Ц.МЯГМАРБАЯР

 

Эдийн засгийн чухал үзүүлэлтүүд сайнгүй болж ирлээ. Тухайлбал,инфляц хоёр оронтой тоонд буюу 10.5 хувьд  хүрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь иргэдийн худалдан авах чадвар буурч өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой инфляц үүссэн. Гол нэрийн бараануудын  үнэ дээд тал нь 50 орчим хувиар нэмэгдсэнтэй холбоотой. 250 граммын ургамлын тосыг өмнө дөрвөн мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо найман мянган төгрөгөөр авдаг болсон байх жишээтэй. Ядуурлын статистикаар гурван хүн тутмын нэг нь амьдралын баталгаажих түвшинээс доогуур амьдарч байна. Ирэх онд энэ тоо цар тахлаас үүдэлтэйгээр буурахаас илүүтэй нэмэгдэх нь тодорхой болов. Үнийн өсөлтийн график өмнөх саруудаас огцом өсч бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд үүссэн саад өсөлтийг богино хугацаанд ийнхүү түлхлээ.

Нэг ёсондоо инфляц  хэрэглээний сагс дахь арван гол бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр ноёлж байна. Дээр нь нэмээд шатахууны үнийн нэмэгдэл бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардал инфляц өсөх шалтгаан болов. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийн өсөлт тээвэр, чингэлэгийн зардал, дэлхий нийтийг хамарсан инфляц, манай суурь инфляцийн дийлэнхийг бүрдүүлж байна. Гэхдээ хүчтэй инфляцийн эсрэг манай Төвбанк бодлогын хүүг зургаан хувьд хэвээр үлдээж хариу үйлдэл үзүүллээ. Хэдийгээр  инфляц төсөөлж байснаас давсан нь бодлогын хүүг хэвээр хадгалахаас илүүтэй нэмэгдүүлэх болов уу гэсэн хүлээлтэд хүрсэнгүй. Ирэх онд бодлогын хүүг найм орчим хувьд хүргэж нэмэх нь гарцаагүй  дүр зураг ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж байгаа ч шинэ он гарахаас өмнө инфляц ийнхүү 10.5 хувьд хүрлээ. Хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэл хил, гаалийн асуудал хүндрэл дагуулсаар байх нь. Нөгөөтэйгүүр, гадаад худалдааны эргэлт сайжирч хэвийн явагдсанаар  эдийн засаг сэргэнэ гэсэн тооцоолол байсан ч хил, гаалийн хүндрэл, барааны гацалт  хүлээлтийн гадна үлдсэн нь инфляцийг огцом өсгөлөө.

Цаашид нийлүүлэлтийн гаралтай инфляцийг Төвбанк удирдах боломжгүй. Тиймээс мөнгөний мөчлөг сөрсөн бодлого, банкны зээлийн урсгалыг нэмэгдүүлэх хэлбэрээр дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих нь урт хугацаандаа инфляцийг тогтвортой байлгахад нөлөөлнө гэдгийг эдийн засагч, судлаач Л.Оюун дахин сануулсаар. Гагцхүү эдийн засагчдын  зөвлөгөөг бодлогод тусгадаггүй нь харамсалтай гэж экспертүүд анхааруулсаар ирлээ. Засгийн газраас хэрэгжүүлсэн ипотекийн зээлийн төлбөрийн хойшлуулалт болон цахилгаан, дулаан, ус, хогны  үнийн хөнгөлөлт энэ оны сүүлчээр төгсгөл болж ирэх онд иргэдэд нэрмээс болох  байлаа. Харин Засгийн газрын  өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 2022 оны зургадугаар сарын 1 хүртэл дахин хөнгөлөлт үзүүлэхээр  болсон нь инфляц үүсэх эрсдэлээс бага ч болов сэргийлэх явдал боллоо. Ингэснээр инфляцид дарлуулах айсуй эдийн засгийг түр зуур аргацаахаар болсон ч урт хугацаандаа мега төслүүдээ хөдөлгөх нь энэ цагт чухал байна. Гэхдээ эрүүл мэндээ бодох уу эдийн засгаа сэргээх үү гэдэг бодлого нэг талдаа багтаж төр, хувийн хэвшил дээр дооргүй ярьж эхэлсэн ч  өрхийн эдийн засаг үнийн гамшигт нэрвэгдсээр.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.27 ДАВАА № 254 (6731)