Ц.МЯГМАРБАЯР

 

Өчигдөр буюу энэ сарын 12-нд  Шинжлэх ухаан, технологийн их сургууль /ШУТИС/-ийн Уул уурхайн геотехник сургуулийн I дамжааны оюутан О.Элбэгжаргал, МУИС-ийн оюутан Ч.Цэрэндулам болон нийт 31 оюутан  түүний гэр бүлд  хэзээ ч мартагдахааргүй баярт үйл явдал тохиосон юм. Тэд “Оюу толгой” болон “Рио Тинто” компанийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангаснаар сургалтын төлбөр болон бусад санхүүгийн асуудалдаа санаа зовох зүйлгүй суралцах боломж нээгдсэнийг компанийн зүгээс мэдээлсэн явдал.

“Оюу толгой” болон “Рио Тинто” компани 2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцахаар шалгарсан 31 оюутанд батламж гардуулах цахим ёслол болсон юм. ХАБ-ийн ажиллагаагаар тэргүүлэгч “Оюу толгой” болон “Рио Тинто” компанийн зүгээс цахим  ёслолын өмнө  Улсын онцгой комиссоос чиглэл болгосны дагуу халдвар хамгааллын дэглэмийг танилцуулснаар эхэлсэн юм. Цахим ёслолд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Б.Очирбат, БСШУЯ-ны Дээд боловсрол хариуцсан ахлах шинжээч Г.Батнэмэх, “Оюу толгой”компанийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Milissa, “Рио тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутны төлөөлөл оролцсон юм. Б.Очирбат нээж хэлсэн үгэндээ “ 2021 оны дөрөвдүгээр сард “Оюу толгой” болон “Рио Тинто” компанийн  ШУТИС-тай хамтарсан Геотехникийн хөтөлбөрт гарын үсэг зурж  баталгаажуулснаар оюутнуудад болон судалгаа шинжилгээний ажилд  тэтгэлэг олгох ажил ийнхүү амжилттай хэрэгжиж байна.  “Оюу толгой” компани 2010 оноос эхлэн жил бүр манай сургуулийн олон оюутнуудад тэтгэлэг олгосоор ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ жилийн тухайд Геотехникийн ангийн есөн оюутан хүртэж байгаад баяртай байна. Түүнчлэн геотехник гэсэн шинэ мэргэжлийг бий болгож уул уурхайн олон улсын  стандартыг нэвтрүүлэхэд түлхэц болж цаашид  олон улсын магадлан итгэмжлэгдсэн төсөл болгох зорилттой ажиллаж байгаа. Төсөл зөвхөн оюутнуудад тэтгэлэг өгөөд зогсохгүй эрдэмтэн судлаач багш нарыг мэргэшүүлэх, дэмжлэг үзүүлэх, сургалтын орчин үеийн геотехникийн сургалт, судалгааны лаборатори байгуулж байгаа гээд олон талт ач холбогдолтойг дурдахад таатай байна” гэв.

“Оюу толгой” компанийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Milissa  оюутнуудад хандаж баяр хүргэж үг хэлэхдээ “Та бүхэн шинэ зүйлд суралцаж өөрчлөлт хийх алхмыг зоригтой хийсний үр дүнд тэтгэлэг хүртэхэд нөлөөлсөн. Мэдлэг чадвартай олон залуучууд шалгаруулалтад оролцсон. Тиймээс сонголт хийхэд хүндрэлтэй байсан. Гэхдээ та нар манай компанийн нэгэн эд эс болж  чадлаа, баяр хүргэе” гэж байв. 

Мөн “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрбээр “Юуны өмнө тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурыг хангасан оюутнууд болон багш нартаа баяр хүргэе. Одоогоос арван сарын өмнө энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ажиллагааг эхлүүлсэн. Төслийн онцлог болсон геотехникийн хөтөлбөрт амжилттай хамрагдсан эрдэмтэн багш нар болон оюутнууддаа тэтгэлгээ гардуулах гэж байгаад баяртай байна. Өнөөдөр энэ арга хэмжээг биечлэн зохион байгуулах гэж байсан боловч харамсалтай нь цар тахлын нөхцөл хүндэрсэнтэй холбоотойгоор цахимаар зохион байгууллаа. Гэсэн хэдий ч байдал өөрчлөгдсөнөөр биечлэн уулзаж судалгааны үр дүнг илүү сонирхон танилцах боломж ирнэ гэж найдаж байна. Энэ цаг үед “Оюу толгой”-н гүний уурхайг ажиллуулахаар бид шамдан ажиллаж байна. Энэ уурхай ажиллаж эхэлснээр дэлхийд томд тооцогдох зэсийн уурхай болно. Энэ  үед геотехникийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд төгсөөд цаашид “Оюу толгой” компани болон дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ажиллах боломж нээлттэй болно. Ингэснээр дэлхийн уурхайд монгол инженерүүд  авьяас билгээрээ гайхуулах юм. Геотехникийн мэргэжил нь уул уурхай болон барилгын салбарын амин сүнс болсон мэргэжил. Өөрөөр хэлбэл, геотехникийг судалж, эзэмшсэнээр хамгийн түрүүнд осол гэмтэл гарсан тохиолдолд хүний амь насыг хамгаалах шийдэл, гарц гаргах чадварт суралцахын зэрэгцээ уул уурхайн барилга, бүтээн байгуулалтыг аюулгүй бат бөх, бизнесийн ухаалаг шийдлээр барьж байгуулах юм. Тиймээс манай зүгээс энэ хөтөлбөрт илүү анхаарал хандуулж таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж ШУТИС-тай хамтарч байна. Бидний хамтын ажиллагаа цаашид улам үр дүнтэй үргэлжлэх болно” гэлээ.

 2010 оноос хойш “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 3.600 гаруй орчим оюутан, залуус хамрагдсан байна.“Оюу толгой” компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны зардал, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгохоос гадна шалгарсан оюутнуудаа хувь хүний хөгжлийг дэмжих сургалт болох “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-төө давхар хамруулан залуу мэргэжилтэн болж өсөж, хөгжих боломжийг оюутнууддаа олгодог онцлогтой.

МУИС-ийн оюутан Ч.Цэрэндулам энэ үеэр сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм. Тэрээр “ Би өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр дотоодын тэтгэлэгт хамрагдсан. “Оюу толгой” компанийг зөвхөн уул уурхай, инженерчлэлийн чиглэлээр тэтгэлэг олгодог гэсэн ойлголттой байсан. Гэтэл зөвхөн уул уурхайн чиглэлээр биш бусад салбарын олон чиглэлээр тэтгэлэг олгодог гэж сонсоод бүртгүүлсэн. I шатандаа тэнцэж ярилцлагад оролцсон. Ярилцлага найрсаг, халуун дулаан уур амьсгалд шударга, зохион байгуулалт сайтай болдог юм билээ. Ингээд шалгуурт тэнцэж энэ гэр бүлийн нэг гишүүн болж байгаадаа үнэхээр их баяртай байна” гэсэн юм. Мөн Уул уурхайн геотехник инженерийн  сургуулийн I дамжааны оюутан О.Элбэгжаргал ярихдаа “Энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Бусад хүүхдүүдээс эрдэм мэдлэг авьяас, чадвараараа онцгойрч тэтгэлэг хүртсэн бүх найзууддаа халуун баяр хүргэе. Бидний хүсэл тэмүүлэл, зорилгыг үнэлж суралцах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Оюу толгой” болон “Рио Тинто” компанийн ах эгч нартаа гүнээ талархал илэрхийлье” гэсэн юм.

Энэ жилийн хувьд “Оюу толгой” компаниас дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийг 22 оюутанд, “Оюу толгой” болон “Рио Тинто” компанийн ШУТИС-тай хамтарсан Геотехникийн хөтөлбөрт тэтгэлгээр суралцах эрхийг есөн оюутанд тус тус гардууллаа. Дэлхийд өрсөлдөхүйц геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хэтийн зорилготой ил хөтөлбөрийг 2.7 сая ам.долларын хөрөнгөөр “Оюу толгой” болон “Рио Тинто” компаниуд санхүүжүүлж, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна. Мөн 2021 оноос эхэлсэн таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны хүрээнд уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн судалгааны ажлыг дэмжих уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жил зарласан. Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Эхний жилд нийт 13 судалгааны төслийн санал ирүүлснээс дараах дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Судалгааны агуулгыг нэрлэвэл, агуйлан олборлолт гадаргуутай огтлолцох үед гадаргуугийн суултад нөлөөлөх нөлөөллийг цахилгаан эсэргүүцлийн томограф төхөөрөмж ашиглан тодорхойлох аргачлал. Баяжуулах үйлдвэрийн металл хийцүүдийн бат бэх, найдварт ажиллагааг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох. Мөн Далд уурхайд GPS-гүй орчинд инерцийн мэдрүүрт тулгуурласан хүний байршил тодорхойлох системийн судалгаа, Далд уурхайн хагарлын нэвчүүлэлтийн структур тус тус багтаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (6741)