С.САРУУЛ
Өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан Онцгой байдлын алба хаагчийн асуудалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн иргэдэд галлагааны эрсдэл үүсэхээс буюу ахуйн гал түймэр, угаарын хийн хордлого зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр үе шаттай нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаанд зохион байгуулсан. Гэвч арванхоёрдугаар сарын 3-ны өдөр уг аяны хүрээнд байрлуулсан Улиастайн эргэдэг уулзварын самбар дээрх сурталчилгааны хэвлэх материалыг буулгах явцдаа манай алба хаагч золгүйгээр амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. Юуны өмнө, Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна. Уг явдалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газраас тухайн өдөр хяналт шалгалт явуулсан. Мөн холбогдох зарим албан тушаалтанд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бид олон нийтэд дэлгэх боломжгүй. Тухайн үед үүрэг чиглэл өгсөн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан. Самбар буулгах явцад ажиллаж байсан албан хаагчид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд албанаас түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Талийгаачийн ар гэрийнхэнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 49.9 дэх заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn