О.БАЯРМАА

 

Дэлхийн усны нөөцийн дөнгөж нэг хувь нь цэвэр ус. Үүнээс Монгол орны усны нөөц 0.00004 /нойл зуун мянганы дөрвөн/ хувийг эзэлдэг. Тэр дундаа говь цөлийн бүсийн цэвэр усны нөөц дэлхийн дунджаас 10 дахин бага байдаг аж. Говь цөлийн бүсийн ус нь эрдэсжилт өндөртэй ундны болон ахуйн усанд кальци магнийн давс их агуулагддаг. Эрдэсжилт өндөртэй ундны усыг удаан хэрэглэснээр уснаас шалтгаалсан бөөр, шээсний замын чулуужих өвчин, шүдний паалан гэмтэх, шүд хэврэгших, арьсны өвчлөл, ходоод, хоол боловсруулах замын эмгэг үүсэх шалтгаан болдог. Хил хамгаалах байгууллагын эрүүл мэндийн албаны 2019 оны халдварт бус өвчлөлийн судалгаагаар говийн бүсийн хилчдийн 34.5 хувь нь хоол боловсруулах замын эмгэг, 25.13 хувь нь арьс харшлын эмгэгтэй байна гэсэн дүн гарчээ. Энэ бол хамгийн өндөр зонхилж буй өвчлөлийн бүртгэл юм. Говь цөлийн бүсэд хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг хилчдийн хувьд ундны эрүүл аюулгүй усны асуудал тулгамдаж буй гол сэдэв байсаар байна. Энэ асуудлыг шийдвэрлэх олон арга замыг ХХЕГ-ын удирдлага, мэргэжлийн хяналтын газар, Хилийн цэргийн төв лаборатори эрэн хайсны үр дүнд ХЗДХЯ-ны дэмжлэгтэй Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн төвтэй хамтран хилийн салбарт ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Монгол орны түүхий эдээр хийж, нутагшуулах төслийн ажлыг Хилийн 0166 дугаар ангийн 0203 салбарт жилийн өмнө эхлүүлсэн юм. Тус салбарын ундны ус  хатуулаг, хлори ихтэй учир кофе, сүүтэй цай хэрэглэх боломжгүй байжээ. Салбарын ундны усыг цэвэршүүлэхээс өмнөх болон төхөөрөмжөөр цэвэршүүлсний дараах байдлаар харьцуулан химийн шинжилгээг хээрийн нөхцөлд тодорхой давтамжтай хийхэд ерөнхий хатуулаг 100 хувь, кальци магни 100 хувь, хлор 53 дахин, эрдэсжилт болон цахилгаан дамжуулах чанар 43 дахин, гидрокарбонат гурав дахин буурсан үзүүлэлт гарчээ. Ингэснээр ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих стандарт шаардлагыг хангаж байгаа юм. Төслийн туршилт амжилттай хэрэгжсэн тул Хилийн 0166 дугаар ангийн нэн шаардлагатай дахин нэг салбар, Хилийн 0131 дүгээр ангийн хоёр салбарт 70 сая төгрөгийн өртөгтэй гурван төхөөрөмжийг энэ жил суурилуулж байна. Бид Хилийн 0131 дүгээр ангийн 0154 дүгээр салбарт ундны усны цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулах үед нь бодит байдал дээр хэрхэн үр дүнгээ өгч буй талаар болон цаашид хилчдийг эрүүл аюулгүй ундны усаар хангах боломж бий эсэхийг тодруулахыг зорьсон юм.

Тус салбарыг сонгох болсон шалтгаан нь ундны усны бүтэц бусдаасаа арай муу. Шууд хэрэглэх боломжгүй юм. Ер нь говь цөлийн ундны ус нь газар зүйн онцлогоосоо шалтгаалаад эрдэсжилт өндөртэй унд ахуйн усанд кальци магнийн давс их агуулагддаг. Тэгэхээр говь цөлийн бүсийн хилчид ундны усаа хэрхэн зохицуулж хэрэглэж ирсэн бэ гэдэг асуулт тун чухал. Төхөөрөмж тавихаас өмнө энэ заставын бие бүрэлдэхүүн худалдааны таван литртэй ус хэрэглэдэг. Нэг литр усыг 100 төгрөгөөр худалдаж авдаг. Сард дунджаар өрхийн ундны усны хэрэгцээнд 60-100 мянган төгрөг зарцуулдаг байна. Энэ мөнгийг тэд өөрсдийн халааснаасаа гаргадаг. Харин бусад хэрэгцээний ундны болон ахуйд хэрэглэх тохиолдолд сайн буцалгаж хэрэглэсээр өдийг хүрчээ. Тус салбарт ХХЕГ-ын мэргэжлийн хяналтын хэлтэс, Хилийн цэргийн төв лаборатори болон Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн төвтэй хамтран хийсэн ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулснаар өөрсдийн хэрэгцээ шаардлага, нийлүүлэлтийг бүрэн хангасан ундны цэвэр усаар бүрэн хангах боломж бүрдэж байгаа юм. Энэ төхөөрөмж нь Хил хамгаалах байгууллага болон Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн хилчдийн ахуй нөхцөлд тааруулсан, Монгол орны түүхий эдийг ашиглаж хийсэн төсөл, инновац гэдгээрээ онцлог. 

Импортын ус цэвэршүүлэх төхөөрөмж зах зээлд олон бий. Үүнээс гадна ус цэвэршүүлэх төхөөрөмжийн гол хүчин зүйл нь шүүлтүүр байдаг. Хэдий сайн чанарын төхөөрөмж аваад шүүлтүүрийг тухай бүрт нь сольж чадахгүй бол нян үрждэг байна. Нянгаар үржсэн ундны ус эргээд хүний биед хор болох нь тодорхой. Мөн импортын төхөөрөмжийн нэг шүүлтүүр 13-18 сая төгрөгийн өртөгтэй байдаг. Ус цэвэршүүлэх төхөөрөмжийн шүүлтүүр гурав болон түүнээс дээш байдаг гээд тооцвол төдий хэмжээгээр үржигдэх тоо гарна. Тэгвэл хилийн салбарт зориулсан дунд оврын, цагт 200 литр ус гаргах хүчин чадалтай энэ төхөөрөмж нь таван шатлалт шүүлтүүртэй, мөнгөжүүлсэн ус гарах боломжтойгоороо онцлог юм. Мөн шүүлтүүрийн хувьд Монгол орны түүхий эдээр хийсэн учир тухайн газар орны онцлогт тохируулан хийхээс гадна таван жилийн хугацаанд үе шаттайгаар шүүлтүүрийг солих боломжтой юм. Мөн үндсэн төхөөрөмж нэг бүрийн өртөг 26 сая төгрөгөөр төсөвлөсөн хэдий ч Шинжлэх ухаан инновац хөгжлийн төв хилчидтэй хамтран ажиллах урам зориг дүүрэн байгаа тул хямдруулж 23.3 сая төгрөг болгохоос гадна 18 сарын баталгаат хугацаа өгч байгаа гээд олон давуу талтай.

Хилийн 0131 дүгээр ангийн 0154 дүгээр салбарын бие бүрэлдэхүүний хувьд ундны цэвэр усаар хангасан явдал нэг талаасаа мөрөөдөл нөгөө талаасаа зүүд мэт санагдаж байгаагаа нуугаагүй юм. Тэдний хувьд уух усандаа тогтмол хязгаар тогтоож, хүссэн үедээ ууж чаддаггүй байсан нь үнэн. Хилийн салбарын нэг том гишүүн бол хүүхдүүд байдаг. “Ус ууя, ус ууя” гэж шулганалдах бяцхан хилчдийн хувьд эх орондоо хэрэгтэй, эрүүл иргэн болж төлөвшихөд ус чухал. Эцэг эхийн сэтгэл ч дагаад амгалан болж байгаа юм. Энд зөвхөн говь цөлийн бүсээс гадна тал хээрийн бүсийн хилчдийн ундны усны асуудлыг орхиж болохгүй. Хилчдийн алба үйл ажиллагаа явуулж буй газар орны ундны усанд шинжилгээ хийхэд  28.5  хувь нь ундны усны шаардлага хангахгүй гэсэн лабораторийн дүгнэлт гарчээ. Гэтэл бид дөрөвхөн салбарыг цэвэршүүлэх төхөөрөмжөөр хангаад байна. Цаашид үе шаттайгаар монгол хүний ур ухаан, түүхий эдээр бүтсэн энэ төхөөрөмжийг  тухайн газар орны тогтоцод нийцсэн ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр хангаж, нутагшуулж чадвал дунджаар таван жилийн дотор хилчид эрүүл аюулгүй ундны усаар хангагдах боломж бүрдэж байгаа юм. Олон мянган хилчин ундны цэвэр усаар сэтгэл амгалан хангагдах боломжийг тэсэн ядан хүлээж байна. Хил хамгаалалт гэдэг 24 цаг тасралтгүй үргэлжилж, хилийн буйдхан заставт дөнгөж төрсөн нярайгаас хил хамгаалалтад хүчин зүтгэх тангараг өргөсөн хилчид бий. Эрүүл хилчин байж гэмээнэ эх орны амар тайван байдал оршин буй  биз ээ.

ХХЕГ-ын Хилийн цэргийн төв лабораторийн дарга, ахмад Т.Туул “Бидний хамтран хэрэгжүүлж буй ундны усны төсөл амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна. Энэ төхөөрөмж хил хамгаалах байгууллагад бүрэн нутагшиж чадвал бүх анги, салбар бүрэн хангагдах боломжтой. Хилийн салбар, харуулд зориулсан, газар усны онцлогт тохируулсан технологи гаргаж авна гэдэг том дэвшил, инновац юм. ХХЕГ-ын Хилийн цэргийн төв лаборатори хилийн анги, салбарын ундны усанд тогтмол шинжилгээ хийдэг. Шинжилгээгээр ундны усны шаардлага хангахгүй салбар, цаашлаад харуулын байрыг цэвэр усаар хангах зорилго тавьж байна. Бид ундны цэвэр усны төхөөрөмж тавьсан салбар бүрийг сар, гурав, зургаа, жил гэсэн шатлалаар тогтмол усны дээжид шинжилгээ хийж хяналт тавьж байгаа. Ингэснээр ус цэвэршүүлэх төхөөрөмж хэр ажиллаж байна, аль шүүлтүүрийг нь солих шаардлагатай байна гэдэгт байнгын хяналт тавиад явна. Ус цэвэршүүлэх төхөөрөмжид шүүлтүүр маш чухал. Импортын ус цэвэршүүлэх төхөөрөмжийн шүүлтүүрүүд нь үнэтэй байхаас гадна олдоц муу байдаг. Харин төхөөрөмжийн шүүлтүүрийг өөрийн эх орны түүхий эдээр бүтээж байгаа учир шаардлагатай үед нь солих боломжтой гэдгээрээ давуу талтай. Энэ төслийг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, ХХЕГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Тунгалагдулам, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа О.Бадмаа, Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн төвийн хамт олон, эрдэмтэн докторууддаа нийт хилчдийнхээ өмнөөс талархал  илэрхийлье” гэсэн юм.

Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн төвийн зөвлөх, доктор Ж.Оюунцэцэг “Миний хувьд 20 гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийж байна. Энэ хугацаанд цөөн тооны төсөл бодит биеллээ олж бусад нь цаас болон үлдсэн гашуун түүх олон. Харин хил хамгаалах байгууллага хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх гарц гаргалгаа бодит болгох, инновацийг дэмжих тал дээр шуурхай ажилласан. Ийм богино хугацаанд үр дүнгээ өгч байсан төсөл дээр ажиллаж байсангүй. Миний хувьд энэ төсөл дээр ажилласнаас хойш эх орноо, хилчдийг илүү их хайрлах сэтгэл төрсөн. Тиймээс хилчдийг эрүүл аюулгүй ундны усаар хангах боломжит бүх аргыг судалж, нэвтрүүлэхийг хүсэж байна. Энэ олон жил судалгаа хийснийхээ үр шимээс хүртээж байгаад баяртай байна. Инновац, технологи гэдэг бол үргэлж хамтын бүтээл байдаг. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн төвийн тэргүүн Р.Лхагважав, Монголын инженерүүдийн холбооны инженер Баатар, Шагдаржав, Төрхүү болон техникч Л.Цогтмайдар нарын ур ухаан шингэсэн. Бид зөвхөн хилийн салбарт биш цаашлаад харуулын байранд зориулсан тог ашиглахгүйгээр ундны усыг цэвэршүүлж болох технологи дээр ажиллаж байна. Бидний хүсэл хилд үүрэг гүйцэтгэж буй хилчин бүр цэвэр аюулгүй ундны усаар хангагдаасай гэж хүсэж байна” гэв.

Хилийн 0131 дүгээр ангийн 0154 дүгээр салбарын дарга, ахлах дэслэгч А.Шинэбаатар “Манай салбарыг сонгож, биднийг цэвэр, аюулгүй ундны усаар хангаж өгсөн ХХЕГ-ын удирдлагууддаа талархаж байна. Салбарын хувьд ундны усыг хэрэглэж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Гэхдээ бид өөрсдийн нөөц бололцоог ашиглаж өдийг хүртэл ундны усны асуудлаа шийдэж ирсэн. Салбарын даргын хувьд нэг том сэтгэл зовоосон асуудал ийн шийдэгдсэнд баяртай байна. Бусад салбар ийм сайхан цэвэр усаар хангагдаасай” гэж байв.  

Хилийн 0154 дүгээр салбарын тогооч А.Зууннаст “Манай салбарын усыг мэргэжлийн хүмүүс хатуулаг ихтэй гэж тодорхойлсон. Бид ундны усаа худалдаж авч уудаг. Харин бусад ахуй хэрэгцээндээ усаа сайн буцалгаж хэрэглэдэг. Энэ усыг буцалгах үед савны ёроол хужиртаад  цагаан болохын зэрэгцээ хэврэг болчихдог. Бидэнд өнгөлөг хувцас гэж байдаггүй. Учир нь энэ усаар хувцсаа угаахаар өнгө нь гандчихдаг” гэж байлаа.

Хилийн 0154 дүгээр ангийн Ариун цэврийн зааварлагч Д.Урангоо “Бид сая цэвэршүүлэх төхөөрөмжөөс гаргаж ирсэн усыг ууж үзлээ. Үнэхээр сайхан санагдаж байна. Өмнө нь бидний хэрэглэж байсан ус хоолой дээр гашуу оргисон, бэлбэгнэсэн мэдрэмж өгдөг учир уух хүсэл төрдөггүй байсан. Одоо энэ усыг сайхан залгиж уухад таатай байна. Мөн хүүхдүүд маань ийм сайхан цэвэр усаар хангагдаж, эрүүл аюулгүй өснө гэж бодохоор үнэхээр сайхан байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.11 ПҮРЭВ № 221, 222 (6698, 6699)