Б.ОД

Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу нэвтрэх товчоодод үхрийн ширэнд ариутгалын бодис шингээн тавьсан байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл гараад буй. Энэ талаар аймгийн Мал эмнэлгийн газартай холбогдож тодрууллаа. 

Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газар "Одоогоор аймаг руу орох, гарах болон бусад зам дээр үхрийн шир тавиагүй. Гэхдээ өмнө нь малын халдварт өвчин гарах үед автомашины дугуйгаар халдвар дамжих эрсдэлээс сэргийлэн ширэнд ариутгалын бодис шингээн зам дээр тавьж байсан” гэв.

Харин Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар "Гурван байршилд үхрийн ширэнд ариутгалын бодис, давс шингээж тавиад байгаа. Эсгий, зулхай гэх мэт материалд ариутгалын бодис шингээж тавьж үзсэн ч маш хурдан тасраад, урагдчихдаг. Сумдын зүгээс арьс бат бөх учраас мал нядалгааны газраас арьс авч байршуулах санал тавьсныг дэмжсэн. Аймгийн Мал эмнэлгийн газрын хувьд хүн хүч багатай, ажлын ачаалал өндөртэй учир зам дээр ариутгалын ажилтан гаргаж ажиллуулах боломжгүй. Үхрийн ширэнд ариутгалын бодис шингээж ашиглах аргыг 2017 онд шүлхий гарах үеэр,  ковидын халдварын үед Алтанбулаг боомтод ТИР машин нэвтрүүлэх хэсэгт туршиж байсан. Зардал багатай, үр дүнтэй байсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn