Ч.ОЛДОХ

Монголын  судар ном, бичгийн  онцлох дурсгал, хамгийн чухал сан хөмрөг нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байна. Ингэж хэлэхээр  эргэлзэх, дургүйцэх  нэгэн гарч ирж болох юм. Иймд нэг тайлбар хэлье, ахмад эрдэмтэд, судлаачдын батлан ярьж буйгаар 1952-1992 оны хооронд Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид  хээрийн шинжилгээний ангиар Монгол орноо тойрч  цуглуулсан  судар ном, аман зохиол, нутгийн аялгуу, түүх, ёс заншил, угсаатны зүй, археологийн дурсгалуудтай хамтатган  цуглуулсан  дурсгалын дээж нь тус хүрээлэнгийн  “Алтан сан”-д хадгалагдаж байна. Сорыг нь өөрийн санд авч үлдээд  бусдыг нь ангилан Үндэсний төв номын сан, Гандантэгчинлэн хийд рүү шилжүүлдэг байсан хэмээн ахмад эрдэмтэн, судлаачид дурссан нь  ч бий.  Энэ сан нь аман зохиол, нутгийн аялгуу судлалын лаборатори нэртэй  байгаад  2011 оноос  “Дуун ухааны сан хөмрөг” болж өргөжин бие даасан салбар болсон  нь энэ онд “Хэл бичиг, сан хөмрөгийн лаборатори” болж,  эрхлэгчээр доктор С.Энхжаргал  ажиллаж байна. 

Тус санд гар бичмэл хэрэглэгдэхүүний  цуглуулга  480 орчим,  үүнд хээрийн шинжилгээний ангийн тайлан мэдээнүүд олон бий. 
Ахмад эрдэмтдийн хувийн архив, гар бичмэл нооргууд дотор  нэрт  эрдэмтэн  Э.Вандуйн архив гэхэд долоон хавтас  байдаг  бол  билгүүн номч  Б.Ринчений алдарт “Хэлний зүй”-н дөрвөн ботийн гар бичмэл болон  бичгийн машин, Ц.Дамдинсүрэнгийн  ажлын тайлан, анкет, “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар, албан томилолтуудын хуулбар хадгалагддаг.  
1921 оноос хойш цуглуулсан тод үсгийн судар 1200 байгаа нь шашны холбогдолтой гэхээс илүү зан үйлийн, тодруулбал гал тахих ёс, тахилга тайлгын ёсны тухай юм. Мөн   түвд үсгийн судар 700 орчим,  монгол бичгийн судар 1000 гаруй  байна. 2013 оноос гадны байгууллагуудын  дэмжлэгээр  бичмэл эхүүдийг дижитал  хэлбэрт оруулан хадгалалтыг  уртасгахад анхаарч иржээ.
Хээрийн шинжилгээний ангийн үеэр цуглуулсан  аман зохиолын  дурсгалын  соронзон хальс нь  1950-1960 оны техник тоног төхөөрөмж дээр бичигджээ. Мөн ахмад эрдэмтдийн яриа, лекц байдаг бөгөөд нийтдээ 1000 гаруй хуурцаг хадгалагдаж байна. 

Их эрдэмтэн Б.Ринчений сууж байсан ширээ хэмээн нэршсэн ч 1921 онд Судар бичгийн хүрээлэн анх байгуулагдсан  цагаас үе, үеийн алдартай эрдэмтэд сууж байжээ. Нэг үе Б.Ринчен сууж байсан бол  хожим эрдэмтэн Б.Содном нэлээн олон жил хэрэглэж,  хамгийн сүүлд нэрт эрдэмтэн, Алтай судлаач, толь зүйч Г.Сумьяабаатар гавьяаны амралтад гартлаа суужээ.