Ц.МЯГМАРБАЯР

 

30 шахам жил  уул уурхайн салбарыг хөгжүүлсэн гэх манай орны хувьд Уул уурхайн биржээ байгуулаагүй байгаа нь үнийн өсөлтөөс ирэх өгөөжийг хүртэж чадахгүй явсаар ирсний гол шалтгаан. 2013 оноос эхтэй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-ын  энэ удаагийн намрын  чуулганы төгсгөлд бусад холбогдох  хуулиудын өмнө  батлуулахаар ажиллаж байна хэмээн уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх  Р.Очбадрах мэдээлэл өгөх үеэр онцолсон юм.  2021 оны IV улирлын байдлаар "Тавантолгой" компани  уурхайн амнаас нэг тонн нүүрсээ 126 ам.доллараар, чингэлэг тернималийг ашиглалтад оруулснаар 204 ам.доллар болж нэмэгдсэн. Үүний зөрүү нь 80 орчим ам.доллар. Энэ хоорондох тээвэрлэлтийн зардал буюу тарифын үнэ  28 ам.доллар. Тэгвэл  тонн тутамд 50 ам.доллар алдаж байгаа гэсэн  тооцоог  хийж байна. Хэрэв энэ хуулиа баталж биржээ байгуулчихвал нүүрсээ тонн тутмыг олон улсын биржийн өнөөдрийн ханш  болох 300 ам.долларт хүргэж экспортлох  боломжтой. Харин яагаад энэ хуулийг шууд баталчихаж болдоггүй юм, учир юунд байна гээд хөөхөөр нөгөө л авлига, ашиг сонирхолд очиж гацсаар байдаг.

Учир нь УИХ-ын   заримгишүүний хамаарал бүхий компаниудын  нүүрс болон төмрийн хүдрийн экспортын гэрээнд оролцогчдын ашиг сонирхол хөндөгдөх  учраас  эл хуулийг баталж  Бирж байгуулах боломжийг  хааж 10 орчим жил хав дарсаар ирсэн гэж болно. Өнөөдөр Хятад, Монголын 400-500 орчим компани нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний  экспортыг  хийж байна. Эдгээрийн хийсэн ил тод биш экспорт болон тээвэрлэлтийн гэрээгээр манай хар алтны тонн тутмын жишиг үнэ тогтож байна. Нэг үгээр хэлбэл, баялгаас тэгш  хүртэх зарчим алдагдаж, орлого төсөвт биш тэдний дундын унац болж халаасанд орж байна. Тэгэхээр үүнийг ил тод болгох хууль бол яах аргагүй Уул уурхайн бүтээгдэхүүний  биржийн тухай хууль. Нөгөөтэйгүүр,  өнөөдөр нүүрсний тээвэрлэлтийг  худалдан авагч тал хариуцна гэдгээр  Хятадын тал өөрт ашигтай байх хувилбарыг сонгож хийж байна. Ингэснээр хятад компани, жолооч нар ихэнх гэрээг хийсээр ирсэн. Хэрэв бирж байгуулагдвал тээвэрлэлтийг борлуулагч  тал хариуцах хууль эрх зүйн нөхцөл бүрдэнэ. Ингэснээр  жишээлбэл,  Тавантолгойгоос уртын тээвэрлэлтийг монгол компани, жолооч нар  шууд  хийх боломжтой болно. Улмаар хоёр улсын жолооч, компани  хоорондын дагалдаж гарах асуудал үгүй болох юм.  

Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээлгүйгээс бодит үнэ, худалдааны нөхцөл,чанарын талаарх мэдээлэл бүрхэг. Өөрөөр хэлбэл, ил тод биш байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломжгүй, зардал өндөр байдаг. Энэ бүгдийг тодорхой болгох хөшүүрэг уул уурхайн биржтэй болох явдал. Түүнчлэн бүтээгдэхүүний борлуулалтын үнэ худалдан авагч талын  гэрээний үнээр тогтдогоос болж төсөвт орж ирэх татвар, хураамж, төлбөр багаар тогтдог. Ингэж зах зээлийн зарчим болох  нэгж  бүтээгдүүний үнэ  бусад олон улсын биржийн  тогтоосон үнээр  гэрээ хийдэггүйгээс  татвар болон төлбөр, хураамж багаар тогтож  тэр хэрээр төсөвт орж ирэх орлого доогуур байгаа юм. Өөрөөр хэлбэл,  дэлхийн зах зээлд нэгж бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад төсөвт орж ирэх орлого нэмэгдэх боломжтой ч биржгүйгээс энэ боломжоо алдсаар байна. Магадгүй хэдэн жилийн өмнө биржээ байгуулсан  бол өнөөдрийн үнийн өсөлтийг тогтоож барих боломж байсан хэмээн  салбарын судлаач, шинжээчид сануулж биржийн хуулиа яаралтай батлахыг дэмжсээр буй. Бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа энэ үеийг ашиглан хэджинг гэрээ хийх боломжоо алдаж байгаа гэдгийг ч сануулсаар.

 Тус хууль товолсон хугацаандаа батлагдвал ирэх зургадугаар сар гэхэд биржээ байгуулж долдугаар сараас үйл ажиллагааг нь жигдрүүлэх боломжтой хэмээн ажлын хэсгийнхэн ярьж байна. Бирж төрийн  өмчит компани  хэлбэрээр ажиллана. Эхлээд төрийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан борлуулна. Улмаар хувийн хэвшлийнхэн өөрсдийн хүсэлтээр биржээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг АНУ-ын  Чикакогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж туршлагатай болсны дараагаар фьючерсийн худалдааг хийхээр зорьж буй бөгөөд фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдлийг бууруулах нөхцөл болох боломжтой юм. Мөн БНХАУ-ын Шанхайн металлын фьючерсийн биржийн эрх зүйн орчныг судлан, биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зуучлагчдын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож брокерийн харилцааг боловсронгуй болгох хүрээнд биржийн сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Тиймээс 2024 онд ашиглалтад оруулах  нүүрс баяжуулах, газрын тос боловсруулах  үйлдвэр түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл,  шинэчлэл,  хар төмөрлөгийн цогцолбор мөн  энэ онд ашиглалтад орох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор   ажиллаж эхлэх үед уул уурхайн  бирж байгуулагдсан байх нь бүтээгдэхүүний үнэ  дэлхийн зах зээлд өсөлттэй байх циклийг ашиглах боломж  бүрдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 8 (6740)