Ц.МЯГМАРБАЯР

 

Шинэ оны эхэнд  хувь хүн иргэн, байгууллага, айл өрх бүр  санхүүгийн төлөвлөгөө гаргаж өмнөх оныхоо өрөө цэгцлэх цаашид   хэрхэхээ шийдвэрлэдэг. Үүнтэй адил   Монгол Улс 2022 онд төлөх өр, төлбөрөө  барагдуулах бусад санхүү, эдийн засагт ирэх  сорилтуудыг хэрхэн гэтлэх арга замаа тодорхойлох гээд амаргүй цаг үед байна. 2021 оны III улирлын байдлаар манай  гадаад өр  33.5 тэрбум ам. долларт хүрсэнийг статистик мэдээ харуулж  байна. Өнгөрсөн онд үүссэн гадаад өр ихэвчлэн Эрүүл мэндийн салбар болон технологийн салбарт бий болжээ. Засгийн газрын өр  27.2 их наяд төгрөг болж үүний ихэнхийг гадаад зээлийн өр эзэлж байгаа юм. Бондуудын өр төлөлт энэ онд үргэлжилнэ. Тухайлбал 2014 онд авсан Самурай бондын өрийг энэ оны есдүгээр сард дуусгах бол Хөгжлийн банкны  Хятадын Хөгжлийн банкнаас авсан 162 сая ам.долларыг мөн энэ онд тус тус төлж дуусгана. Уг нь тухайн жилийн өрийг өмнөх оноос нь эхэлж төлж эхэлбэл хүүгийн дарамт бага, дахин бага хүүтэй зээл авч дараагийн бондын өрийг зөрүүгээр нь төлөх боломж  гэдэг  ч Самурай бондын тухайд  хоолойд тулж иржээ. Нөгөөтэйгүүр энэ онд Засгийн газар бонд гаргахгүй гэдгийг 2022 оны төсөв батлах үеэр Сангийн сайд мэдэгдсэн байдаг. Тодруулбал,1990-2021 он хүртэлх нийт гадаад өр 33.5 тэрбум ам.доллар. Тэгвэл эдгээрийн зээлийн үлдэгдэл одоогоор 5.8 тэрбум ам.доллар буюу төгрөгт шилжүүлбэл 17.4 их наяд төгрөг байна. Гэвч зээлийн мэдээлэл ил тод биш байна. Манай улс зөвхөн 2011-2021 оны хооронд БНХАУ-аас 4208.7 сая ам долларын зээл  авсан байдаг. Мөн  Азийн Хөгжлийн банкнаас 2010 оноос өнөөдрийг хүртэл 460.6 сая ам.долларын, Энэтэхэгийн Засгийн газраас нефтийн үйлдвэр байгуулахаар нэг тэрбум гаруй  сая ам.долларын зээл авсан. Гэвч өнөөдөр энэ зээлийн зарцуулалт, үр өгөөж, өрийн үлдэгдэл зэргийг мэдэх боломж бас л хомс. 2022 онд нийт 120 гаруй төслийг гадаад зээлээр санхүүжүүлэхээр болсон. Үүнд нийтдээ 249.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

 Нөгөөтэйгүүр,  2021 оны төсвийн алдагдал болох 2.9 их наяд төгрөг,  босгох гээд  бас л дотоод өрийн асуудал босч ирж байна. Гэтэл нүүрсний экспортоос төсвийн 30 гаруй хувийг бүрдүүлэхээр төсөвлөсөн энэ үед орлогынхоо ихэнх хэсгийн бүрдүүлдэг үе болох оны эхний улирал болох гурван сардаа  хил, гааль хаалттай байгаа нь бас л асуудал дагуулж мэдэхээр байна. Ямартаа  ч гадаад, дотоод өрийн  эрсдэл нэмэгдэх дүр зураг хэрэгдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 6 (6738)