Ц.МЯГМАРБАЯР

 

Монголын анхны цахилгаан автомашиныг  ирэх гуравдугаар сард угсарч зах зээлд нийлүүлэхээр болсон  “Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэлийг энэ удаагийн “Старт апп” буланд урьж ярилцлаа.

 

-“Барс Моторс” компани энэ удаад цахилгаан машины шинэ шугамыг Монгол дахь үйлдвэртээ нэмж, хөгжүүлэлт угсралтын ажлуудаа нэлээн эрчтэй эхлүүлж байх шиг байна. Үр дүн хэр байна вэ?

-“Барс Моторс” компанийн анхны автомашины төсөл "MOZO" -г гурван жилийн өмнө Монголд танилцуулж байлаа. Монголын хатуу ширүүн нөхцөлд амжилттай туршиж  батлагдсан учир зах зээлд нээлттэй борлуулж байгаа. Харин ирэх гуравдугаар сараас эхлэн цахилгаан авто машиныг “Барс электроник” охин компани маань туршиж зах зээлд борлуулж эхлэхэд бэлэн болж байна. Хүйтэн сэрүүн цаг агаар зонхилсон Монгол оронд цахилгаан машиныг нутагшуулахад зориулан хөгжүүлэлтээ өнгөрсөн хугацаанд чиглүүлж ирсэн. Тиймээс Монголын ирээдүйн эрчим хүчний нөөц, хомстлыг тооцож үзээд, сэргээгдэх эрчим хүчтэй хавсарч тэжээгддэг машин хамгийн тохиромжтой гэж үзээд энэ инновацлаг шийдлийг гаргаж ирээд байна. Цагт 102 км/цагийн хурдтай энэ машин нь гэрийн нөхцөлд 220В цахилгааны хүчин чадлаар 8-9 цаг цэнэглэх бол 380В хүчин чадлаар ердөө 40 минутад цэнэглэнэ. Машины дотор хэсгийн тухайлбал, суудлын халаалтыг дээвэрт байрлах нарны эрчим хүч хураагуураар цэнэглэж ажиллуулах юм. Ингэснээр, цахилгаан хөдөлгүүрийн цэнэг хуваагдаж тарахгүй ба зөвхөн зам дээр явах үедээ  хэрэглэж, нэг цэнэглэлтээр бүрэн 300 км зайг туулах боломжтой.  Дөрвөн хүний суудалтай, дунд оврын жийп машинтай ижил газраас харьцангуй өндөр уг цахилгаан машины загварыг олон нийтэд харуулж, дэлгэрэнгүй танилцуулах гэж байгаадаа баяртай байна.

-Үнэ болон борлуулалтын  ямар менежментийг барьж байна. Лизингийн үйлчилгээг нэвтрүүлэх үү?

-Нэг цахилгаан машин ойролцоогоор 69 сая төгрөгөөс дээш үнэтэй байна. Загварын хувьд дөрвөн хүний суудалтай жижиг оврын жийп. Ялангуяа хотод амьдардаг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовдог, ажил, гэр хоёрын  хооронд унах, ажил хэрэгч залуучуудад тохиромжтой машин. Түүнчлэн ногоон зээлд хамрагдах боломжтой учраас худалдан авч байгаа хэсэгт таатай байгаа. Маш их сонирхож байна. Эрэлт хэрэгцээ өндөр байхаар байна. Ялангуяа Хас банкны “Ногоон зээл”-ийн шаардлагыг бүрэн хангахаар байгаа.  Хоёр жилийн өмнө манай компани 50 сая ам.долларын нийт өртгөөр автомашиныхаа үйлдвэрийг барьсан. Машинаа борлуулаад зардлаа нөхнө гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч худалдан авагч бэлэн биш байсан.  Бид лизингийн үйлчилгээг төлөвлөөгүй орхисон байсан. Тэгвэл одоо “Барс моторс” компанийн 10 хувийг ” Mozo Finance” компани байгуулж түүндээ шилжүүлэн MOZO COIN гаргасан. Одоогоор манай MOZO COIN д 1000 орчим хүн хөрөнгө оруулсан. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө машин авах гэсэн хүмүүсийн лизинг зохицуулж өгөхөөр болоод байна. Өөрөөр хэлбэл,  сонирхсон хүмүүс   урьдчилгаа 20 хувь төлөөд үлдсэн  төлбөрийг сарын нэг хувийн хүүтэйгээр худалдан авах боломжийг олгоно гэсэн үг. Хаан банкнаас 36-96 сарын хугацаатай. Хуучин машинаа 13 орчим сая төгрөгөөр борлуулчихаад манайхаас шинэ машин авах боломжтой. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлд оролцох гурван боломжийг иргэдэд олгох юм. Нэгдүгээрт, боломжийн үнэтэй, шинэ машин унах. Түүнчлэн үйлдвэрийн таван жилийн баталгаа өгөхийн зэрэгцээ машиныг нэг жилийн хугацаанд  даатгалд хамруулна. Хоёрдугаарт,  энэ үйлдвэрлэлд хөрөнгө оруулах боломжтой. Манайд хөрөнгө оруулсан хүмүүсийн дийлэнх нь 50-70 дээш насныхан байгаа. Учир нь 30 жилийн өмнөх  өмч хувьчлалаар эдгээр насны хүмүүс цэнхэр, ягаан тасалбарын үр шимийг хүртээгүй. Энэ нь маш том давуу тал. Өөрөөр хэлбэл, MOZO ZOIN гаргаж арилжсан. Анхны арилжаагаар нэгж хувьцааг маш бага 30 мөнгөөр буюу 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олон нийтэд санал болгосон. 30 жилийн өмнө нэг төгрөгөөр гурван ширхэг хуушуур, нэг марк гээд 2-4 төрлийн зүйл худалдан авдаг байсан. Тэгвэл одоо юу ч авч чадахгүй. 100 төгрөгөөр юу  авах билээ. Тиймээс манай компанийн хувьцааг авах сонирхолтой иргэнд 10-200 хүртэл сая төгрөгийн зээл олгож түүгээрээ манай хувьцааг худалдан авах боломжийг давхар олгож байна. Ингэснээр бид ойролцоогоор 10 мянган үндэсний хөрөнгө оруулагчдыг “MOZO” төсөлд хамруулах зорилготой.

-Бензин хөдөлгүүртэй МоZo машины тухайд 2022 онд 1000 орчим захиалга  авна гэж байсан. Цахилгаан автомашиных түүнээс илүү эрэлттэй байх тухай ярилаа. Ирээдүйд ирэх захиалга, нийлүүлэлтээ хэрхэн харж байна вэ. Үйлдвэрийн хүчин чадал тэр хэрээр бэлэн байх ёстой байх л даа?

-Манай улсын авто машины зах зээл 500 орчим сая ам.долларт эргэлддэг. Энэ нь манай төгрөгийн ханшийг сулруулдаг гол хүчин зүйлийн нэг. Автомашин үйлдвэрлэнэ гэдэг үндэсний хөрөнгө оруулагчтай  үндэсний үйлдвэр болох ирээдүйг бүтээнэ. Мэдээж үндэсний ажиллах хүч бэлтгэнэ. Автомашины үйлдвэрийн технологи пуужингийн технологиос хэцүү. Харин пуужин яагаад үнэтэй байдаг вэ гэвэл материал нь автомашиныхаас үнэтэй байдаг учраас тэр. Тэгвэл автомашины технологи маш нарийн учраас манайд шинэ технологи орж ирж байна гэсэн үг. Мөн манай улс зэсийн арвин баялагтай орон. Тэгвэл зэсээр дамжуулан цахилгаан автомашиныг солилцох өндөр боломжтой. Цахилгаан машин, цахилгаан автобусны хамгийн үнэтэй зүйл баттерей.  Баттерейн түүхийн эдийн хамгийн том орц нь зэс. Тэгэхээр цахилгаан автомашинд шилжих нь бусад улстай харьцуулахад манай улсын хувьд хамгийн хямд сонголт. Дэлхийн зах зээлд дотоод шаталт хөдөлгүүртэй автомашины /Герман, Япон/ зах зээлийн хааначлал дуусч одоо баттерей буюу цахилгаан тэжээлээр явах машины эрин эхэлчихсэн. Хэн сайн баттерей хийж чадна тэр компани, хүн автомашины зах зээлийн үнэ, өртгийг тодорхойлох болно.

-Эрэлтээ хэрхэн хангах тухайд?

-Манай үйлдвэр Хятад улсад байрлаж байна. Жилийн 25-30 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай. Ирэх гуравдугаар сарын сүүлээр үйлдвэрлэл эхэлнэ. Дотооддоо1000 машин үйлдвэрлэхээр эхэлсэн. Ойролцоогоор гурван жилийн хугацаанд Монголын суудлын автомашины зах зээлийн 10 хувийг жилдээ 50 орчим сая төгрөгийн үйлдвэрлэл явуулж  бүрэн хангана

-Ажлын байр тэр хэрээр нэмэгдэх байх л даа?

-Автомашины үйлдвэрлэл олон тооны ажлын байрыг бий болгодог. Интерьерийн баг, арьс, нэхий эдлэл, металл хий, зэс, ганга, төмөр, дархан, шилэн хийц гэх мэт. Электроник тоногдолд IТ  инженерүүд олон зүйлийг хийнэ. “MOZO maing” гэсэн  “android 10”үйлдлийн системтэй.  Машин дотроо хүүхдүүд англи хэл  сурах, санхүүгийн боловсрол олж авахын зэрэгцээ  ЕБС-ийн математик, хими, физикийн хичээл сонгож үзэж  боломжтой. 

-Манай хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд хэр тохирох бол. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад цахилгаан автомашиныг зах зээлд нэвтрүүлэх нь чухал байна?

-Цар тахлын хөл хорионы үед автомашин явахгүй байх үед агаарын бохирдол маш бага Улаанбаатар хот цэлмэг байсан. Тэгэхээр автомашины хөдөлгүүрээс гарах утаа агаарын бохирдлыг хамгийн ихээр бий болгодог нь нотлогдсон. Харин энэ жилийн тухайд нэлээд бохирдолтой байна. Ер нь шавхагдашгүй нөөц болох сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг автомашин бол Монголд хамгийн тохиромжтой шийдэл. Учир нь, Монголд бараг өдөр бүр буюу 260 гаруй хоног цэлмэг нартай байдаг. Монгол Улсын үндэсний бүтээгчид дэлхийн хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэж байгаа. Түүнчлэн  зарим хөгжүүлэлт нь  олон улсад жишиг болохоор байна. Түүнчлэн бид хоёр жилийн хугацаанд МоZo брендийн бензин хөдөлгүүртэй SUV ангилалын 20 автомашиныг  зах зээлд явуулж туршиж үзлээ. Үр дүн нь яг л Монгол орны хатуу ширүүн уур амьсгал, хүнд замд тохирсон,  бидний гарын аяыг даах чадвартай гэдэг нь батлагдсан. Түүнчлэн өвөл хүйтэнд хучлагагүй, дулаан грааш шаардлагагүй, гадаа байх боломжтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)