Б.ТӨГС

 

“Сүүлийн 30 жилд анх удаагаа улс төрчид инфляц буюу өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд санаа зовох шаардлагатай боллоо” гэж Financial Times бичжээ. Учир нь өнгөрсөн хугацаанд улс орнуудын Төвбанк мөнгөний бодлогоороо зохицуулж ирсэн энэ асуудал анх удаа улс төр, Засгийн газруудын оролцоог шаардах төвшинд өсч, ухрахгүй давшиж байгааг ийнхүү олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон эдийн засагчид анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн парламентын гишүүд төвбанкны ерөнхийлөгчөөсөө “Манай улс үндэстэн үнийн хяналтыг алдаж байсан түүх бий. Одоо арай тэр түүх давтагдах гэж байгаа юм биш биз” гэж асуув. Харин тус улсын төвбанкны ерөнхийлөгч Эндрю Бэйли “1975 онд инфляц хамгийн өндөр буюу 24.2 хувьд хүрч байсан түүхтэй. Одоо тийм өндөр дүн үзүүлнэ гэж юу байхав” хэмээн шоолонгуй хариуллаа гэж FT онцолжээ. 

Гэтэл ердөө энэ үйл явдлаас хоёрхон хоногийн дараа Их Британи дахь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт жилийн өмнөхөөсөө 4.2 хувиар өссөн нь сүүлийн арван жилийн хамгийн хурдацтай инфляц болж, банкны зорилтот түвшнээс хоёр дахин, зургаан сарын өмнөхтэй харьцуулахад бараг хоёр дахин их болж нэмэгджээ.

Тэгвэл зөвхөн Их Британи  ч биш АНУ, Герман болон бусад өндөр хөгжилтэй орнуудад инфляц олон арван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн тул энэ сэдэв одоо улс төрийн гол цөм болоод байна. Холбооны нөөцийн сангийн захирагч асан Рэнди Кросзнер “30 жилийн хугацаанд анх удаа инфляц улс төрийн чухал асуудал болж байна” гэж хэлэв.

Тухайлбал, АНУ-д "Consensus Economics"-ээс гаргасан 2021 оны дундаж инфляцын таамаглал нэгдүгээр сард 2 хувь байсан бол одоо 4.5 хувь болж огцом өсч эхэлсэн. 2022 оны урьдчилсан таамаглал нь хоёр хувиас 3.7 хувь болж өссөн байна. Японоос бусад G7-ын бусад орнуудад инфляцын өсөлттэй төстэй таамаглал ажиглагдсан юм. Харин улс орнуудын төвбанкууд энэхүү өргөн хэрэглээний үнийн өсөлтийг цар тахалтай холбоотой нийлүүлэлтийн хомсдол, ачаа барааны эргэлтийн удаашрал гэх мэт нэг удаагийн хүчин зүйлтэй холбож, удахгүй буурна гэдэгт итгэсээр. Дэлхий даяар бүх бараа, эд ангиудын хомсдол өндөр төвшинд хүрч дэлхийн эрэлт дээд хэмжээнд хүрч байгаа нь ойлгомжтой. Тиймээс улс орнуудын төвбанкууд 2022 онд хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн тогтвортой байдлыг чухалчлан үзэж, инфляцыг нам түвшинд байлгахад нухацтай анхаарах шаардлагатай болсныг анхааруулсаар.

Монгол Улсын хувьд ч байдал ижил байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 10 орчим хувьд хүрээд байгааг статистик харуулж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Төвбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулахдаа 2022-2024 онд инфляцыг 6 /+,- 2/ хувь байлгаж тогтворжуулна гэжээ. Дэлхий даяар нөхцөл байдал ижил шалтгаантай хүндэрсэн тул Төвбанк энэ зорилтод хүрэхийн тулд дангаар ажиллаад нэмэргүй, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг ч зарим гишүүд сануулж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.22 ДАВАА № 229 (6706)