Б. БАРС

 

Орчин үеийн эдийн засгийн онолыг үндэс­лэгчдийн нэг Адам Смит­тэй овог ижил Чарльз Хью Смит гэх АНУ-ын эдийн засагч энэ онд дэлхийн эдийн засаг нурж унана гэжээ. Түүний үзэж буй­гаар глобал эдийн засгийн тулгын гурван чулуу болох АНУ, Хятад, Европын хол­боо хямралаас гарах нэ­рийд­лээр хэвлэсэн мөн­гөн тэмдэгтэнд дэндүү ихээр булагдах нь бүү хэл булш­лагдаж ч болзошгүй аж.

Ер нь 2013 он дэлхийн эдийн засгийн хувьд амаргүй жил болно гэдэгт нэртэй судлаач, эдийн засагчид үндсэндээ дуу нэгтэй байгаа юм. Чухам яагаад таагүй прогноз давамгайлна вэ. Гол шалтгаан нь гэвэл “Их 20” буюу дэлхийг чирэгч нөлөө бүхий 20 оронд эдийн засгийн өсөлтийг хангаж ирсэн загвар шинэ нөхцөл байдалд үр дүнгээ өгөхөө больжээ. Иймд тэдгээр орнууд яаралтайгаар илүү үр ашигтай, цоо шинэ хөгжлийн загвар олох зайлшгүй шаардлагатай тулгарсан байна.

Европдоо хамгийн томд тооцогддог Швейца­рийн “UBS” банкны зөв­лөх, дэлхийн нөлөө бүхий санхүүч Ж. Магнус шинэ оны төлөв байдлын талаар ийн ярьж байна.

“Хүндхэн хямралын араас зайлшгүй сэргэл­тийн үе дагадаг. Энэ утгаараа 2013 он макро-эдийн засгийн сэргэлтийн мөчлөгийн эхлэлийг тавих нь мэдээж эерэг үзэгдэл.

Хэдий тийм ч энэ жил глобал эдийн засагт олон аюул заналхийлж болзош­гүй. Тэдгээрээс хамгийн аюултай нь БНХАУ, ер нь нийт BRICS(Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк)-ийн ор­нуу­дын эдийн засгийн өсөлтийн удаашрал юм. Сүүлийн 12 жилийн турш эдгээр орнуудын огцом өсөлтийг хангасан ний­гэм, эдийн засгийн, зарим талаараа улс төрийн тог­тол­цооны нөөц шав­хагд­жээ. Иймд, өөрсдийн байр сууриа хадгалахын тулд эдгээр орнууд шинэ санаа, шинэ арга барил эрэл­хийлэхээс өөр аргагүй”

Ер нь энэ жил бараа, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ бага хэвээр, аливаа ашигт малтмал, түүхий эдийн үнэ үргэлж­лэн унах төлөвтэй. Могой жилийн глобал эдийн засгийн хувь заяа гурван үндсэн хүчин зүйлээс хамаарах нь. Нэгд, манай урд хөршийн эдийн зас­гийн өсөлт хэр зэрэг саа­рах, хоёрт, Евро бүсийн өрийн сүлжээний хямра­лаас гарах үйл явц хэр зэрэг баталгаатай, гуравт, “Их 20”-ийн улстөрийн лидерүүд тус тусын улс орныхоо эдийн засгийн урагшлах үйл явцад шаардлагатай нөхцлийг хэр зэрэг бүрдүүлж чадах зэргээс хамаарах гэнэ.

Эдийн засагч М.Петти энэ талаар ямар бодолтой байгааг сонирхоё.

“2013 онд дэлхийн биз­несийн ертөнц Хятадыг хамгийн ихээр ажиглана. Тус улсын шинэ удирд­лага дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийн хурдаа сааруулахгүй байхыг оролдоно.  

Энд тэмдэглэхэд, Хятадын эдийн засгийн олон салбар хүрч болох дээд төвшиндээ хэдийнэ хүрчихсэн. Дээр нь дэлхий дахинд өдгөө аливаа бараа, бүтээгдэхүүн үйлд­вэрлэлийн нэмэлт хүчин чадал хэрэггүй. Харин Хятадын дотоодын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж буй барааны үйлдвэрлэлийг шингээж хараахан чадахгүй.

Товчхондоо Хятад улс энэ оноос эхлэн 1980-аад онд Японд нүүрлэсэн хүндрэлтэй нүүр тулж эхэлнэ. Хятадад гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, үүнээс үүдэн тус улсын олон үйлдвэрийн газрууд өрөнд баригдан хямрах аюултай”

Грект 2009 онд эхэлсэн Евро бүсийн өрийн хямралыг ХБНГУ, Франц тэргүүтэй Европын холбоо өнгөрсөн оноос хазаарлаж эхэлсэн. ХБНГУ-ын Канцлер А. Меркелийн хүчин чармайлтаар Евро бүсийн интеграцлалын шинэ үе шат эхэлж, бүсийн орнууд нэгдсэн өрийн бичиг гаргах үйл явц амжилттай өрнөвөл энэ нь дэлхийн эдийн засагт эерэгээр нөлөөлөх нь тодорхой юм.

Гэвч Евро бүсийн төлөв байдлыг өөрөөр харж буй шинжээчид цөөнгүй байна. Эдийн засагч Н.Рубини ийн ярьж байна.

“Европын холбооны гишүүн орнууд хямралыг хойшлуулсан болохоос биш түүнээс гарч чадаа­гүй. Еврогийн бүсийн захын, сулхан орнуудаас эхэлсэн хямрал одоо цөмд нь мэдрэгдэж эхэллээ. Францад эдийн засгийн уналт эхэлж, ХБНГУ-д зогсонги байдал үүсч байна. Европ дахин хөл дээрээ баттай зогсох цаг хэзээ ирэх нь тодорхойгүй.

Ер нь энэ жил тэр чиг­тээ улс төрөөс хамаа­рал­тай. Тэргүүний улстөрчид ямар шийдвэр гаргахаас дэлхийн хувь заяа шийдэг­дэнэ гэвэл хэтрүүлэг бо­лох­гүй. Олон улсын тавцанд Ойрхи дорнод, хойд Африк, Персийн булан дахь хурцадмал байдлыг намжаах нь дэл­хийн улс төрийн зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал болоод байна. Иймээс 2013 онд дэлхийн эдийн засаг улс төрөөс бүрэн хараат байх төлөвтэй.”

Дэлхийн эдийн засагт ноёрхогч байр сууриа аажмаар алдаж ирсэн АНУ шаварлаг хөрснөөс байгалийн хий, газрын тос олборлох үр ашигтай цоо шинэ технологи нэвт­рүүлснээр лидерийн орон зайгаа тодорхой хэмжээ­гээр эргүүлэн авах боломж бүрдэх бололтой. АНУ өдгөө дэлхийн эрчим хүчний шинэ хувьсгалыг тэргүүлж, үндэсний эдийн засгаа үүнийхээ ачаар дахин аж үйлдвэржүү­лэхийг зорих болжээ.

Эрчим хүчний салба­рын нэртэй мэргэжилтэн, профессор А.Райлигийн яриаг хүргэе.

“Дэлхийн эрчим хүчний салбарт болж буй үйл явдлууд геополитик дахь Өрнөдийн ертөнцийн жинг дахин нэмж эхэллээ. Ингэхдээ АНУ-ын байр суурь хамгийн ихээр бат­жих төлөвтэй. Шаварлаг хөрсний олборлолт дэл­хийн нефтийн зах зээлд хамгийн ихээр нөлөөлөх нь тодорхой. АНУ 2020 он гэхэд өдөрт зургаан сая баррель нефть олборлох болно. Ингэснээр неф­тийн импортоос хараат байхаа больж, өөрийн хэ­рэг­цээгээ бүрэн хангана.

АНУ-д жилээс жилд шаварлаг хөрсний газрын хийн олборлолт нэмэгдэн хямд эрчим хүч хэрэглэх болсон. Аж үйлдвэр нь дахин сэргэж байна. Улмаар шаварлаг хөрсний нефть олборлох техноло­гийг төгөлдөржүүлснээр тус түүхий эдийн үнийг ч бууруулах боломж бүрдэнэ.

Тийм учраас нефть, байгалийн хийн экспор­тоор мөнгө олдог улс орнууд хурдан өөрчлөгдөж буй глобал эдийн засагт ойрын хэдэн сарын дотор шинэ боломж хайж олохоос өөр аргагүйд хүрээд буй юм”

Тэгэхээр, 2013 онд байгалийн баялаг, түүхий эдийн үнэ өсөхгүй, харин ч буурах төлөвтэй нь ма­най улсад мэдээж муу­гаар нөлөөлнө. Нөгөөтэй­гүүр БНХАУ-ын элдэв бараа, бүтээгдэхүүний хэт үйлд­вэрлэл үнийг нь буу­рахад хүргэвэл Монголд инфля­цийг хазаарлахад дэм болж ч болохоор. Ерөн­хийдөө энэ онд глобал эдийн засаг халуурахгүй ч ханиадтай байх бололтой.