Б.ОД

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран Улаанбаатар хотноо “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ-2021” үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна.

2018 оны Тогтвортой хөгжлийн зорилго болох Жендэр ба хөгжил  олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэх, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлох, зөвлөмж боловсруулахад  чуулганы зорилго оршиж байна.

“Улаанбаатарын тунхаглал”-ын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд нэвтрүүлэн ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах гэсэн гурван дэд чиглэлээр 21 зорилтыг дэвшүүлсэн.

 Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн Үндэсний Хороо нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөнд тусган амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүнд АХБ-тай хамтран Японы Засгийн газрын санхүүжилтээр 2017-2019 онд “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”, 2019-2021 онд “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслүүд багтаж байна.

Эх сурвалж:www.polit.mn