Б.БЯМБАЖАРГАЛ

 

Тамхины эсрэг эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ч тэд хуулийг бодит амьдралд нийцүүлэхээс илүүтэй ДЭМБ-ын нөлөөнд автаж байна хэмээн Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо/МОРА /-ноос  шүүмжилж байна. Тус холбооны ерөнхийлөгч Д.Нарантуяатай энэ сэдвээр ярилцлаа.

 

- Насанд хүрээгүй хүүхдийн тамхидалт  буурахгүй улам газар авсаар байна. 2017 онд тус хуульд өөрчлөлт оруулж баар, зоогийн газар ер нь битүү орчинд тамхи татах нь багссан ч нөгөө талаар жижиглэнгээр тамхи ширхэглэн зарах явдал байсаар байна. Тамхины эсрэг хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар танай холбооноос Эрүүл мэндийн яамны дэргэд байгуулагдсан ажлын хэсэгт хамтарч ажилладаг гэсэн. Энд ямар асуудал байна вэ?

-Тамхины эсрэг хуулийн төслийн ажлын хэсэг хэд хэдэн удаа байгуулагдаж энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хэдий ч дорвитой өөрчлөлт оруулж чадахгүй байна. Учир нь тэд ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа нэрээр ДЭМБ-ын нөлөөнд автаж төслөөс мөнгө авах зорилгоор л ажиллаж байна гэж хардаж байгаа юм.  Манай холбооноос энэ тухай шүүмжлэхээр ажлын хэсгээ  татан буулгадаг жишигтэй болчихоод байна. Саяхан мөн ажлын хэсгээ татан буулгасан шинээр ажлын хэсэг нь байгуулагдаагүй байна. Хэвлэлээр дамжуулан ажлын хэсгийн шинэ бүрэлдэхүүнд найдвар тавьж байгаагаа илэрхийлье. Өөрөөр хэлбэл,  ажлын хэсгийн шинэ удирдлагыг тамхины эсрэг хуулийн төслийг хэлэлцэх асуудалд эргэн орохыг шаардаж байна. Өмнө нь ажлын хэсэг олонтаа байгуулагдаж, тарж, бүрэлдэхүүн өөрчлөгдөж байсан. Тухай бүрт Худалдаа эрхлэгчид холбоогоор дамжуулан тамхитай тэмцэх асуудлыг хөндөж байв. Энэ нь даамжирсаар жижиг худалдаачдын бизнестэй хийх тэмцэл болон хувирсан. Манай холбооны зүгээс тавьсан саналуудыг ажлын хэсгийн баримт бичгүүд дээр огт  тусгаагүй. Өнөөдрийг хүртэл Ажлын хэсэг нэг ч удаа бидний тайлбарыг сонсоогүй, хэн ч бизнес эрхлэгчдийг сонсохыг хүсэхгүй байна. Худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдал болон тэдний үзэл бодолд илүүтэй анхаарал хандуулж энэ хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Өнөөдрийг хүртэл ажлын хэсгийн өмнөх бүрэлдэхүүн шинэ, тамхины эсрэг хуулийг хаалттай хаалганы цаана хэлэлцэж байсан. Одоо шинээр байгуулагдах нь бас далд хэлбэрээр хэлэлцэхийг үгүйсэхгүй. Тамхины эсрэг хуулийн төсөл манай жижиглэн худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг илүүтэй хөнддөг болохоор үүнд манай холбоо илүү анхаарал хандуулж байгаа юм. Учир нь жижиглэн худалдаа эрхлэгчдийн гол орлого нь тамхи ширхэглэн зарах явдал. Энгийн иргэд энэ хуулийн талаар маш бага мэднэ, учир нь хэвлэлээр энэ талаарх мэдээлэл гараагүй. Иргэд  тамхи ширхэглэн зарахын эсрэг байдагтай холбоотой. Гэвч тамхидалт, насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд газар авсаар байгаа юм.

-Ажлын хэсгээс хуульд ямар хориг хязгаарлалт, шинэчлэл оруулж ирээд байгаа юм бэ?

-Тэдний оруулж буй шинэчлэлтүүд дэлгүүрийн худалдагчид болон худалдан авагчдад хүндрэл учруулж байна. Тухайлбал, дэлгүүрүүдийг шилэн лангуугаа өөрчилж, тамхины хэсгийг хөшгөөр хаадаг байлгахыг шаардаж байна. Түүнчлэн тамхины хайрцагнуудыг нэгэн жигд ногоон өнгөтэй болгож, дэлгүүрт худалдан авагчид ч , худалдагчид ч төөрөгдөл үүсгэхийн тулд жижиг, ижил шрифтээр тамхины нэрийг бичүүлэхийг тэд хүсэж байна. Үүнийгээ тамхины эрсэг тэмцэж байна  гэж олон нийтэд  ойлгуулахыг  хүсэж байна.  Иймэрхүү байдлаар  дэлгүүрүүд болон худалдан авагчид дээр туршилт хийж болсон гэдгийг ажлын хэсгийн гишүүдэд ойлгуулах гэж бид хичээсэн ч үр дүнд хүрэхгүй байна. Бизнес эрхлэгчид бид тамхидалттай үр дүнтэй өөр аргаар тэмцэж болно. Гэхдээ биднийг, бизнес холбоог ажлын хэсгийнхэн сонсохгүй байна. Яагаад ийм зүйл болж байгаа нь ойлгомжтой. Учир нь одоо ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үндсэндээ Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид, ДЭМБ-ын лоббичид багтаж байна. Тэд ердөө л ээлжит тэтгэлгээ авч байгаа юм. Бизнес эрхлэгчид бид татвар төлдөг, ард түмнийг тэжээдэг. ДЭМБ-аас ард түмэн юу ч авдаггүй. Үүний эсрэг ямар нэг зүйл хийх ёстой. Одоогоор МОРА /Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбоо/ болон Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим ажлын хэсэгт хэлбэр төдий оролцож байгаа бөгөөд тэдний саналыг эцсийн баримт бичигт тусгахгүй байна. Бизнес эрхлэгчдийн дуу хоолойг боомилж байгааг бид эсэргүүцэж байна. 500 метрийн зай гэж заасан нь огт үйлчлээгүй, харин авлигыг цэцэглүүлсэн гэдгийг хүн бүр харж байна. Тамхидалттай холбоотой статистикийг хараад үз, хүмүүсийн тамхи татах явдал багасаагүй. Тамхидалтын эсрэг арга хэмжээ гэж байсан 500 метрийн зайн асуудал бүтэлгүйтсэн. Энэ талаар бид УИХ гишүүд болон энэ хоригийг авч хэлэлцсэн ажлын хэсэгт сануулж байсан. Гэвч өмнө нь биднийг хэн ч сонсоогүй.

-Шинэ  хуулийн төсөлд яг  ямар заалт нь амьдралд нийцэхгүй хориг болоод байгааг тайлбарлаач?

-Шинэ хуулийн төсөлд 500 метриийн зайтай холбоотой заалтыг хасахыг шаардсан. Өөрөөр хэлбэл, зөөлрүүлэхийг холбоо санал болгосон. Гэвч авч хэлэлцэхгүй байгаад асуудлын гол нь байна. Шинэ бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг энэ алдаанд анхаарал хандуулж, засаж залруулна гэж бид найдаж байна. Учир нь энэ заалт  тамхи татдаг төдийгүй бусад хүмүүсийн амьдралыг эрс өөрчлөх хууль юм.Тамхитай тэмцэхэд чиглэгдсэн 500 метрийн радиуст худалдахыг хориглох заалт нь үнэн хэрэгтээ хяналтын байгууллагуудын мөнгө олох хэрэгсэл болсон гэж үзэж байгаа юм. Нэг нь зөвшөөрөл өгч, нөгөө нь “500м радиуст худалдах”-ыг хориглосон заалтын хэрэгжилтэд хяналт тавьдаг. Энэ системд авилга цэцэглэж байна. Харин жижиглэн худалдаа эрхлэгчид амин зуулгаа залгуулахын тулд худалдаагаа хийсээр л байна. Хотын төвд энэ заалт сайн хэрэгжиж байгаа бол гэр хорооллуудад тамхидалтын нөхцөл байдлыг хянахад тун хүнд. Тусгай бүсүүдэд зарим нэр төрлийн барааг худалдахыг хориглосон. Бизнесийн орчныг байршлаар нь хязгаарлах нь тохиромжгүй хувилбар. Үүнд худалдаа эрхлэгчид бухимдалтай байдаг. Энэхүү хориг нь тэгш бус нөхцлийг үүсгэж байна. Нөгөө талаас, энэ хориг нь авлигыг өөгшүүлж, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хууль бус ажиллагааг нэмэгдүүлж байна.

Ихэнх аймаг, сумдад хүүхдийн цэцэрлэг, сургууль, захиргаа нь 500 метр радиусын нутаг дэвсгэр дээр байрлаж байдаг. Тиймээс 500 м радиуст худалдахыг хориглох заалтыг амьдрал дээр хэрэгжүүлэх боломжгүй.Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагууд тамхины худалдааг хянаж, зөрчил илрүүлэн, зөрчил гаргагчдад торгууль оноодог ч хууль бус худалдаа үргэлжилсээр л байна. Энэхүү заалт нь улсын төсөвт орлого оруулах гол эх үүсвэрүүдийн нэг болсон.

Бүр тодруулбал, жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд тамхи ширхэглэн зарах нь орлогынх нь гол эх үүсвэр болдог. Тиймээс бизнесийн орчныг хязгаарлах нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Нөгөө талаас энэ заалт авлигыг өөгшүүлж байна гэж хэлж болно. Тамхины эсрэг эрүүл мэндийн тухай хуульд 150 метрийн радиуст худалдахыг хориглоно, харин “тамхины хяналтын тухай” хуульд 500 метр зайд хориглоно гэж заасан байдаг. Энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөж байна.Тиймээс энэ заалтыг дахин авч хэлэлцэж, амьдрал дээр хэрэгжих боломжтой нөхцлөөр өөрчлөх шаардлагатай. Манай улс өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг сохроор хуулдаг, энэ нь тэр бүр хэрэгждэггүй. Ер нь манай хууль тогтоомж бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хангалттай хамгаалж чаддаггүй, өөр хоорондоо зөрчилддөг. Бусад орнуудын хууль тогтоомжид сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи борлуулахыг хориглосон заалт байдаггүй. Өндөр хөгжилтэй орнууд ямар нэг байгууллагаас 500 метрийн радиуст тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахыг хориглохын оронд ухуулан таниулах, сэрэмжлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Өндөр хөгжилтэй орнуудад бага наснаас нь тамхины хор уршиг, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг.

-Эдгээр хориг болон хязгаарлалтууд нь амьдралд нийцдэггүй юм бол яагаад өөрчилж болохгүй байна вэ?

-Тэд бизнесийн орчныг хориглодоггүй. Энэ салбарыг бодлогоор дэмжин, зохицуулвал улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж чадна. Хуулийн төсөл боловсруулагчид эцсийн мөч хүртэл өөрсдийн санал болгож буй хязгаарлалтуудынхаа талаар яагаад мэдээлээгүй нь ойлгомжтой. Тэд дуулиан шуугиан үүсэхээс айсан. Нэг шийдвэр нь туршилт байдлаар хэрэглэгдэж дахин шинэчлэгддэг. Тэдгээр амьдрал дээр буухгүй дүрэм, журмуудаа механикаар хэрэгжүүлэхийг шаарддаг. Хэрэв хэрэгжүүлэхгүй бол торгодог системтэй. Манай улсад гарч буй бизнесийн хуулиуд нь хоорондоо зөрчилддөг хэрнээ түүний хариуцлагыг худалдаа эрхлэгчид нуруун дээрээ үүрдэг. Нэг талаасаа бизнесийн зах зээл бол өрсөлдөөний талбар. Бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесээ хөгжүүлэхийн тулд цаг зав, сэтгэлээ зориулдаг. Гэтэл тэр нь үнэ цэнгүй болж нөгөө бизнес эрхлэгчид бухимдал болж торгуулсаар бизнесээ хөгжүүлэх өргөжүүлэх санхүүгийн хуримтлалтай болж чаддаггүй. Ажлын хэсэг өнөөдөр хэлэлцэж буй хориг, хязгаарлалтуудыг хүлээн авбал энэ нь худалдаа эрхлэгчдийн дургүйцлийг төрүүлнэ. Ажлын хэсэг ДЭМЯ-ны нөлөөгөөр ажилладаг болох нь тодорхой. Эдгээр хориг, хязгаарлуултыг зөвшөөрч хуульд тусгах нь тэдэнд ашигтай. Өөрөөр хэлбэл төслөө үргэлжлүүлэн өөрсдөө далд  орлоготой байх нь ойлгомжтой болоод байна.Тиймээс ЭМЯ-ны дэргэдэх Тамхины эсрэг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шинэ ажлын хэсгээ яаралтай бүрдүүлж Худалдаа эрхлэгчдийн эрх ашиг болон тамхины эсрэг хуулиа бодит амьдралд нийцүүлэн ажиллахыг шаардаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.22 ДАВАА № 229 (6706)