Б.ЧИМЭД

/Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийн Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн байр мөнгөн цомын эзэн/

 

Үхэр жилийг үдэх гэж

Үнэндээ их л ядрав

Нэхэл хатуутай энэ орчлонд

Нэг жил гэж яасан урт юм бэ

 

Дөчин нэгэн чулуугаа татаж үзэв

Дөрвөн хайрхан уулаа тахиж үзэв

Авралын ном айлтгаж үзэв

Арван буянаа амлаж үзэв

 

Гандан их хийдэд сүсэлж  мөргөв

Гавж их ламд сунаж мөргөв

Өндөр Жанрайсагтаа  сөхөрч мөргөв

Өвгөн аавдаа сөгдөж мөргөв

 

Алганыхаа хээг үзмэрчид үзүүлэв

Арга хайж зурхай  зуруулав

Лүйжин тавиулж гүрэм хийлгэв

Лүндээгээ  засуулж сан тавиулав

 

Овоо тахиж наадам хийв

Олноо цулуулж найр хийв

Төрийн сүлдэндээ залибарч үзэв

Төрсөн бууцандаа хөлбөрч үзэв

 

Аль нь надад тус болсоныг

Ах нь ер мэдсэнгүй

Алив наашаа хундагаа өгөөдөх

Алтан дэлхийдээ  сэржим нэг өргөөдөхөе

 

Өнгөрүүлж ядсан ганц жил маань

Өнөөдөр ингээд улирч байна аа

Баяртай үхэр жил минь

Бар жилийн шинийн нэгэн маргааш

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин. 2022.01.28 №21, 22