Н.ДАЯН

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Г.Тогтохбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө танай банкинд байршдаг. Тэр мөнгийг эргүүлж авъя гэхээр танайх өгөхгүй байгаа юм шиг эсвэл тэр санд танай банк их өртэй юм шиг мэдээллүүд их гарсан. Та орлогч захирлын хувьд үүнд тайлбар хэлэхгүй юу?

-Бид НДЕГ, ЭМДЕГ-тай ил тод, маш дэлгэрэнгүй байдлаар уулзаж, өөрсдийнхөө боломжийн талаар танилцуулж байсан. Банкны зүгээс энэ мөнгийг төлөхгүй гэх үндэслэл байхгүй. Өдгөө манай банк Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төлөөд явж байна. Нэмэлтээр төлбөрийн график тохирсон, хуваарийн дагуу төлөлт хийгээд явж байгаа. Эрүүл мэндийн даатгал болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нийлээд 30 тэрбум төгрөг. Түүнээс гадуур хэвлэлээр яриад байгаа шиг 110 тэрбум гэсэн том дүн байхгүй. “Банк төлөхөөс зайлсхийж байна, зугтаж байна” гэх мэт мэдээлэл цахим орчинд их гарч байна. Тийм зүйл байхгүй гэдгийг бид хариуцлагатай хэлье.

-Банкны хөрөнгө оруулагч нартай холбоотой олон мэдээлэл гардаг. Үүнд та албан ёсны тайлбар хэлээч?

-Сошиалаар гарч байгаа гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг би ташаа гэдгийг энэ боломжийг ашиглаад хэлье. Өнөөдрийн байдлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хувь нийлүүлэгчдийн ганц ч зээл, авлага байхгүй. Манай банкийг хувьцаа эзэмшигчтэй холбож, улс төрийн зорилгоор сөрөг, зохиомол мэдээллийг удаа дараа гарган улмаар банкны бизнесийн нэр хүндэд халдах, харилцагчдын манай банкинд итгэх итгэлийг бууруулах сөрөг нөлөөлөл авчирч байсныг энд дурдах нь зүйн хэрэг. Гэвч манай банкны харилцагчид бидний үйл ажиллагаатай өдөр тутам харьцаж байдгийн хувьд бидэнд итгэл хүлээлгэж, өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зүгээс гүнээ талархал илэрхийлмээр байна.

-Банкны салбарын хэмжээнд жижиг гэсэн статустай явж байгаа банкууд “Капитал” банкны араас орох юм биш биз дээ гэсэн болгоомжлол нийгэмд байгаа. Жижиг банкууд дампуурах гэж байна гэх мэдээлэл үе үе гардаг. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурсан эсвэл үйл ажиллагаа нь доголдсон банкны хувь тавиланг давтах уу гэсэн асуултад та юу гэж хариулах вэ?

-“Капитал” банкинд НДЕГ-ын их хэмжээний мөнгө цоожлогдсон. Нэгдүгээрт, тэр мөнгийг манай пассив дээр байгаа НДЕГ-ын мөнгөтэй харьцуулбал бага. Хоёрдугаарт, банк актив дээрээ сайн хөрөнгөтэй байгаа. Энэ хөрөнгийг ойрын хугацаанд он дуусахаас өмнө эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй, дараалсан үе шаттай арга хэмжээ аваад ажиллаж байгаа. Тиймээс Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг “Капитал” банктай харьцуулж болохгүй. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны сайн актив эргэлтэд орж, мөнгөжүүлэх цаг хугацааны асуудал яригдахаас биш “Капитал” банктай зүйрлэж дампуурах асуудал огт байхгүй. Дээр нь “Капитал” банктай харьцуулбал манай хадгаламж эзэмшигчдийн тоо бага, тогтвортой гэж хэлж болно. Гуравдугаарт, Монголбанкнаас тавьдаг шаардлагын дагуу дүрмийн сан нэмэгдвэл яг тэр хэмжээгээр манай санхүүгийн чадавх нэмэгдэнэ. Үндсэн ийм гурван чиглэлээр удирдлагын баг ажиллаж байгаа.

Нэмж хэлэхэд, бусад банктай харьцуулахад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс улс төрийн нөлөө их орж ирдэг. Уг нь олон улсын сонгодог загвараар банкны ажилд хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй. Тус банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байдаг юм. Улстөрчтэй тэмцэлдэж байгаад цаана байгаа олон мянган хадгаламж эзэмшигчийг хохироох вий гэсэн болгоомжлол надад байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.8 ДАВАА № 218 (6695)