Б.ОД
Нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.
Арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Энэ хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар гэр оронгүй 239 иргэнийг олж, бүртгүүлжээ. Үүнээс 96 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа татан ТББ-д байршуулсан бол 24 иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн эдгээр иргэнээс сүрьеэ, ДОХ, тэмбүү, элэг, цусны ерөнхий шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 238 иргэний хариу сөрөг гарчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.
Эх сурвалж:www.polit.mn