Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас жил бүр уламжлал болгон их, дээд сургуулийн Сэтгэл судлалын хөтөлбөрийн оюутнуудын дунд зохион байгуулдаг сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит “Сэтгэл судлаач мэргэжлийн үнэ цэнэ” V олимпиад “Нийгмийн стресс, бухимдлыг сэтгэл зүйн үүднээс шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадын шүүгчээр Сэтгэл зүйч Д.Эрдэнэчимэг, Сэтгэл судлаач Д.Мөнхцэцэг нар ажиллав.
Тэргүүн байрын шагналт Б.Отгонбаатар /ОТИ-ийн салбар Хүмүүнлэгийн сургуулийн сэтгэл судлал хөтөлбөрийн IV курсийн оюутан/
“НИЙГМИЙН СТРЕСС, БУХИМДЛЫГ СЭТГЭЛ ЗҮЙН ҮҮДНЭЭС ТАЙЛБАРЛАХ НЬ” илтгэлээс:
...Утга учиргүй амьдрал гэх үзэл давамгайлсан хүмүүсийн ихэнх нь өмнөө урган гарсан асуудлуудад хат муутай байх ба энэ үзэл нь даамжирвал сэтгэл гутрал, амиа хорлолтоор төгсөх үе байна. Амьдралын утга учир, баримжаалал бага байх тусам ажиллаж, амьдарч, сурах сэдэл бага болдог. Амьдралын утга учир нь хэн хүн бүхэнд адилхан байдаг бол өөр өөрийнхөө амьдралын талаар санаа тавих, амьдралын зорилгоо тодорхойлох амьдралд итгэх итгэл нь харилцан адилгүй байдаг. Иймээс амьдралын утга учир гэж юу болох асуудлыг философичид, сэтгэл зүйчид эдүгээ хүртэл судалсаар байна.
Хүн ямар ч зүйлд бусдыг хуурч мэхлэх хандлага гаргана гэдэг нь эцсийн дүндээ өөрөө өөрийгөө хуурч байна гэсэн үг. (Д.С.Лихачёв) Өөрөөр хэлбэл, өөрийн оршихуйг олоогүй, олсон ч фрустраци (бухимдал)-д өртөж өөрийн болон бусдын төлөө, өөрийн амьдралын утга учир гэгч зүйлийн төлөөх үйлдэл хийхгүй байгаа нь өөрийгөө хуурах арга юм. Сөрөг сэтгэл хөдлөл фрустраци нь үүгээр ч зогсохгүй невроз (мэдрэлийн ядаргаа)-ыг үүсгэх ба энэ нь невротик (мэдрэлийн ядаргаанд өртсөн хүн) нөхцөлд хүргэнэ. Франклийн үзсэнээр бол экзистенцийн хоосрол үүсэх гурван шалтгаан байдаг ажээ. Үүнд:
Нэгдүгээрт, хүн бол адгуусан амьтан шиг төрөлхийн зөн билэг ба хүсэлдээ хөтлөгдөн ямар нэгэн зүйлийг хийдэггүй.
Хоёрдугаарт, уламжлал, заншил, үнэт зүйлс, зөвшилцөл зэрэг нь чухам юу хийх ёстойг хэлж өгдөггүй. Чухам юу хийхийг хүсч байгаагаа хүмүүс заримдаа мэдэхгүй байгаа атлаа зүгээр л бусдын хийж байгааг болон тэдний хүслийг аялдан дагалддаг.
Гуравдугаарт, суралцагчид редукционизмд-хялбарчлалд өртөх болсон.
Үүний улмаас хүмүүсийг шийдвэр гаргаж бүтээлч, идэвхтэй ажиллах чадвартай гэж үзэхээсээ илүү зөн билэг хүсэл тачаал бүхий, хамгааллын ухамсаргүй механизмуудтай, болзолт нөхцлөөр ажилладаг зүйл мэтээр ойлгох болсон. Амьдралын утга учрыг илрүүлэх судалгаанд Отгонтэнгэр их сургуулийн нэгдүгээр дамжааны 16 оюутан хамрагдсанаас 12.5 хувь (n=2) нь эрэгтэй, 87.5 хувь (n=14) нь эмэгтэй оюутан; Үүнээс 6.25 хувь (n=1) нь 25-26 нас; 93.75% (n=15) нь 17-19 насны оюутнууд байна. Судалгааны үр дүнгээс үзвэл амьдралын утга учиртай, зорилготой судлуулагчид 37.5 хувь байсан ба оршихуйн хоосон орон зай буюу утга учир, зорилго дутмаг судлуулагчид 62.5 хувь (n-10)-г эзлэж байна. Түүнчлэн амьдралын утга учраа мэдэхийг хүсэж буй судлуулагчид 81.25 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, амьдрал нь хэдий утга учиртай мэт мэдрэгддэг ч өөрөө түүнийгээ ухамсарлаж чадаагүй судлуулагчид байна гэж харж болно.
Амьдрал бол зовлон, харгислал үүний гол цөмийг үгүйсгэх аргагүй чамайг зовоож ганцаардуулж сөхрүүлэх болно. Хэдий ийм зүйл тохиолдсон ч алдаж болохгүй ганц зүйл бол амьдралын утга учир, бусдын төлөөх зүтгэх явдал юм. Үүнтэй хүмүүс сонголтгүй нүүр тулдаг. Мөн амьдралын утга учрыг хайх биш өөрөө өөрийнхөө, бусдын төлөө бүтээх ёстой зүйл юм...
Олимпиадын Дэд байрын шагналт
“ХҮҮХДИЙН СТРЕССТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” илтгэлээс
...“Сэтгэцийн эмгэгийн оношилгоо ба статистик” гарын авлагад (DSM-5) эцэг эхийн хүүхэдтэйгээ харьцаж буй сөрөг харилцаа нь зан үйл, танин мэдэхүй ба сэтгэл мэдрэмжийн түвшинд явагддаг болохыг тодорхойлсон. (American Psychiatric Association., 2013.) Эдгээр түвшинд эцэг эх, хүүхэдтэйгээ дараах байдлаар харилцдаг хэмээн үзжээ. Энэ нь зан үйлийн хувьд эцэг эхийн хяналт сул, хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулахгүй байх, хэт их хяналт тавих, хамгаалах, дарамт шахалт үзүүлэх, загнаж зандрах, заналхийлэх, зодох, асуудлыг шийдвэрлэхгүйгээр өнгөрөөх, ганцаардуулах, сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд уйтгар гуниг, уур уцаар мэдрүүлэх үл хайхрах зэрэг орно. Эцэг эх хүүхдүүд хоорондоо эерэг харилцаа, ойлголцол үүсээгүйгээс үүдэн хүүхдэд сэтгэлийн холбоос үүсдэг. (Gross, 2017.) Үүнд зайлсхийх, түгшүүртэй байх, зохион байгуулалтгүй байх зан үйл багтана. Зайлсхийх холбоостой хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, бусадтай холбоо тогтоохоос цааргалдаг хол хөндий байдаг. (Hove.D., 2011.) Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга ухаанаа олохгүй мөн өөрт шаардлага тавьдаг бүлэгт таалагдахын тулд өөрийн төрөлх дүрээс гажууд зан үйлийг гүйцэлдүүлж улмаар өөрийн би гэх мөн чанараа алдах эрсдэлтэй. Магадгүй энэ тохиолдолд цаашлаад удаан үргэлжилбэл сэтгэл гутралтай болох шалтгаан болж болох юм.
Томчуудын хувьд хувьсамтгай зан үйл үйлдэж буй нь ажиглагддаг. Жишээ нь хүүхэдтэйгээ нэг бол хэт тааламжтай харилцаж эсвэл утсыг нь унагах юм уу, хоолоо асгах зэрэг жижиг алдаан дээр дүрсхийн хүчтэй сөрөг үйлдлийг хүүхэд рүү чиглүүлж түрэмгийлэх нь хүүхдэд түгшүүрийн холбоос үүсэх нэг шалтгаан болж байдаг. Энэ тохиолдолд хүүхэд бусдын хандлага болон, шүүмжинд тааруулан амьдрахыг хичээх невроз үүсэх эрсдэлтэй байж болох юм. Зохион байгуулалтгүй сэтгэлийн холбоос нь тусгаарлалт болон цочролоос үүдэлтэй сэтгэцийн гэмтэл авсантай холбоотойгоор бий болдог. (Gomez-Perales, 2015.) Энэ төрлийн сэтгэлийн холбоос нь бага насандаа амссан цочрол, хүчирхийлэл, үг хэлээр доромжлуулах зэрэг зан үйлийн үндсэн дээр хожуу илрэхдээ өөрийн хийж буй үйлдлээ бусдад буруугаар ойлгуулах зэрэг сөрөг үр дагавраар илэрнэ гэж үзсэн байдаг. Зарим хүүхдийнхээр бусдыг дооглож шоглох нь нөхөрсөг байдлыг илэрхийлж байна гэж ойлгодог бол заримд нь бүдүүлэг хандлага гаргаж буй байдлаар хүлээж авдаг. Эдгээр холбоос нь бие хүний ертөнцийг үзэх үзлийг бусдын зан үйл, үзэл бодолд чиглэсэн хуурамч дүр үүсч буйтай холбоотой гэж болох үндэстэй юм.
...Өндөр хөгжилтэй орны хувьд эцэг эхчүүд, багш нар, боловсролын байгууллага нь тухайн хүүхдийн сурлага хүмүүжлийг анхаарах, тэдний сэтгэл зүйг хамгаалах үүднээс хэд хэдэн сонирхол татахуйц, туршлага болохуйц арга барилыг ашигладаг байна. Тухайлбал, Япон улс хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлэж сайн анхаардаг бөгөөд аль ч тохиолдолд хүүхэд 10 нас хүртлээ мэдлэг биш харин ёс журам, бие авч явах зан үйл, бусадтай харилцах, хүндлэх ёсонд суралцах явдал хэмээх зорилгын дор суралцдаг байна. Тэдний эцэг эхтэйгээ ойр байх хийгээд багш, сурган хүмүүжүүлэгчтэй ойлголцох хамгийн давуу тал бүхий нэг арга барил нь өдрийн тэмдэглэл хөтлөх байлаа. Учир нь хүүхэд өдөр, цэцэрлэг, сургууль дээрээ ямар ааш зан гаргасан, юуг хийж бүтээсэн, бусадтай хэрхэн харилцсан, ямар хоол идсэн гэх мэт өдрийн турш гаргасан бүх шинж тэмдэг, үйлдлүүдийг тэмдэглээд эцэг эхэд нь өгдөг, нөгөө талаас эцэг эх хүүхэд орой гэртээ ирэхдээ ямар байсан, ямар өөрчлөлт гарсан зэргийг тэмдэглээд багшид нь өгөх гэх мэтээр хүүхдийн зан байдал, зан үйлийг харилцан ажиглах замаар сургадаг байна. (Гэрэлмаа. Б, 2020.) Түүнчлэн Австралийн засгийн газар нь хүүхдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн шинэ төвүүдийг байгуулах, эцэг эхчүүдийн боловсролд дэмжлэг үзүүлж, хүүхдийн хүмүүжлийн стратеги боловсруулах асуудлыг оновчтой илрүүлэн тухайн ажилд ихээхэн хөрөнгө зарцуулах нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой арга гэж үздэг байна. Үүнд: сургуулийн сэтгэл зүйчид болон нийгмийн ажилтнуудыг хүүхдэд хүртээмжтэй тоогоор хуваарилаж, мэргэшүүлэн бэлтгэдэг. Гол зорилго нь хүүхэд багш болон эцэг эхтэйгээ мөн сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудтайгаа ил тод, нээлттэй харилцдаг болох арга замд суралцуулснаар тухайн хүүхэд амьдралын явцад үүсэх асуудал бэрхшээлийг сэтгэл зүйн асуудалд өртөхгүйгээр даван туулах арга замыг бий болгож байна. (Bethesda., 2017) Мөн хүүхдийн сэтгэл зүйн асуудал тэр дундаа стрессийн түвшинг бууруулах оновчтой аргын нэг нь йог гэдгийг судлаачид судлаж, эерэг үр нөлөөг нь илрүүлсээр байна. Эртний йогийн дасгал нь хүүхэд, залуучуудад стрессийг даван туулахад тусалдаг бөгөөд ингэснээр сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Саяхан Энэтхэгт йогийн боловсролын тухай номондоо зохиолч "Товчхондоо йог бол хүүхдийн зан чанарыг хөгжүүлж, тэднийг орчин үеийн сорилт, бэрхшээлийг даван туулах чадвартай болгох хүчирхэг хэрэгсэл юм" (Balkrisna, 2010.) гэжээ. Дэлхийн хамгийн алдартай йог судлаачдын нэг Ширли Теллес "Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд йогийн үзүүлэх нөлөө" хэмээх тойм нийтлэлдээ йог нь хүүхдийн бие бялдар, оюун санааны сайн сайхан байдлыг сайжруулдаг (Telles, 2012, p. 219-27.) гэж дүгнэжээ. Үүнтэй адилаар Харвардын профессор Сат Бир Халса сургуулиудын йог нь оюутнуудад сэтгэлийн хөдөлгөөн, стресстэй холбоотой уян хатан байдал, сэтгэлийн хөдөлгөөн, өөрийгөө зохицуулах чадварыг сайжруулахад тусалдаг болохыг олж мэдэв. (Khalsa, 2013.)
Монголын нөхцөл байдалд ч мөн эдгээр аргыг ашиглан хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж, стресстийг бууруулах боломжтой билээ. Сургалтын төлөвлөгөө хөтөлбөр тэр дундаа биеийн тамирын хичээлийн цагийг нэмэлтээр йогийн сургалтын цагтай хослуулан хүүхдүүдийг хичээлүүлэн сургах боломжтой юм...
Олимпиадын Гуравдугаар байрны шагналт А.Анужин. /НССДС-ийн Сэтгэл судлалын 3-р курсийн оюутан/
АМИА ХОРЛОЛТ НИЙГМИЙН АСУУДАЛ БОЛОХ НЬ
...Э.Дюркгейм амиа егүүтгэх тохиолдлыг судалж “Амиа хорлохуй” хэмээх бүтээл туурвисан бөгөөд тэрээр амиа егүүтгэх үйлдлийг нийгмийн харилцаа, түүнд оролцох байдлаар нь гурав ангилсан байдаг. Үүнд:
Аминч буюу эгоист амиа егүүтгэл - нийгмээр баримталдаг хэм хэмжээ гажуудан, амьдралд нийцэмгүй хууль, дүрэм, журам олноор батлагдах, нийгмийн халамж дутагдсаны улмаас хувь хүн нийгэм хамт олноос тасран, амьдрал нь утга учиргүй болсон мэт санагдан өөрийгөө амьдралд гарах гарцгүй болсон хэмээн амиа егүүтгэхийг хэлнэ.
Хамтач буюу альтруист амиа егүүтгэл - хувь хүн өөрөө шийдвэр гаргах, сонголт хийх боломж, эрх чөлөө, бие даасан байдлаа алдан хувийн эрх ашиг, сонирхол нь хамтын эрх ашигт захирагдах болсноос хувь хүн тэсвэрлэшгүй байдалд орж амиа егүүтгэхийг хэлнэ.
Аноми амиа егүүтгэл - нийгмийн бүтцийн гэнэтийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, уналтын улмаас хүмүүс хуучин үнэт зүйлсийн баримжаагаа алдан, шинэ үнэт зүйл нь бүрдэж амжаагүй завсрын үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс нийгэмд тогтсон хэм хэмжээг мөрдөхийг хүсэхгүй амиа егүүтгэхийг хэлнэ.
Амиа егүүтгэх үйлдэл хийж буй хүмүүсийг сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар нь харьцангуй эрүүл, сэтгэцийн эмгэгтэй хэмээн хоёр ангилж үздэг боловч харьцангуй эрүүл хэмээн үнэлэгдэж байсан хүмүүс нь нийгэм, сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүмүүс байдаг. Амиа егүүтгэгчдийн дийлэнх 15-34 насныхан байдаг. Энэ насныхны нас баралтын нэг дэх шалтгаан осол гэмтэл, тэгээд хойноос нь амиа егүүтгэл ордог. Шалтгаан нь энэ насныханд сэтгэл зүйн дархлаа буюу сэтгэлийн дархлаа гэдэг зүйл сул байгаагаас ийм үйлдэл хийхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийн байдал нь тогтворжоогүй, ямар нэгэн зүйлд дасан зохицоогүйгээс болдог гэсэн үг...
...Амиа хорлох шинж тэмдэг илэрсэн, хямарсан нэгэнд хэрхэн туслах вэ?
1. Тухайн хүнээс амиа хорлох талаар бодож байгаа эсэхийг нь шууд асуу. Хэрэв тэд амиа хорлох талаар бодож байгаа гэвэл төлөвлөж буй зүйл байгаа эсэхийг нь асуу. “Та өөртөө хор учруулах зүйл төлөвлөсөн үү” гэж асууж болно. Хэрэв төлөвлөсөн байгаа бол нэн даруй эмнэлгийн эсвэл эрүүл мэндийн клиникийн төвийн тусламж авахад түүнд туслаарай.
2. Анхаарч, халамжил. Тэдний хэлж байгаа зүйлийг сонсож, анхаарч, санаа тавьж байгаагаа үзүүл. Тэдэнд ямар мэдрэмжтэй байгаагаа тайлбарлах хангалттай цаг хугацааг гаргаж өг. Та яавал амиа хорлохоос урьдчилан сэргийлэх талаар аюулгүй байдлын төлөвлөгөө гаргахад нь туслахыг санал болгож болно.
3. Хэл. Тухайн хүнд илүү их тусламж үзүүлж чадах хэн нэгэнд энэ байдлаа хэлэхэд нь тэднийг урамшуул. Өөрийн нутаг дэвсгэрт байгаа тусламж үзүүлж чадах эх сурвалжуудтай холбоо барих мэдээллийг хуваалцаарай.
Хэрэв тэд тусламж эрэлхийлэхгүй бол та тэдний өмнөөс хэн нэгэнд мэдэгдэж, хэлэх шаардлагатай болно...
Нийгэм, сэтгэл сулалын дээд суруулийн захирал, доктор Ч.Базар: “Монгол хүүхдийнхээ сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндэд төр бодлогоор анхааран хандаж байгаа нь цаашдаа Монгол хүний, улс орны хөгжилд л маш их хэрэгтэй”
- Яагаад энэ олимпиадыг зохион байгуулах болсон бэ?
- Манайд сэтгэл судлал нь шинжлэх ухааныхаа хувьд залуу, хөгжиж буй салбар. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд залуу судлаачдыг төрүүлэх нь чухал. Оюутан байхаасаа судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой, суралцаж буй чиглэлээрээ судалгаа хийж, асуудлыг дэвшүүлэн тавьдаг залуус олширвол сэтгэл судлалын салбарын хөгжил тасрахгүй, тогтвортойгоор хөгжинө.
- Олимпиадыг Сэтгэл судлалын доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит болгон явуулдгийн учир юу вэ?
- Миний судалснаар өнөөдрийн сэтгэл судлалын салбарын эрдэмтэн судлаачдын дийлэнх нь Дамдинжавын Санжжав гэдэг эрдэмтний шавь нар нь юм билээ. Д.Санжжав гуайн бичиж, хэвлүүлсэн сэтгэл судлалын олон сурах бичиг өнөөдөр их, дээд сургуулийн багш нарын гол гарын авлага, судалгааны эх сурвалж хэвээр байна. Нөгөө талаар энэ эрдэмтэн Сэтгэл судлаачдыг улс эх орондоо бэлтгэе гэж зориод сэтгэл судлалын анхны хувийн дээд сургуулийн үндэс суурийг тавьсан нь манай сургуультай холбоотой. Тэр үүднээс энэ буурал эрдэмтнийг үе үеийн сэтгэл судлаачид мэдэж, хүндэлж, мартахгүй байх ёстой гэдэг үүднээс оюутан сурагчдын дунд энэ олимпиадыг, судлаач, эрдэмтдийн дунд эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг.
- Олимпиадыг жил бүр өөр өөр сэдвээр зохион байгуулдаг уу?
- Сэдэв нь өөр өөр байдаг. Гэхдээ оюутан насны онцлогт нь илүү тохируулдаг. Хэдийгээр энэ шинжлэх ухаанд суралцаж байгаа ч оюутан үеийн мэдрэмж гэж нэг зүйлийг онцолдог. Тухайлбал, энэ жилийн олимпиад гэхэд “Нийгмийн стресс, бухимдлыг сэтгэл зүйн үүднээс шийдвэрлэх нь” гэдэг сэдэвтэй. Бараг бүх илтгэл хүүхэд нас, оюутан насны үеийн асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар судалж, асуудлыг гаргаж ирсэн. Залуу үеийнхэн эцэг эхчүүдэд, багш нарт, цаашлаад тогтолцоонд нь сэтгэц болон сэтгэл зүйн хувьд эрүүл, зөв хүн болгоё гэвэл хүүхэд насанд нь гэмтээдэг буруу харилцаа, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, хайхрамжгүй байдал зэрэгтээ анхаарахыг санал зөвлөмж болгосон. Түүнийгээ шинжлэх ухааныхаа онол, судалгаа, нотолгоонд үндэслэн гаргаж ирсэн.
- Сүүлийн үед боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сургуулийн Сэтгэл зүйчийг ажиллуулах талаар их дэмжиж, зарим сургуулиудад ажиллуулаад эхэлсэн байна. Энэ талаар таны бодол?
-БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан хаа нэгхэн яригдаад орхигддог сургуулийн Сэтгэл зүйчийг орон тоо, төсөвтэй нь дэмжин, сэтгэл зүйчдийг дахин мэргэшүүлэн ажиллуулж эхэлсэнд маш их талархаж байгаа. Манай сургуулийн өнгөрсөн хаврын төгсөгчдөөс 7 хүн хоёр шатны шалгаруулалтад тэнцэн, сургалтанд нь хамрагдаж, одо хот, хөдөөгийн сургуульд ажиллаж байна. Монголчууд маань “Хүн болох багаасаа” гэдэг дээ. Яг түүн шиг эцэг эх, багш нар, хүрээлэн буй орчныхон нь хүүхдийн сэтгэлийг багаас нь л таньж мэдэж, дэмжин хөгжүүлж, урамшуулж, ямар насанд нь сайшаал, зэмлэлийг хэрхэн өгөх вэ гэдгийг мэдэх ёстой юм. Энэ их хэцүү зүйл биш. Сэтгэл судлалын олон эрдэмтэн хүүхдийн сэтгэгдлийг багаас нь судал гээд байгаа юм. Тухайлбал, хараа муутай хүүхэд илүү сайн харахыг бодож мөрөөдөж, түүндээ санаа нь зовнидог юм байна. Санаа зовнилт нь зан ааш, авирыг нь эвддэг. Нөгөө яриад байгаа стресс, бухимдлыг нь төрүүлдэг. Тэгэхээр бид хүүхэддээ цаг зав гаргаж, ярилцах, сонсох замаар тэднийхээ сэтгэгдлийг судлах нь. Үүнийг мэдэхгүйгээс томчуул их алддаг. Тэгвэл сургуулийн сэтгэл зүйч энэ боловсролыг байгаа байгаа газартаа эцэг эх, багш нарт сургалт, зөвлөгөө хэлбэрээр өгнө. Нөгөө талаар багш нартай хамтарч сурлагаар хоцрогдож буй хүүхдийн сэтгэл зүйн шалтгааныг олж тэдэнд туслах, ялгаварлан гадуурхалтыг өдөөгөөд байгаа, өртөөд байгаа шалтгааныг олж тогтоох, засч залруулах гээд маш олон ажлыг тэд хийнэ. Тэгэхэээр нэг сургуульд нэг сэтгэл зүйч биш яваандаа багаар ажиллаж байж үр дүн нь гарна. Эхлэж байгаа нь маш зөв. Монгол хүүхдийнхээ сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндэд төр бодлогоор анхааран хандаж байгаа нь цаашдаа Монгол хүний, улс орны хөгжилд л маш их хэрэгтэй. Манай хамт олон үүнийг маш их дэмжиж, бэлтэн гаргаж буй Сэтгэл зүйчдийнхээ мэдлэг, чадвар, хандлагад анхааран ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.15 ЛХАГВА № 245 (6722)