Ч.ОЛДОХ
“ЧАНАР” брэндийг үүсгэн байгуулагч Г.Ням-Одыг энэ удаагийн дугаарын зочноор урилаа.
-Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх зорилго тавьж, “Чанар” брэндийн спорт хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ. Бизнесийн санааг хэрхэн олов?
-“Чанар брэнд”-ийн бараа, бүтээгдэхүүнийг 2014 оноос эхлэн үйлдвэрлэсэн. Харин нэрээ 2018 онд авсан. Түүнээс өмнө өөр нэрээр бүтээгдэхүүнээ гаргаж ирсэн, гэхдээ үйлдвэрлэл бол хэвээрээ. Анх спорт хувцаснаас үйлдвэрлэл эхлүүлсэн. Тухайн үед монголчууд урд хөршөөс орж ирсэн спорт хувцсыг түлхүү сонгож хэрэглэдэг. Зах худалдааны төвүүдэд хятад хувцас худалдаалдаг байлаа. Энэ байдлыг харж байгаад спорт хувцас үйлдвэрлэх санаа төрсөн.
Манайх ноосон даавуу, бөс бараа гэхчлэн материал үйлдвэрлэдэггүй юм гэхэд ядаж гаднаас материалаа оруулж ирээд оёдол, эсгүүрийн зардал, нэмүү өртөг, цалингаа дотооддоо шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж яагаад болохгүй гэж. Ийм л сэдэл санаагаар бид үйлдвэрлэлээ анх эхэлж байлаа. Өнөөдөр “Чанар” брэнд дөрвөн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна. Спорт хувцас, өвлийн куртка, гадуур хувцас, гутал, гоо сайхны бүтээгдэхүүн, савангийн үйлдвэрлэл явуулдаг. Ер нь бол хүмүүс өөрсдийн нөөц бололцоон дээр сэтгэж, олж харж чадвал Монголд үйлдвэрлэх боломжгүй зүйл байхгүй.
-Олон төрлийн бүтээгдэхүүн хийхэд туршилт, судалгаа шаардлагатай. Ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүн олон судалгаа шаарддаг. Үүнийг хэрхэн шийдэж байна?
-Бүх салбар өөрийн хийж байгаа үйлдвэрлэл, бараа, бүтээгдэхүүн дээр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Жишээ нь хувцас гэхэд л материал сонголтоос өгсүүлээд хүний биед харшил өгдөггүй, өнгөө алддаггүй гэхчлэн бүх талын чанар, стандартыг шалгаж үздэг. Гоо сайхны бүтээгдэхүүн дээр мэргэжлийн химич, технологич нар ажилладаг. Тухайн бүтээгдэхүүн хүний биед харшил өгөх үү, ямар түүхий эдүүдийг хоршуулж ашиглавал илүү үр дүнтэй байх вэ гээд бүгдийг тооцож, туршилтаар баталгаажуулж байж үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Гутал гэхэд л өмсөхөд хөлд хэр эвтэйхэн байх вэ, монгол хүний хөлний онцлог ямар байдаг вэ, арьсны боловсруулалт, сөрөг нөлөө байгаа эсэх гээд бүгд судалгаанд үндэслэдэг. Гутал чийг татлаа, хөл шивэртлээ гэдэг нь тухайн гутал, түүний материалаас ихээхэн хамаарч байдаг. Хүний бие байнга хөлс гадагш ялгаруулдаг, хөлийн ул нимгэн арьстай учраас онцлогтой. Энэ талын судалгаа манай дээр бүгд хийгдэж байж эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд очдог.
-Ямар төрлийн гутал үйлдвэрлэж байна вэ. Энэ оноос пүүз үйлдвэрлэж эхэлнэ гэж сонссон?
-Хоёр жилийн өмнөөс гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирж, үйлдвэр байгуулж эхэлсэн. Оны өмнөхөн эхний бүтээгдэхүүнээ гаргалаа. Эхний ээлжинд эрэгтэй, эмэгтэй өвлийн гутал, мөн хүүхдийн гутал үйлдвэрлээд байна. Яваандаа хүүхэд, залуусын өргөн хэрэглээ болсон пүүз үйлдвэрлэх зорилготой ажиллаж байгаа.
Гутлын үнийг зах зээлийн ханшаас хэт өндөр биш дундаж хэмжээнд гаргах бодлого барьсан. Дундаж амьдралтай иргэд аваад өмсөх боломжтой байхаар зохицуулалт хийсэн. Гэхдээ түүхий эд, цавуу, бусад материал хил гааль хаалттай байгаагаас шалтгаалан олдоц нь ховор, үнэ өндөр бэрхшээл бий. Энэ хавраас эхлэн пүүз үйлдвэрлэх зорилго тавиад байгаа. Гол онцлог нь малынхаа арьс ширийг сайтар боловсруулж, хөлд эвтэйхэн хөнгөн зөөлөн байхаар бодож тооцоолсон. Мэдээж улыг нь бол өөрсдийн гаргасан загвараар гаднаас захиалж авчирна. Үндсэн үйлдвэрлэлийг дотооддоо хийнэ.
-Монголд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэцүү, дарамт шахалт их байна гэж жижиг, дунд үйлдвэрлэгчид хэлдэг. Та нарт учирч байгаа бэрхшээл, олдож байгаа боломжийг сонирхоё?
-Хамгийн том бэрхшээл бол манайд химийн үйлдвэр байдаггүй. Тиймээс энэ чиглэлийн бүтээгдэхүүн, тухайлбал гутлын ул, саван хийхэд ордог натри гэх мэт зүйлүүдийг гаднаас авахаас аргагүй. Эдгээрийг гаднаас авч байгаа учраас бид хараат болчихоод байгаа юм. Бусад зүйлүүдийг дотооддоо хийх бүрэн боломжтой. Бүх төрлийн тоног төхөөрөмжийг оруулж ирж дэлхийн хэмжээний чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд явах боломж бол бий. Тэнд хүмүүсийн зүтгэл, хөдөлмөр, сэтгэлгээ л шаардагддаг. Бусдаар бол манайд бүх боломж нь бий.
-Өвлийн хувцас, спорт хувцасны материалыг хаанаас оруулж ирж байна?
-БНСУ-аас болон урд хөршөөс даавуу, ноосон даавуу, силк, зарим туслах материал гэх мэтчилэн бараа бүтээгдхүүнээ авдаг.
-Сүүлийн хоёр жил цар тахлын үе байлаа, одоо ч дуусаагүй үргэлжилж байна. Тэгэхээр хүмүүсийн цалин, оёдол, эсгүүрийн зардлыг хэрхэн зохицуулж ирэв?
-Аль болох үйлдвэрлээ зогсоолгүй ажиллуулахыг хичээсэн. Сул зогсолт хийхгүй байхын зэрэгцээ ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Зогсонги болсон эдийн засаг маань бага ч гэсэн хөл дээрээ босох гэж, өндийж сэргэх гэж үзэж байгаа учраас ажлын байрны тоо бас ч гэж нэмэгдээд явж байна. Цаашид шинэ бүтээгдэхүүнүүд гаргах, шинэ үйлдвэрүүд нэмэгдэх тоолонд ажлын байраа нэмж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, өргөжүүлэх бодлого баримтална гэж бодож байгаа.
-Төр, засгийн зүгээс дотоодын үйлдвэрлэгчдийг ямар байдлаар дэмжиж байна. Нааштай алхам юу байв?
-Төрийн зүгээс ямар ч дэмжлэг байхгүй. Ямар ч гэсэн энэ улсыг дампууруулчихгүй байх шиг байгаа юм. Хүмүүсийн амьжиргааг дөнгөж л залгуулж байгаа байдал ажиглагдах юм. Төрийн дарамт их, үйл ажиллагаа нь сунжруу. Захим тохиолдолд төрийн албаараа дамжуулан бизнес хийх гээд байгаа юм шиг ойлгомжгүй байдлууд ажиглагддаг. Тоочоод байвал хүндрэл, бэрхшээл мэдээж их бий. Ерөнхийдөө үйл ажиллагааны зарчмыг харвал банк бус санхүүгийн байгууллага шиг л байдаг. Чамд юу байна, тэгвэл чамд ийм зээл өгье гэдэг зарчмаар ажилладаг. Түүнээс бодит дэмжлэг байдаггүй. Уг нь ЖДҮ гэдэг банк бус санхүүгийн байгууллагын журмаар явах зүйл биш. Энэ юу хийж чадаж байгаа юм бэ, ямар бүтээгдэхүүн гаргаж вэ, яг юу хэрэгтэй байгаа юм бэ, ингэж дэмжвэл ямар үр дүнд хүрэх вэ, дэмжлэг аваад үйлдвэрлэл нь өргөжлөө гэхэд дараагийн хүсэх зүйл юу байгаа юм бэ гэдэг бүгд тодорхой байх ёстой. Үйлдвэрлэл ингэж хөгжинө үү гэхээс чамд машин байна уу, байр байна уу, тэрийгээ барьцаанд тавиад зээл ав гэдэг байдлаар үйлдвэрлэл хөгжих ямар ч боломжгүй.
-Төр худалдан авалт зохион байгуулдаг. Үндэсний үйлдвэрлэгчдээс авч яагаад болдоггүй юм бол?
-Өмнө нь тийм зүйл байгаагүй. Өнгөрсөн онд ийм зохицуулалтыг оруулж өөрчлөлт хийсэн нь нааштай алхам гэж хэлж болно. Савангийн үйлдвэрлэл гэхэд дотоодын бүтээгдэхүүнээ авах чиглэл гаргасан юм билээ. Төрийн байгууллага, албан газрууд дотоодын үйлдвэрийн савангуудыг авна гэж хуульчилснаар тендер шалгаруулалт явагдсан. Энэ жишиг тогтчихвол савангийн зах зээлд хөрөнгө оруулалт, том дэмжлэг болж чадна.
-Савангийн үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгж хэр олон бэ?
-Маш цөөхөн, бараг гарын таван хуруунд л багтах байх. Дээр ярьсан жишиг нэгэнт тогтоод цааш явбал савангийн үйлдвэрлэл өргөжинө. Зах зээл нь томорвол ямар ч үйлдвэрлэл өргөжиж хөгждөг жамтай. Тэрийг дагаад ажлын байр нэмэгдэж, хүмүүсийн цалин орлого нэмэгдэнэ. Төрийн зарцуулж байгаа хөрөнгө, санхүү дотоодоо эргэлдэнэ. Манайд өмнө нь ямар байсан бэ гэвэл ихэнх нь импортын бараа, саван хэрэглэдэг байсан, мөнгө гадагшаа урсдаг, ийм л үйл явц байсаар ирсэн.
-Үйлдвэрлэгчдийг дэмжих, хөгжүүлэх тухайд төрөөс болон хэрэглэгчдээс та юу хүсэх бол?
-Монголчууд үйлдвэрлэгч орон болоход алхам алхмаар дөхөж байна. Үйлдвэрүүд ч бага багаар урагшилж, гадны шинэ техник, технолгиудыг судалж, сурч мэдээд эхнээс нь нэвтрүүлж эхэлсэн. Тиймээс аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй. Үйлдвэрүүд нь ч гэсэн чанаргүй бүтээгдэхүүн хийчихээд биднийг дэмжээч, аваач гэж шахах биш чанартай сайн бүтээгдэхүүн гаргах ёстой. Хэрэглэгчид нь тэр чанартай бүтээгдэхүүнийг худалдаад авдаг, дор бүрдээ хариуцлагатай байж, харилцан бие биеэ дэмжвэл Монгол Улс үйлдвэрлэгч орон болох боломжтой. Төрийн зүгээс зөв бодлого гаргаж дэмжээсэй гэсэн хүлээлт ЖДҮ-чдэд байсаар ирсэн, одоо ч тийм итгэлээр харж байна. Гол нь далайцтай бодлогоор дэмжвэл үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 12 (6744)