Р.ОЮУН
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор театрын урлагт 40 жил зүтгэж яваа Урлагийн гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат ажилтан, СУИС-ийн хүндэт профессор, УДЭТ-ын захирал Дарамсэдийн Цэрэнсамбууг урьж ярилцлаа.
-УДЭТ 90 жилийн ойтойгоо золгож байна. Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театр үүссэн талаар яриагаа эхэлье?
-Нүүдэлчин соёлт Монгол Улсын оюуны ертөнцөд шинэ соёл, шинэ хандлагын үрийг тарьсан УДЭТ үүсэж хөгжсөн 90 жилийн түүхэндээ нийгмийн хөгжлийн үнэт зүйлс төлөвшихөд хувь нэмрээ оруулж, оюуны хөтөч байх үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Монголын театрын урлаг цэцэглэн хөгжсөн энэ он жилүүдэд соёлт хүн төрөлхтний оюуны санд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, нийгмийн амьдралын толь болсон 500 гаруй бүтээлийг их тайзнаа амьдруулж, дэлхийн театрын хөгжлийн түвшинд хүрсэн мэргэжлийн урлагийн байгууллагыг бий болгож чаджээ.
Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театр үүсч хөгжсөн түүх нь үе үеийн авьяас билэгт уран бүтээлчдээс гадна театрыг удирдан зохион байгуулж байсан бодлого боловсруулагчид, театрын зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, төр засаг үзэгч минь олны хамтын зүтгэлийн үр дүн билээ. Манай театрын ой бол Монголын ард түмний соён гэгээрэл, оюун сэтгэлгээний баяр юм. 90 жилийн түүх гэдэг бол зөвхөн нэгэн байгууллага, театрын түүх бус юм. Монголд орчин цагийн мэргэжлийн театрын урлагийн төдийгүй монголчуудын оюуны соёл, уран сайхны сэтгэлгээ, урлаг, гоо зүйн боловсролд гарсан хувьсгал өөрчлөлт, дэвшил хөгжлийн түүх юм. Иймд мэргэжлийн урлагийн байгууллагуудын гал голомт болсон тус театрын түүхэн хөгжлийнхөө явцад нийгэм, соёлын салбарт оруулсан хувь нэмэр хийгээд бүх цаг үед ард түмнийхээ оюуны хөтөч нь байх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн манай байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, уг асуудлыг анхааралдаа авч холбогдох дээд шатны байгууллагаас зөвшөөрөл олгосон тогтоол шийдвэрийг гаргуулахад гүн туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүсье.

-Танай хамт олон 90 жилийн ойгоо угтаж ямар ажлууд хийж байна вэ?
-Манай хамт олон түүхэн ойгоо угтаж олон сайхан ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжгийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болголоо. Мөн 90 жилийн ойдоо зориулж “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэнг өнөөдөр олон түмэндээ толилуулж байна. “Эрдмийн театрын элэгдэшгүй түүх”, “Алтан тайзны эзэд-2” гэсэн хоёр номыг уншигчиддаа хүргэлээ. Мөн “Театр-90” эрдэм шинжилгээний бага хурлыг маргааш зохион байгуулна. Ингээд яриад байвал олон зүйлийг хэлж болохоор байна.
-Та хэдэн онд их театрын босгыг давж, бодлогыг нь тодорхойлолцож эхэлсэн бэ?
-Баянхонгор аймгийн театрт гурван жил ажиллаад шилжин ирж Соёлын яаманд ажлаа тайлагнахад яамны Боловсон хүчний хэлтсийн дарга Ч.Балчиндорж гуай хүлээж аваад “Баянхонгорт хэрхэн ажилласан талаар чиний материал, тодорхойлолттой бид танилцсан. Чи их сайн ажилласан байна лээ. Чамайг бид ажилд томилохоор ярилцаж байгаа” хэмээн Хүүхэд залуучуудын театрын дарга, Хүүхэлдэйн театрын дарга, Драмын театрын орлогч дарга гэсэн гурван албан тушаалаас аль нэгийг нь санал болгоход Эрдмийн театрынхаа орлогч даргын албан тушаалыг сонгон, 1988 оны долдугаар сарын 16-нд томилогдож ирснээр их театртаа ажиллаж эхэлсэн. Тэр үед театрын урын сангийн бодлого төлөвлөлт нь нийгэм, цаг үетэйгээ нийцсэн утга агуулгатай хэдий ч дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, хошин, орчин үеийн болон хүүхэд залуучуудын 2-3 жүжгээр урын сангаа тогтмол баяжуулж, театр өөрийнхөө байранд тоглохын зэрэгцээ жил бүрийн хавар, намрын улиралд урлагийн бригадаар 30-45 хоногийн хугацаатай хөдөө орон нутагт явж, ард иргэдэд соёл урлагаар үйлчилж, театрын урлагаа сурталчилан орлогын төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлдэг, өөрийн гэсэн үзэгчидтэй, соёл урлагийн салбартаа манлайлагч хамт олон байсан.

төлөвлөлтөөр хийж байсан уран бүтээлүүдээс гадна
чөлөөт уран бүтээлчдийн арилжааны, гэрээт жүжгүүдийг
өөрийн театрын тайзнаа найруулан тавих боломжийг олгон,
харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулж байсан.
-Театрын орлогч даргаас даргын албанд хэзээ томилогдсон бэ. Мөн анхны хийсэн ажил тань юу байв?
-Б.Зориг дарга хүндэтгэх шалтгааны улмаас 2001 онд театрын даргын ажлаас чөлөөлөгдөж, БСШУЯ-ны сайдын тушаалаар миний биеийг театрын даргаар томилон ажиллуулсан. 1985 оноос хойш хот, хөдөөгийн театруудтай ажил амьдралаа холбож 10 гаруй жил театрын орлогч, байрны захиргааны даргаар тасралтгүй ажилласан. Ажлын зохих дадлага туршлага хуримтлуулсан хэдий ч театрын захирлаар томилогдсон тушаал хүлээж аваад хариуцлага илүү ихээр үүрэх болсноо мэдэрч, хамгийн түрүүнд өөрийн багийг бүрдүүлэх, өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тухайн цаг үеийн төр, засгийн бодлого, хууль, дүрэм журамд нийцүүлэн маркетинг менежментээ төлөвлөх, гадаад харилцаагаа өргөжүүлэх, зардал мөнгө олох, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөө шинэчлэх, театрын байранд засвар тохижилт хийх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, ажилчдынхаа нийгмийн асуудалд дэмжлэг туслалцаа үзүүлэх олон асуудалтай нүүр тулж билээ.
Б.Зориг дарга ажиллах хугацаандаа Уран сайхны удирдагчийн ажлыг хавсарч хийдэг байсан тул нэн тэргүүнд театрын Уран сайхны удирдагчаар ажиллах хүнийг олох шаардлагатай болсон. Театрын Уран сайхны удирдагч гэдэг мэдлэг боловсрол, дадлага туршлага гээд олон чадварыг шаарддаг, маш хариуцлагатай ажил. Олон хүнийг бодсон, хүмүүстэй ч санал бодлоо солилцож өмнө нь Уран сайхны удирдагчаар олон жил ажилласан Н.Сувд багшийг урьж уулзан Уран сайхны удирдагчаар ажиллах санал тавьж байсан. Тэр үед Сувдаа багш “Чи хэрэв надад итгээд, баг болж хамтарч ажиллая гэж байгаа бол би татгалзахгүй ээ. Өмнө нь хийгээд болж байсан юм” гэж хэлж билээ. Миний санал, хүсэлтийг татгалзалгүй хүлээн авч, театрын урлагтаа хоёргүй сэтгэлээр дахин зүтгэсэнд нь би талархаж явдаг.
-УДЭТ 1990 оны нийгмийн шилжилтээс хойш багагүй бэрхшээлийг туулсан байх. Үүнийг яаж даван туулсан бэ?
-Тийм ээ. УДЭТ маань өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд багагүй бэрхшээлийг туулсан. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа алдагдсан нийгэм, улс төрийн амаргүй цаг үед театрыг хүлээн авч, мэргэжлийн урлагийн анхдагч байгууллага хамт олныг шинэ зуунд зангидан, нэр төртэй авч явахад мэдлэг боловсролоос гадна ажлын дадлага туршлага, тэвчээр хатуужил, хамт олныг удирдаж чиглүүлэх ур ухаан, тооцоо судалгаа гээд олон талын чадвар шаардаж байлаа. Шилжилтийн он жилүүдэд бид театрын урын сангийн бодлого, төлөвлөлтөөр хийж байсан уран бүтээлүүдээс гадна чөлөөт уран бүтээлчдийн арилжааны, гэрээт жүжгүүдийг өөрийн театрын тайзнаа найруулан тавих боломжийг олгон, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулж байсан. Тухайлбал, “Би эрчүүдийг хүснэ”, “Жаргах гэж дурладаг уу”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Антигона” жүжгийг тоглосноор үзэгчдийнхээ урсгалыг эргүүлэн татаж, уран бүтээлчдийг бие даан бүтээл хийхэд дэмжлэг үзүүлсэн чухал алхам болсон. Театрын орлогч дарга, захирлаар ажилласан 40 гаруй жилийн хугацаанд зохиолчид, найруулагчид, зураачид, хөгжмийн зохиолчид, маркетинг менежментийн багийнхан, уран бүтээлчид, тайз гэрэл, үйлчилгээ арын албаныхантайгаа хамтран ажиллаж, продюссерын үүргээ гүйцэтгэн, нэг талаар энэ хүмүүстээ үйлчилж, уран бүтээл хийх орчин нөхцөлөөр ханган, дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, хүүхэд залуучуудын, орчин үеийн гээд олон төрөл жанрын бүтээлээр театрын урын санг баяжуулан, үзэгч түмнийгээ соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэж яваадаа баяртай байдаг.
-Мэдээж энэ том айлыг авч явахад хамтран ажиллаж байсан дарга, найруулагч, ахмадуудаас их зүйл сурч, мэдсэн байх?
-Тэгэлгүй яах вэ. Г.Доржсамбуу багш маань 1994 онд театрын даргын ажлаа өгөхөөр болж театр судлаач, найруулагч Б.Зориг гуай даргаар томилогдон ирж, би мөн л орлогч даргаар нь ажилласан. Ингэж би театрын орлогч даргаар 10 гаруй жил ажиллахдаа Соёлын гавьяат зүтгэлтэн А.Таяа, Г.Доржсамбуу, Б.Зориг нартай хамтран ажиллаж тэднээс их зүйлийг сурч, ирээдүйд театраа удирдан авч явах бэлтгэл хүчин, залгамж халаа болсондоо талархаж, бахархаж явдаг. Театрын даргаар ажиллах хугацаандаа өөрийн сэтгэхүйн онцлог, зан авир, байгалиас заяасан авьяас чадвар, мэргэжил, мэдлэг боловсрол, ур ухаан, идэвх зүтгэлээрээ манлайлан мэргэжил нэгт нөхөддөө хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдсэн найруулагчид, ахмадууд, жүжигчид, уран бүтээлчид, арын алба, үйлчилгээнийхэнтэй нэг баг болон 110 гаруй уран бүтээлд хамтран ажиллаж, Монголын драмын урлагийн нэгэн үеийн түүхийг бүтээлцжээ.
-Театрыг удирдах, байнга үзэгчтэй байлгах, ажил үйлчилгээг хэвийн явуулах нь амаргүй ажил байх. Энэ менежментээсээ хуваалцаач?
-Ямар ч ажил мэргэжилтэй, алдар гавьяатай хэн ч байсан хүнээ зөв таньж, хүнийх нь хувьд хүндэлж, жаргал зовлонг нь хуваалцахыг чухалчилдаг. Театрт шинээр тавих уран бүтээлийг сонгох, тайз декорацийн шийдэл, хөгжим чимэглэл, дүр хуваарилах гээд эх зохиогч нартаа эрх чөлөөг нь олгодог. Тэднийхээ ажилд би хөндлөнгөөс оролцоод байдаггүй дээ. Ерөнхий продюссерын хувьд хөрөнгө санхүүг нь бүрдүүлж өгөх гээд л ажил хийх орчин нөхцлийг нь бүрдүүлж өгдөг. Аливаа хамт олныг удирдахад тэр тусмаа, хууль дүрэм, журам хэрэгжүүлж мөрдөхөөс эхлээд төрийн байгууллагын шалгуур өндөр. Театрынхаа үе үеийн удирдлагын баг, хамт олноо удирдан зохион байгуулж, дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэн, идэвх зүтгэл, үр бүтээлтэй хамтран ажиллаж, өдөр тутмын ажил үйлчилгээг хэвийн явуулснаар Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх, оюуны хөтөч нь байх эрхэм үүргээ манай хамт олон амжилттай хэрэгжүүлж, театрын урлагийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар явна.
Байгууллагынхаа дөрөв, найман жилийн урт хугацааны стратеги төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан эрхэм зорилго, алсын хараа, хөгжлийн зорилго, зорилтуудаа тодорхойлон ажиллаж, маркетинг менежментийн олон талт ажлыг зохион байгуулан гүйцэтгэл үр дүн, ажил үйлчилгээний чанарт анхаарч байна. Маркетингийн удирдлага нь байгууллагын стратеги, бүтэц, бодлого төлөвлөлт, эрх мэдлийн хуваарилалт, удирдах болон гүйцэтгэх албаны ур чадвар гэсэн байгууллагын дотоод хүчин зүйлээс хамааралтай байдагт онцгой анхаарч, маркетингийн албаа шинээр байгуулан ажилласан. Мөн мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анхлан ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн өдөр тутмын ажил үйлчилгээг хэвийн явуулж байна.
-Та сүүлийн 20 гаруй жил театрын даргаар тасралтгүй ажилласан байна. Энэ хугацаанд хийсэн ололт, амжилтынхаа талаар хуваалцахгүй юу?
-Тоо худал хэлдэггүй биз дээ. 2001 онд жилд 20 орчим сая төгрөгийн орлого олдог байсан бол өнөөдөр энэ орлогыг нэг удаагийн тоглолтоос олж байна. Сүүлийн 20 жилд театрын маань үндсэн үйл ажиллагааны орлого 30 гаруй хувиар өссөн байна. Энэ хугацаанд театр 3000 орчим удаагийн тоглолт зохион байгуулж, нэг сая гаруй үзэгчдэд соёл урлагаар үйлчилж, театрын урлагаа сурталчилахад хувь нэмрээ оруулжээ. Улсын төсвөөс гадна ивээн тэтгэлэг, хандив тусламж, нэмэлт санхүүжилт олох гээд л ерөнхий продюссерын үүрэгт албанд зүтгэж байна.
Засгийн газраас сүүлийн жилүүдэд соёл, урлагийн салбарт оновчтой бодлого, төлөвлөлт хийж байгаа. Тухайлбал, уран бүтээлийн үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлж, Сангийн сайдын тушаалаар үйл ажиллагааныхаа орлогыг өөрөө захиран зарцуулах эрхийг тухайн театрын удирдлага, хамт олонд олгосноор бусдаас “гуйлга” гуйдаг байсан нь түүх болон үлдэж өнөөдөр төрөөс үзүүлж байгаа энэ дэмжлэг туслалцаа нь театрын урлаг хөгжин дэвшихэд бодит нөлөө болсоор байна.
-Шинэ залуу үе болон хүний нөөцөө хэрхэн бүрдүүлж ажилладаг вэ?
-Хүнээ зөв удирдах нь аливаа байгууллагын амжилтын үндэс тул театрын хамт олныг зөв удирдан зохион байгуулж, хөгжил дэвшилд хүргэх гол хүчин зүйлийн нэг хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөө чухалчилж, ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид, үйлчилгээ арын албаныхан гээд театраа бүтэн байлгахыг эрхэмлэн ажиллаж байна. Театрыг зорьж ирсэн залуу уран бүтээлчид, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулан, мэдлэг боловсрол, авьяас, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн, театрт ажиллах залуу хойч үеэ бэлдэхэд анхааран ажиллаж, тэднээсээ ч суралцсаар байна. Театрын олон талт үйл ажиллагааг удирдаж, өдөр тутмын ажлыг хэвийн явуулна гэдэг удирдлагын баг, хамт олны мэргэжил боловсрол, ажлын дадлага туршлага, хариуцлага сахилга бат, эв нэгдэл, хамт олноо гэсэн чин сэтгэлээс хамаардаг ажил юм. Тухайлбал, залуу уран бүтээлчдээ сургаж дадлагажуулах, таньж мэдэхийн тулд “Театр студи”-ийг ажиллуулж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Театрыг нийлмэл нэгдмэл урлаг гэдэг шүү дээ.
-Гадаад харилцааны хувьд?
-Театрын гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор Буриад, Тува, Халимаг, Саха Якут, ӨМӨЗО гэсэн монгол туургатны театртай эртнээс харилцаатай байсан уламжлалаа үргэлжлүүлэн, уран бүтээлчдээ солилцон ажиллаж ирлээ. Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас олон улсын театрын наадмуудад цахимаар оролцож 1-2 хүний жүжгийн төрөлд амжилт гарган шагналт байруудад шалгарсан. Манай уран бүтээлчид ОХУ-ын Якут, Буриад улс, Иркутск, Япон, БНСУ, БНХГУ-д болсон олон улсын театрын наадамд амжилттай оролцон Гранпри болон шагналт байрт шалгарч, олон улсад Монголын театрын урлагийг сурталчилан таниулж байлаа. Дэлхийн 33 орны соёл урлагийн байгууллагын төлөөлөл нэгдсэн БНХАУ-ын “Торгоны зам” олон улсын театруудын холбоонд манай театр гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.
-УДЭТ-ын 90 жилийн ойд зориулан манай уншигчид болон хамт олондоо мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Эрдмийн их театрын гэгээн түүхийг хамтран бүтээлцсэн театрын үе үеийн удирдлага, уран бүтээлчид, ажилтан албан хаагчид, үйлчилгээ, арын албаныхандаа, ажил мэргэжил, зорилго нэгтэй соёл, урлагийн салбарынхан, цаг ямагт хамтран ажиллаж байсан төр, засаг, хамтрагчид, эрхэм үзэгчиддээ түүхт 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.10 ЛХАГВА № 220 (6697)