн үйл ажиллагаа брокер, бирж, төлбөр тооцоо,хадгалалт бүгд тусдаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн өөр, өөрийн эрх үүрэгтэйгээр тус тусдаа, гэхдээ нэг толгой компанитай ажиллаж байж үйлчлүүлэгчдээ эрсдэлээс хамгаалдаг. Тэгэхээр энэ байдлыг Монголын биржүүдэд тогтоох хэрэгтэйг мэргэжилтэн зөвлөж байна. Мэдээж олон бирж байгуулагдсанаар өрсөлдөөн их болж шимтгэл, хураамж  буурах нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 39 (6771)