Б.Нандин

Лос Анжелес хотын таван газарт дүрэлзэж байгаа их хэмжээний түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 10 болсныг албаныхан мэдэгдлээ. Лос Анжелес хотын Цагдаагийн газрын дарга Роберт Луна "Нөхцөл байдал маш муу, яг л атомын бөмбөг хаясан мэт байна. Амиа алдагсдын тоо цаашид өсөх нь тодорхой, сайн мэдээ ойрын үед дуулахгүй нь" гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Салхины эрч саарахгүй байгаа учраас түймрийн голомтыг унтраахад хүчин мөхөстөж байгаагаа Лос Анжелесийн Гал түймэртэй тэмцэх газрын дарга онцлов. Түймрийн голомтод нийт 7500 гал сөнөөгч ажиллаж байна.

Одоогоор 180 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бол 200 мянган иргэдэд нүүлгэх анхааруулга өгөөд байна.

Хамгийн их хохирол амссан Палисад хотын 75 хувь нь ойн түймэрт өртсөн бөгөөд үйлчилгээний газруудыг хааж иргэдийг бүрэн шилжүүлжээ. Харин Этони дүүрэгт 10 мянган га газар түймэрт өртжээ. Түймрийн аюулаас гадна ойр орчмын бүсэд амьдарч байгаа иргэдийн хувьд утаа тортогоос болж агаарын бохирдол нэмэгдэж, нөхцөл байдал хүнд хэвээр байна. Орон нутгийн засаг захиргаанаас утааны түвшин хэд дахин нэмэгдсэн учир аль болох орон гэрээсээ гарахгүй байх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, амны хаалт зүүж, тайван байхыг анхааруулсан байна.

Түймэрт орон гэрээ алдсан алдартнуудын жагсаалт ч нэмэгдсээр байна. Жүжигчин Бен Афлек, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын байшин түймэрт шатаж үгүй болжээ. Лос Анжелесийн түүхэнд байгаагүй их хэмжээний хохирол дагуулсан ойн түймрийн эдийн засгийн хохирлыг өчигдрийн байдлаар 50 тэрбум ам.доллар хэмээн тооцож байсан бол одоогоор 100 тэрбум ам.доллар давсан болохыг Accuweather цаг уурын мэдээллийн газраас зарлажээ.