Б.СОЛОНГО
2010 оноос хойш дотоод болон гадаадын компаниудад мэдээллийн технологи, блокчэйний мэргэжилтэн, хөгжүүлэгчээр тасралтгүй ажиллаж байгаа М.Хасчулууг урьж блокчэйн технологийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрбээр одоо “MGL Caelum” төслийн элч төлөөлөгч, DeFi хариуцсан захирлаар ажиллаж байгаа юм.
-Итгэлцэл, дундын зуучлагчийг халснаараа блокчэйн технологийн хөгжилд тэсрэлт хийсэн-
-“Superassist” C#, NET хөгжүүлэгч
-Хүүхэд бүрт нэг компьютер олон улсын төслийн Монгол дахь салбарт хөгжүүлэгч
-“Creative Open Systems” вэб хөгжүүлэгч
-“NMMA” вэб хөгжүүлэгч
-“Wild digital agency” вэб хөгжүүлэгч
-Японы “EYS” компанид вэб хөгжүүлэгч
-“Цахим эгэрэг” компанийн үүсгэн байгуулагч
-“ICT Group” блокчэйний мэргэжилтэн
-2008 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын гол шалтгаан нь төвлөрсөн удирдлагууд байсан. Хоёрдугаарт хаана юу болоод байгаа нь мэдэгддэггүй, хаалттай байдлаас болсон. Тодруулбал ямар нэгэн байгууллага өөрсдийн сүлжээн дэх мэдээллийнхээ алийг нь нуух вэ, алийг нь ил болгох вэ гэдгээ өөрсдөө шийддэг.
Ямар нэгэн эрх бүхий хүн тухайн серверт ул мөр үлдээхгүйгээр өөрчлөлт хийж болдог. Тэгвэл блокчэйн технологи яадаг вэ гэхээр ямар нэгэн дата мэдээллийг бүх компьютерүүдэд тархаан байршуулдаг гэсэн үг. Тэр мэдээллийг устгах боломжгүй. Нэг серверээс устгачихаад дараагийнхаас нь устгаж байх хооронд өмнөх нь эргээд сэргэж байдаг. Өөрөөр хэлбэл, өөрөө өөрийгөө эмчлээд явж байдаг экосистем гэсэн үг. Энгийнээр хэлбэл блокчэйн бол нэмж бичиж болдог хэрнээ устгаж өөрчилж болдоггүй бүртгэлийн дэвтэр гэсэн үг л дээ. Найдвартай гээд байгаагийнх нь эхний шалтгаан энэ. Хоёрдугаарт, тоон гарын үсгээр баталгааждаг. Энгийн гарын үсэг тамгыг хуурамчаар үйлдэж болдог бол блокчэйн технологи дээр тоон гарыг үсгийг ашиглаад ямар ч эргэлзээгүй мэдээллийг бий болгож болно. Энэ хоёр давуу тал урьд өмнө нь хүн төрөлхтөнд байгаагүй. Устдаггүй өөрчилдөггүй тэгсэн хэрнээ нэмж бичиж болдог өгөгдлийн бааз технологийн ертөнцөд блокчэйн нэрээр тэсрэлт хийж байгаа. Блокчэйн ашиглаж байгаа бол итгэлцэл шаардлагагүй, дундын зуучлагч хэрэггүй.
Жишээлбэл, бид банкаар үйлчлүүлэхдээ тухайн банкны серверт, ажиллуулж байгаа админд нь итгэх шаардлагатай болдог. Харин блокчэйн бол заавал нэг зүйлд итгэх шаардлагагүйгээр 100 хувь компьютерийн программд даатгадаг гэсэн үг.
Ухаалаг гэрээ буюу смарт контракт гэж зүйл байна. Яагаад гэрээ өөрөө өөрийгөө ажиллуулж болохгүй гэж. Хоёр хүн хоорондоо хүний хэлээр бичиж, тамгаа дарж, гарын үсгээ бичсэн цаасан гэрээнд ямар нэгэн байдлаар үл ойлголцол гарч, шүүх, хуулийн асуудал үүсдэг шүү дээ. Тэгвэл ямар ч алдаа гаргадаггүй програмчлалын хэл ашиглаад ухаалаг гэрээн дээрээ тоон гарын үсгээ зурчихсан блокчэйн технологи өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна.
-Устаж өөрчлөгдөхгүй гэдэг чанарыг хангаж байгаагаараа блокчэйний найдвартай байдлыг өдөр тутмын сонинтой зүйрлэж болж байна-
-Блокчэйний сул тал гэж хэлмээр ч юм уу нэг зүйл бол энэ сүлжээнд бүх зүйл нээлттэй, шилэн байдаг. Хэн ч хэний ч мэдээллийг харах боломжтой. Тэр сул талыг эсрэгээр нь сайн тал болгоод ашиглах боломжууд байна. Жишээлбэл, улсын төсөв дээр ашиглаж болно. Ард түмний төлсөн татвар шилэн байх шаардлагатай энэ зүйл дээр блокчэйн төгс зохицно. Миний төлсөн татвар хэнд цалин болж оров гэдгийг мэдэх боломжтой нь гайхалтай зүйл. Гэвч одоогоор дэлхий дээр Засгийн газар нь гаргасан блокчэйн бүртгэл одоогоор нэг ч байхгүй. Аль нэг улс зориг гаргаад гаргаад ирэх юм бол том давуу тал болно л доо. Гэхдээ үүнийг хийх улстөрчид байхгүй байх. Хүний хамгийн хэрэгцээтэй өгөгдлүүд бол санхүүгийн болон эрүүл мэндийн мэдээллүүд шүү дээ. Хүний эрүүл мэндийн өгөгдөл мэдээллийг устаж өөрчлөгдөх боломжгүйгээр блокчэйн дээр хадгалж, үйлчилгээндээ хэрэглэх боломжтой.
Одоогийн байдлаар санхүүгийн үйл ажиллагаанд түлхүү ашиглаж байгаа. Хүргэлтийн системд ч ашиглаж байна. Мөн нотариатын үйлчилгээнд ашиглах нь маш давуу талтай болно. Өөрөөр хэлбэл, хамгийн найдвартай, үнэн байх ёстой өгөгдлийг баазыг блокчэйнээр хийж болно гэсэн үг.
Оюуны өмч гэж маргаан дагуулдаг зүйл байдаг. Тэгвэл блокчэйнийг ашиглаад оюуны өмчийг баталгаажуулах ажлууд эрчимтэй хэрэгжиж байна. Жишээлбэл, хэн нэгний хийсэн дижитал артыг өөр нэг нь копи паст хийгээд авчих боломжтой. Тэгвэл тэр арт хэнийх вэ вэ, оригинал эзэн нь хэн бэ гэдгийг блокчэйн дээр баталгаажуулж байна гэсэн үг. Энэ бол маш чухал ойлголт. Тухайлбал, худалдан авах ажиллагааны газрууд сонгон шалгаруулалтын зараа өдөр тутмын сонин дээр хэвлэж орон даяар баталгаажуулж тараадаг шүү дээ. Мөн хэн нэгэн өөрийн оюуны өмчийг өдөр тутмын сонинд хэвлүүлж болно. Учир нь тухайн сонин үнэн бодит байдлыг нь хариуцаж, тархмал байдлаар баталгаажуулж өгч байна. Хэн ч мэдэхгүй сэтгүүл дээр юмаа хэвлэнгүүтээ минийх гээд шүүх дээр очвол хүлээн зөвшөөрөхгүй биз дээ. Тэгэхээр устаж өөрчлөгдөхгүй гэдэг чанарыг хангаж байгаагаараа блокчэйний найдвартай байдлыг өдөр тутмын сонинтой зүйрлэж болж байна.
-Газар хөдлөлт болоод фэйсбүүкийн дата центр нь нурчихвал миний хадгалсан зураг, чатууд яах вэ-
- Блокчэйн нэгэнт хөгжил тодорхойлох нь тодорхой байна. Харин ирээдүй нь ямар байх вэ гэдэг нь их сонирхолтой байгаа юм. Энэ технологид заналхийлж байгаа эрсдлүүд байгаа. Тухайлбал, квантын компьютер гээд яриад байгаа. Орчин үеийн энгийн компьютерийн хийж чадахгүйг хийдэг, цоо шинэ физикийн онол дээр тулгуурласан компьютерийг квантын гээд байгаа юм. Тэгэнгүүт энгийн компьютер дээр хийж чадахгүй нууцлал, хамгаалалтыг хөгжүүлж байгаа блокчэйний давуу талыг байхгүй болгох шинэ төхөөрөмж бий болох гээд байна шүү дээ. Технологийн томоохон компаниуд бүгд квантын компьютерт хөрөнгө мөнгө хаяж байна. Одоогоор хэзээ гарч ирэх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ эсрэг талд нь квантын блокчэйн гэж бас хөгжиж эхэллээ. Хэрэв компьютер нь өөрчлөгдлөө гэвэл технологи нь энгийн блокчэйнээс квантын блокчэйндээ шилжээд л боллоо. Асуудал байхгүй. Гэхмэтчилэн технологийн хөгжил бол хэний ч тааварлаж урьдчилан мэдэх боломжгүйгээр асар хурдтай сонирхолтойгоор хөгжиж байна.
Мөн нэг нэмж хэлэх зүйл бол ирээдүйд дата өгөгдлийн асуудал улам чухал болох нь . Хүн төрөлхтөний цахим орчинд үүсгэж байгаа энэ их файл өгөгдлийг хадгалах боловсруулахын тулд хүн гараараа ажиллана гэдэг утгагүй зүйл. Заавал программын хэл, хиймэл оюун ухаан ажиллаж байж зөв мэдээллээ олборлох хэрэгтэй болж байна. Өнөөдөр миний хэн нэгний зурганд дарсан лайк үнэ цэнгүй байж болно. Фэйсбүүк, инстаграмм гэх мэт компаниуд миний дарсан лайкийг бизнесийн байгууллагад зарж ашиг олж байгаа. Энэ хүний сонирхол ийм байна шүү гэдэг өгөгдлийг дамжуулж байна гэсэн үг. Гэтэл ирээдүйд хүн төрөлхтний зан үйлийг тодорхойлоход одоогийн миний дарсан лайк гэх мэт үнэ цэнгүй юм шиг өгөгдлүүд асар их хэрэгтэй болно. Харин тэр өгөгдлийг өнөөдрөөс ирээдүйд зөөж аваачих, хадгалж үлдэх нь асар өндөр зардалтай ажил болох гээд байна. Мөн маш том эрсдэлд байгаа. Жишээлбэл, миний фэйсбүүк дээр миний бүх зураг, хүмүүстэй бичсэн чаатууд гэх мэт маш их мэдээлэл дата хадгалагдаж байдаг. Тэгвэл фэйсбүүк бол өөрөө төвлөрсөн компани. Тэд гэнэт дампуурвал яах вэ. Эсвэл дата центр нь бөмбөгдүүлчихвэл яах вэ. Газар хөдлөлт болоод миний бүх зургууд алга болчихвол яах вэ гэх мэт. Тэгэхээр энэхүү төвлөрсөн, нэг хоёр зүйлээс хараат байгаа байдал чинь бид нарын ирээдүйд томоохон эрсдлийг авчирч байна. Энэ эрсдэлээс хамгийн анх удаа найдвартай хамгаалж чадах нь гэж итгэж байгаа технологи бол блокчэйн юм.
Блокчэйн хөгжихийн хэрээр байгаль экологид халтай гэсэн шүүмжлэл хүчтэй болж байна. Уг нь бол криптомайнинг хийж байгаа машинууд нь хүлэмжийн хий ялгаруулаад байгаа юм биш. Харин цахилгааных нь эх үүсвэр нь утаа гаргадаг цахилгаан станц уу, сэргээгдэх эрчим хүч үү гэдгээс л шалтгаалж байгаа юм. Ттиймээс сүүлийн үед криптомайнеруудыг ногоон уу үгүй юу гэдгийг их анхаарч байна. Тэд ч өөрсдөө үйл ажиллагаандаа үүнийг анхаарахаас аргагүй болсон. Дэлхий ертөнц дулаарч байгаа нь үнэн. Хүн төрөлхтөн энэ дэлхий ертөнц дээр амьдарч байгаагийнхаа төлөөсийг төлөх л ёстой. Тиймээс технологийн хөгжил эргээд байгаль орчиндоо яаж ээлтэй байх вэ гэдгээр дэлхийн улс гүрнүүд өрсөлдөж эхлээд байна шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.22 ЛХАГВА № 251 (6728)