Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.

 

-Цар тахлын улмаас Хятадын талаас нүүрс тээвэрлэлтийг удаа дараа зогсоосон. Тэг зогсолтоос хэр их алдагдал хүлээв. Нүүрсний экспортын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Гашуунсухайтаар 300 хүрэхгүй машин гарч байна. Шивээхүрэн боомтоор огт гарахгүй байгаа. Хятадын талаас өвлийн олимп хүртэл чангалах төлөвтэй байгаа учраас компаниуд ажилчдаа цөөлөх арга хэмжээ авч байна. Уул уурхайн том техник зээлээр авчихсан, хөрөнгө оруулалт хийчихсэн компаниуд бий. Санхүүгийн зардал их гарч байгаа. Ажилчдаа жил гаруй хугацаанд 60 хувийн цалинтай сул зогсоосон.

-Саяхан “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлгээр салбарынхан асуудлаа ярилцаж жишиг үнийг бодит бус хөөсөрсөн үнээр тогтоож байна гэсэн. Жишиг үнийг яаж тогтоох нь зөв бэ?

-Жишиг үнийг нүүрсний ангиллын стандарт, Хятадын нүүрсний Sxcoal.com сайтаас тогтоодог журамтай. Манай улс нүүрсийг ислэг, коксжих чанараар нь 20 гаруй төрлөөр ангилдаг. Гэхдээ 3-4 ангиллаар багцлан жишиг үнэ тогтоодог. Ерөнхийдөө “залхуу” үнэ. Боомт бүрийн хоорондын зай, нүүрс өөр байхад адилхан үнэ тогтоодог. ААН-үүд үнийг бага тавиулахдаа биш бодит болгох хүсэлтийг олон жил тавьж ирсэн. Зах зээлд нүүрсний үнэ ойролцоогоор 300 ам.доллараар нэмэгдэхэд Цагаанхадаас хил хүртэл 30 гаруй километрт нэг тонн нүүрсний тээврийн өртөг дагаад 300 ам.доллараар нэмэгддэг. Зах зээлд зарагдаж буй үнэтэй тээврийн зардал нь пропорционалиар өсөөд байгаа учраас компаниудад зах зээлийн өсөлт нөлөөлдөггүй. Гэсэн хэрнээ тээврийн зардалдаа бүх үнийн өсөлт нь шингэчихсэн өндөр үнээр тооцож компаниудаас АМНАТ авдаг. Жишээлбэл, коксжих нүүрсийг уурхайн аман дээр нэг тонныг 127 ам.доллараар зарж байхад Сангийн яам 440 ам.доллараар тооцож АМНАТ авна гэж байгаа юм. Тайлбар нь зах зээлд нүүрс өссөн гэдэг. Тээврээ хариуцаагүй уурхайгаас зах зээлийн өндөр үнээр АМНАТ авах нь ААН-үүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хааж байна. Түүнчлэн газрын гадаргад ойрхон, агаар, ус бороонд өгөршсөн бутарсан, нурмаг исэлдсэн нүүрс гэж бий. Тухайн нүүрс нь коксжихгүй, гэхдээ сайн шатдаг. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компани уурхайн амнаас 13 ам.доллараар зардаг ч 13 ам.долларын АМНАТ-тай. Зах зээлд эрчим хүчний исэлдсэн нүүрс 130 ам.доллар болохоор тэр. Ийм өндөр татвар авахаар нүүрсний компаниуд исэлдсэн эрчим хүчний нүүрсээ борлуулахаа болино. Гэвч байгальд нүүрс холилдсон байдалтай, үүнийг нийтээр нь зарахгүй бол газрын баялаг дутуу ашиглагдана. Зөвхөн коксжих нүүрсээ олборлож борлуулаад байвал уурхайг тэлэх, ашиглах боломжгүй болдог.  Мөн исэлдсэн нүүрсийг удаан байлгахад өөрөө шатдаг эрсдэлтэй. Нөгөө талаараа Монгол Улсад байгалийн баялгийг хаягдалгүй иж бүрнээр нь ашиглах бодлого бий. Байгалийн баялаг нь ард түмний өмч учраас ашигтай, ашиггүйгээс үл хамааран олборлосон бол АМНАТ төлөх ёстой. Гэхдээ АМНАТ нь бодлоготойгоо уялдаатай байх хэрэгтэй. АМНАТ буруу байгаа учраас байгалийн баялгийг иж бүрэн ашиглах бодлого хэрэгжихгүй.

-Одоо манай улс 10 хувийн АМНАТ авдаг. Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

-Австралид 90 ам.доллараар нэг тонн нүүрс зардаг байж байгаад 120 ам.доллараар зарвал 90 ам.доллар хүртэл нь нэг хувь, 90-ээс 120 ам.долларын зөрүү 30 ам.долларт нь өндөр АМНАТ ногдуулдаг. Түүнээс биш 120 ам.доллараас нийтээр нь тооцдоггүй. Тэгэхээр өндөр үнээр зарвал компани, улс аль алинд нь ашигтай. Монголд өндөр үнээр зарвал нийт үнээс нь тооцдог. Энэ бол буруу бодлого. Нэмэгдсэн үнээс нь өндөр АМНАТ төлөөд суурь нь тогтмол байдаг тогтолцоотой болох ёстой. Муу нүүрсээ хаяад сайн нүүрсээ зарахад хүргэдэг. Байгалийн баялгийг иж бүрэн ашиглахын эсрэг мэт АМНАТ-ын бодлого байж болохгүй. Өөр нэг асуудал нь АМНАТ бага төлөх зорилгоор компаниуд нүүрсний үнийг гэрээнд хямд бичээд Хятадын талтай тохиролцож цаанаа үнэтэй зардаг гэсэн хардлага бий. Энэ бол 20 жилийн өмнөх үзэгдэл. Одоо нүүрсний компаниудын үйл ажиллагаа тогтворжиж төртэй тогтмол, урт хугацаанд ажиллах сонирхолтой. Хэрэв тэгж хардаж байгаа бол хилээр гарч буй нүүрсний борлуулалтын үнийн хамгийн өндөр үзүүлэлтийг жишиг үнээр тооцож болно. Энэ нь одоо тогтоож байгаа үндэслэлгүй тооноос арай илүү үнэнд дөхнө. Мөн уул уурхайн биржтэй болбол жишиг үнэ зөв тогтох тул ААН-үүд эерэг хүлээлттэй байгаа. Гэхдээ одоогийн зохицуулалтаараа байвал бирж байгуулсан ч үр дүнгүй.

-Манай гол худалдан авагч Хятадад нүүрсний эрэлт өндөр, дэлхийн хэмжээнд ханш ч өсөлттэй байна. Гэтэл манай улс алтан боломжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа. Нүүрсний экспорт дээр гарч буй гол алдаа?

-Бодлогын шатанд төрөөс тээвэр, логистикийн асуудлыг зөв зохицуулж чадахгүй байна. Компаниуд борлуулалтгүй, хүнд байдалтай байхад дээрээс нь шударга бус АМНАТ тавьж байгаа нь том асуудал. Энэ нь зарим төрлийн нүүрсний борлуулалтаа зогсоож нөөц боломжоо шавхахад хүргэж байна. “Энержи ресурс” компани гэрээт тээвэрт 260 орчим юанийн санал тавихад нэг ч тээвэр оролцоогүй учраас өөрсдийн машинаар хэвийн өртгөөр тээвэрлэж байгаа. Шивээхүрэнгээс Нарийнсухайтын нүүрсийг 250-300 юаниар тээвэрлэж байна. Гэтэл наана нэг тонн нүүрсний богинын тээврийн өртөг 2100 юань болсон. 1000 машин тээвэрлэх нүүрсэнд 5000 машин очоод бөөгнөрчхөөд байна. Тэгэхээр эргэлт тав дахин удааширч тэр хэрээрээ түлш, зардал өндөр гарч байгаа. Үүнээс болж тээврийн үнэ өсдөг. Мөн C зөвшөөрлийг хил дээр дараалал үүсгэхгүйн тулд 2017 оноос өгч эхэлсэн ч одоо замбараагүй олгодог болсон. Үүнийг тойрсон авлигын асуудал ч үүсдэг. Мөн тээвэрчдийн 150 ээлжийг тусгаарлах, шинжилгээ авах олон ажил байна. Олуулаа шавчихсан учраас халдварыг хяналтдаа авч чадахгүй, халдвараас болоод хилээр нүүрс гарахгүй байгаа юм. Тэнд жижигрүүлсэн улс үүсчихээд гаалийн дараалалд зогсоход хүртэл авлига, мөнгөний асуудал үүсэж төвөгтэй байдал бий болж зардал өсөж байна. Үүнд төр зохицуулалт хийж чадаагүйгээс компаниуд төдийгүй улсаараа орлогоо алдлаа.

-Нүүрсний экспорт тогтворгүй байхад ирэх жил манай улс 36.7 сая тонн нүүрс экспортолж чадах уу?

-Компаниуд 80 гаруй сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Хилээр гаргаж чадах дээд хэмжээ ойролцоогоор 50 сая тонн. Гэхдээ Хятад гаднаас 70 гаруй сая тонн нүүрс авдаг. Үүний талыг Монголоос авах уу гэдэг асуудал байна. Зах зээл хязгаарлагдмал, нийлүүлэх сонирхолтой олон улс байгаа учир Хятадын талтай зөвшилцөх ёстой. Тээвэртээ зөв зохицуулалт хийж чадахгүйгээс 30 километр газрын “хар нүхэнд” их хэмжээний орлого, боломжоо алдсаар байгаа. Гэтэл тэр зөрүүгээ нүүрсний компаниудад нааж байна. Зохион байгуулалтын асуудлаа шийдэх гарц нь чингэлэгт тээвэр. Чингэлэгт тээврийг Гашуунсухайт боомтын наана гурван компани бариад дууссан ч ажиллаж эхлээгүй. Шивээхүрэнгийн боомтод чингэлэгт тээврийг нэвтрүүлэхээр хувийн хэвшлийнхэн нэмэлт хаалга барьж улсад хүлээлгэн өгсөн. Гэсэн ч Монголын талаас Хятадын талтай хэлэлцэж тохироогүй учраас ашиглалтад ороогүй байгаа. Тохироо хийвэл талбайгаа бэлдээд чингэлгээр тээвэрлэхээр хүлээж байна. Тээврийн дэд бүтцийн асуудлыг төр шийдчихвэл экспорт жигдэрнэ. Төр өөрийн ажлаа хийж чадаагүйгээс үүссэн алдагдлаа хувийн хэвшлээс авах нь утгагүй. Төр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт биш зөвхөн тээврийн зохион байгуулалтаа зөв шийдэхэд л нүүрсний өсөлтөөс олох боломжтой орлогоо улсдаа оруулж чадна. Ирэх жилд нүүрсний өсөлт үргэлжлэх учраас зохион байгуулалтаа шуурхай сайжруулж боломжоо ашиглах хэрэгтэй. Өнгөрсөн оны хагаст Монголын нүүрсний экспорт 50 хувиар буурахад Австралийнх 50 хувиар нэмэгдэж байсан. Энэ жил ОХУ-ынх 50 хувиар нэмэгдэж манайх 50 хувиар буурсан. Энэ алдаагаа ирэх жилүүдэд нөхөхгүй бол манай улсын байр суурь улам суларна. Улс зохион байгуулалтаа зөв хийж чадвал өрсөлдөөнд оролцоход манайд олон давуу тал бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.10 ЛХАГВА № 220 (6697)