Б.ТӨГС

 

Блокчэйн, криптовалют, виртуал хөрөнгө, койн зэрэг нэршлүүд монголчуудад хэдийнэ танил болжээ. Манай улс тун удахгүй виртуал хөрөнгийн тухай хуультай болох гэж байна. Дэлхийн улс орнууд энэ салбарт янз бүрийн байр сууринаас хандаж байна. Гэхдээ цаашдын хөгжлийн чиг хандлагыг энэ салбараас салангид төсөөлөх ямар ч аргагүй болсныг бүгд хүлээн зөвшөөрчээ. Өнөөдөр дэлхийн тэргүүлэх компаниуд блокчэйн технологид суурилсан системийг хэрэглэж байна. УИХ-аар хэлэлцэж байгаа Виртуал хөрөнгийн тухай хууль батлагдсанаар тухайн цахим хэрэгслийн цаана байгаа төсөл, хөрөнгө оруулалтыг бодитоор үнэлэх  боломжтой болсон нь монголчуудын хувьд нэг алхам урагшилж байгаа сайшаалтай зүйл. Хамгийн чухал нь ямар ч зүйлд хөрөнгө оруулсан, түүний ард байгаа төсөл хөтөлбөрийн тухай сайтар судалгаатай байхыг зөвлөөд байгаа юм.

Энэ удаагийн “Виртуал хөрөнгийн зах зээл” буланд Монголд анхны гэж хэлж болох блокчэйн технологид суурилсан нэгэн сонирхолтой төслийн танилцуулгыг хүргэе.

 

Яндангүй эрчим хүчний станц

 

Төслийн талаар товчхон мэдээлэхэд “Mgl Caelum” компани  олон улсын экспертүүдтэй хамтран эрчим хүч үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл, мөн түүнийг дагалдан хэрэгжих бизнесүүд гээд томоохон цогц төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Төслийн үйл ажиллагаа зургаан салбарт хэрэгжих гэнэ. Юун түрүүнд тэд төслийн концепцоо “Ногоон нүүрс, цэнхэр тэнгэр” гэж тодорхойлжээ.   Төв аймгийн Баян сумын нутагт орших Цайдам нуур нүүрсний ордыг түшиглэж, ойрхон зайд эрчим хүчний станц барих аж. Байгальд хамгийн ээлтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, нүүрсний уурхайгаас станц руу газар доогуур конвероор зөөнө. Мөн эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрс хүчлийн давхар ислийг энэхүү станц нь хамгийн боломжит бага хувь буюу 50 хувиар багасгаж чадах юм байна. Харин үүнийг бүр 0 хувь руу дөхүүлэхийн тулд Америкийн компанитай хамтран Замагны фарм байгуулж байгаа нь хоёр дахь том дэд бүтэц. Өөрөөр хэлбэл, эрчим хүч үйлдвэрлэхэд ялгардаг нүүрс хүчлийн давхар ислийг замаг нь өөртөө шингээж байгальд 0 хувийн ялгарал үлддэг технологийг дэлхийн томоохон улс орнууд хэдийнэ ашиглаж эхэлжээ.  Ашигласан замгаа анхан шатны боловсруулалтаар био түлш, хоёр дахь шатны боловсруулалтаар малын тэжээл, эцсийн шатны боловсруулалтаар антиоксидант био бэлдмэл хүртэл үйлдвэрлэх боломжтой аж. Энэ нь эрчим хүчийг байгальд хоргүйгээр үйлдвэрлэхэд ашигласан замгаа ч мөн дахин үйлдвэрлэж бизнес болгох төлөвлөгөөг боловсруулсан гэсэн үг. Ингэснээр “MGL Caelum” төсөл “Ногоон нүүрс, цэнхэр тэнгэр” гэсэн зорилгоо дэлхийд утгаар нь тунхаглаж чадна гэж төслийн удирдагчид танилцуулж байлаа.  Төслийн багийнхан Эрчим хүчний зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагаас станц байгуулах зөвшөөрлөө авсан бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэх гэрээгээ хийчихсэн аж.

 

Caelum төсөл блокчэйнтэй хэрхэн холбогдов

-Дэлхий ертөнцийн санхүүгийн систем, бизнесийн модел сүүлийн хоёр жилд орвонгоороо эргэсэн. Блокчэйн буюу хүний оролцоогүй, хиймэл оюун ухаанд суурилсан технологи бол ямар ч компани, үйлдвэрлэлийн суурь технологи болж хөгжиж байна. “MGL Caelum” төсөл байгалийн баялгийг олборлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, хэрэглэгчид хүргэх, дагуул бизнесүүдийг явуулахдаа энэ технологийг ашиглана гэнэ. Тухайлбал, ирээдүйд цахилгаан машин, сансрыг технологи, гар утас цахилгаан хэрэгслийн хамгийн гол түүхий эд болох бал чулууг эцсийн бүтээгдэхүүн болгож блокчэйн технологид үндэслэн дундын зуучлагчгүйгээр эцсийн хэрэглэгчид өөрсдөө хүргэх юм байна.

Мөн өөрсдийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг хамгийн үр ашигтай ашиглах боломжтой криптофармуудыг байгуулна гэлээ. Хятадын Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сараас криптофармуудаа нутаг дэвсгэрээсээ гаргаж эхэлсэн. Маш их эрчим хүч хэрэглэх шаардлагатай, цаг уурын хүйтэн сэрүүн нөхцөл хайсан фармууд  Исланд Аляск, Америк руу нүүж байна гэж төслийн удирдагчид ярьжээ. “Бид байгальд ээлтэйгээр үйлдвэрлэсэн эрчим хүчээ ашиглаж  криптофармуудыг байгуулна” гэж тэд зоригложээ. Төслийн бас нэгэн бүрэлдэхүүн бол сүүлийн хоёр жилд 30 хувиар нэмэгдсэн дата мэдээллүүдийг хадгалах дата төвүүд гэнэ. Зураг авах, мсж илгээх зэргээр бид өдөр тутамдаа асар их дата мэдээлэл үйлдвэрлэж байгаа өнөөдрийн нөхцөлд эдгээр мэдээллийг хадгалах дата төвүүд асар шаардлагатай байгаа. Асар их эрчим хүч зарцуулж энерги гаргадаг энэ төвүүд нь хурдан хөрөхийн тулд цаг уурын хүйтэн нөхцлийг мөн шаарддаг аж. Тиймээс Монголын нөхцөлд маш тохиромжтой байдаг гэнэ. Тиймээс Монгол Улсад анх удаа дэлхийн хэмжээний 20 мянган метр квадрат талбайтай дата цэнтр барих нь “MGL Caelum” төслийн бас нэг цөм нь.

Эдгээр төслүүдийг цогцоор нь хэрэгжүүлж тээвэр логистикоос эхлээд хангалт нийлүүлэлт, таваарын бирж зэрэг бүхий л сүлжээг блокчэйн технологид суурилуулан хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.8 ЛХАГВА № 240 (6717)