Б.ОД

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгдөг хэвлэлийн хурлыг 14 хоногт нэг удаа, баасан гарагт зохион байгуулж байхаар болжээ. 

Дэлхийн улс орнууд болон дотоодод COVID-19 халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өглөө. 

 Тэрбээр "Зүүн Европын улсууд, Баруун Европын цөөн улсад халдварын дөрөв дэх давалгаа эхэлж, тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, ХБНГУ-д өдөрт 50 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 250-д хүрлээ. ОХУ-д долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон ч халдварын тоо буурсангүй. Тус улсад өдөрт бүртгэгдэх тохиолдол 40 мянга, нас баралт 1200-д хүрснийг мэдээлсэн. Эдгээр улсуудад вакцинд хамрагдсан хүний тоо нийт хүн амын 30-50 хувийг эзэлж байна. Вакцины хамрагдалт сул байгаа нь энэ давлагааны үед тохиолдол, нас баралт өндөр байхад хүргэлээ.  Харин вакцины гурав дахь тунд хүн амынхаа 20 хувийг хамруулсан Их Британи улсад халдварын тохиодлын тоо 12 хувь, нас баралт таван хувиар буурсан. Манай улсын хувьд гурав дахь тунгийн хамралт 15 хувийг давлаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 26 хувиар буурсан. Шинжилгээнд эерэг эзлэх хувь 18 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт гэж харж байгаа. Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурахаар байна. Нас баралт 20 хувь буурч, эмнэлэгт хэвтэлт дээр тодорхой үр дүн мөн гарсан" гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn